Эхлэл 20:1–18

  • Сара Абимелехээс мултрав (1-18)

20  Абрахам цааш Негев рүү нүүж Кадеш Шур хоёрын дунд суух болов. Абрахам Герарт амьдарч байхдаа 2  эхнэр Сарагаа урьдын адил дүүгээ гэж хэлжээ. Иймд Герарын хаан Абимелех хүн явуулж Сараг авчруулав. 3  Тэгтэл Бурхан шөнө Абимелехийн зүүдэнд ирж «Чи энэ эмэгтэйгээс болж үхнэ. Яагаад гэвэл тэр бол гэрлэсэн эмэгтэй, өөр эрийнх» хэмээн айлджээ. 4  Гэхдээ Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байлаа. Тэрбээр: «Ехова, та ямар ч буруугүй үндэстнийг устгах гэж үү? 5  Абрахам Сараг дүүгээ гэсэн. Сара ч Абрахамыг ахаа гэсэн шүү дээ. Би муу санаа өвөрлөөгүй. Буруу юм хийе гэж бодоогүй» гэлээ. 6  Тэгэхэд жинхэнэ Бурхан зүүдэнд нь «Муу санаа өвөрлөөгүйг чинь би мэдэж байна. Иймээс чамайг миний эсрэг нүгэл үйлдэхээс хамгаалж түүнд ойртуулаагүй юм. 7  Одоо тэр хүний эхнэрийг буцааж явуул. Тэр хүн бол зөнч, чиний төлөө залбирна. Тэгвэл чи үхэхгүй. Харин буцааж явуулахгүй бол чи ч, чиний гэсэн бүх хүн гарцаагүй үхнэ гэдгийг мэдтүгэй» хэмээв. 8  Абимелех өглөө эрт босоод бүх зарцаа дуудаж ирүүлээд энэ бүхнийг ярихад тэд ихэд айжээ. 9  Дараа нь Абимелех Абрахамыг дуудуулж «Та яах нь энэ вэ? Би танд ямар гэм хийсэн гэж та намайг, миний хаант улсыг асар их гэм нүгэлд унагав? Та буруу юм хийлээ» гэж хэлэв. 10  Тэгээд Абрахамаас «Та ямар санаа өвөрлөж ингэсэн юм бэ?» гэж асуухад 11  Абрахам: «Энэ нутгийн хүмүүс Бурхнаас эмээдэггүй тул эхнэрийг минь авах гээд намайг хөнөөнө гэж бодсон юм. 12  Тэгээд ч Сара миний дүү гэдэг нь үнэн. Бид эцэг нэгтэй ч, өөр эхийн хүүхдүүд. Тэгээд би түүнийг эхнэрээ болгосон билээ. 13  Бурхан намайг эцгийн минь гэрээс явуулахаар болоход би Сарад “Хаа явсан газраа намайг ахыгаа гэж хэлж байгаарай. Энэ нь намайг үнэнчээр хайрлаж байгаа хэрэг” гэж захисан юм» хэмээн өчжээ. 14  Абимелех Абрахамд хонь, үхэр, зарц, шивэгчин өгч, эхнэр Сараг нь буцааж өгөв. 15  Тэгээд Абрахамд «Манай нутгаас дуртай газраа сонгоод амьдраарай» гэж хэлжээ. 16  Бас Сарад «Би таны ахад 1 000 мөнгөн шекел өглөө. Энэ нь таныг гэм буруугүй гэдгийг танай хүмүүс болон бусад бүх хүний өмнө батлах тэмдэг болно. Ингэснээр таныг хэн ч муу хэлэхгүй» гэж хэлжээ. 17  Тэгээд Абрахамыг жинхэнэ Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон эхнэр, шивэгчдийг нь эдгээсэн бөгөөд тэд дахин хүүхэд төрүүлэх болов. 18  Учир нь Ехова Абрахамын эхнэр Сарагийн улмаас Абимелехийн гэрийн бүх эмэгтэйг хүүсэр болгосон байжээ.

Зүүлт