Эфэсчүүдэд бичсэн захидал 6:1–24
6 Хүүхдүүд ээ, Бурхны хүсэл таалалд нийцүүлж эцэг эхдээ дуулгавартай бай. Дуулгавартай байхыг Бурхан зөв гэж үздэг.
2 Бурхан та нарт «Эцэг эхээ хүндэл» гэсэн амлалт бүхий эхний тушаалыг өгсөн бөгөөд
3 «Үүнийг биелүүлбэл сайн сайхан амьдарч, дэлхий дээр урт насална» хэмээсэн.
4 Эцгүүд ээ, хүүхдээ бүү уурлуул. Харин Еховагийн* зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүл.
5 Боолууд аа, Христэд дуулгавартай байдаг шигээ эздээ хүндэтгэж, тэднээс эмээж чин сэтгэлээсээ дуулгавартай бай.
6 Зөвхөн хүнд таалагдахыг бодохын оронд нүднээс далд байхдаа ч Христийн боолын ёсоор чин сэтгэлээсээ Бурхны таалалд нийцүүлж бай.
7 Хүний төлөө биш, Еховагийн* төлөө мэт дуртайяа үйлчил.
8 Яагаад гэвэл боол ч бай, эрх чөлөөтэй хүн ч бай, сайн үйл хийдэг ямар ч хүнийг Ехова* шагнана гэдгийг та нар мэддэг.
9 Эзэд ээ, та нар ч энэ зарчмыг баримталж бай. Боолуудаа бүү айлгаж сүрдүүл. Тэдний ч, та нарын ч Эзэн тэнгэрт байдаг бөгөөд хэнийг ч алаг үздэггүйг та нар мэднэ шүү дээ.
10 Эцэст нь үүнийг захья. Агуу хүчит Бурхны ачаар хүчтэй болоорой.
11 Диаволын заль мэхэнд хуурталгүй бат зогсох чадвартай байя гэвэл Бурхны өгдөг хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсгийг бүрэн агс.
12 Учир нь бид хүнтэй биш, төр засаг, эрх мэдэлтнүүд, харанхуй ертөнцийн захирагчид, тэнгэр дэх чөтгөрүүдтэй тэмцдэг*.
13 Иймээс Бурхны өгдөг хуяг дуулгыг өмсөж, зэр зэвсгийг бүрэн агс. Ийнхүү бэлтгэлээ бүрэн базаавал бузар довтолгоог сөрөн бат зогсож чадна.
14 Тиймээс бат зогс. Үнэний бүсийг бүсэл. Шударга сайн явдлын хуягийг өмс.
15 Амар тайвны сайн мэдээг тунхаглахад бэлэн байхын тулд шаахайгаа хөлдөө өмс.
16 Хорон муу нэгний бүх галт сумыг унтрааж чаддаг байхын тулд итгэлийн том бамбайг үргэлж авч яв.
17 Бас авралын дуулгыг өмсөж, Бурхны агуу хүчээрээ өгсөн илд буюу Бурхны үгийг ав.
18 Тухай бүрд нь Бурхны агуу хүчээр удирдуулан янз бүрээр залбирч, шаргуу гуйж бай. Үүний тулд сэргэг байж, бүх ариун хүний төлөө үргэлж, шаргуу гуй.
19 Бас миний төлөө залбир. Тэгвэл зоригтой ярихад минь Бурхан тусалж, би сайн мэдээний ариун нууцыг илчилнэ.
20 Хэрхэн ярих ёстой, тийм л зоригтой яриасай гэж сайн мэдээг тунхаглаж яваа гав гинжтэй элчин сайд миний төлөө залбир.
21 Бидэнтэй хамт Эзэнд үнэнч үйлчилдэг хайрт дүү Тухик та нарт миний тухай, юу хийж байгааг минь нэгд нэгэнгүй мэдэгдэнэ.
22 Бидний ямаршуу байгааг дуулгаж, та нарыг тайвшруулаг гэсэндээ түүнийг та нар луу явуулж байна.
23 Бурхан Эцэг болон Эзэн Есүс Христ ах дүүг маань амар тайван, хайрын сэтгэлтэй, бат итгэлтэй байлгах болтугай.
24 Эзэн Есүс Христийг маань хувиршгүй хайраар хайрладаг бүх хүнийг Бурхан нигүүлсэх болтугай.
Зүүлт
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «барилддаг»