Эхлэл 23:1–20

  • Сара нас барав; түүнийг оршуулсан газар (1-20)

23  Сара 127 насалжээ. 2  Сараг Канаан нутагт Хеброн буюу Кириат-Арбад нас барахад Абрахам Сарагийн араас гашуудан уйлав. 3  Абрахам эхнэрийнхээ дэргэдээс босож яван хитчүүд дээр очоод 4  «Би бол та нарын дунд нутаглаж байгаа харь хүн. Та нар эзэмшлээсээ надад газар өгнө үү. Би оршуулгын газар болгоод эхнэрээ оршуулъя» гэж хэлэв. 5  Хитчүүд Абрахамд 6  «Эзэнтэн минь, биднийг сонсоно уу. Та бол Бурхны сонгосон хүн билээ. Манай оршуулгын газруудаас хамгийн сайнд нь эхнэрээ оршуулаарай. Хэн маань ч танаас оршуулгын газраа харамлахгүй» гэцгээжээ. 7  Тэгэхэд Абрахам босож нутгийн хүмүүс буюу хитчүүдэд мэхийгээд 8  «Эхнэрээ оршуулахыг минь та нар зөвшөөрч байгаа бол хүсэлтийг минь хүлээн авч Зохарын хүү Ефроныг ятгаж 9  түүний эзэмшлийн, талбайнх нь захад байдаг Махпелагийн агуйг надад заруулна уу. Би та нарыг байлцуулж байгаад үнийг нь бүрэн гүйцэд төлөөд авъя. Тэгээд оршуулгын газар болгоё» гэж хэлэв. 10  Ефрон хитчүүдийн дунд сууж байлаа. Хит хүн Ефрон хитчүүд болон хотынх нь дааман хаалгаар орж ирсэн бүх хүний өмнө Абрахамд хандан 11  «Эзэнтэн минь ээ, миний хэлэхийг сонсоно уу. Би танд тэр талбайг ч, талбай дахь агуйг ч өгье. Ард түмнийхээ нүдэн дээр танд өгье. Та эхнэрээ оршуулаарай» гэж хэлэв. 12  Тэгэхэд Абрахам нутгийн хүмүүст мэхийгээд 13  хүмүүсийн өмнө Ефронд «Та намайг сонсож болгооно уу. Би талбайн үнийг бүрэн гүйцэд төлнө. Та авах ёстой. Тэгээд би эхнэрээ оршуулъя» гэж хэлжээ. 14  Тэгэхэд Ефрон Абрахамд 15  «Эзэнтэн минь, намайг сонсоно уу. Энэ газрын үнэ 400 мөнгөн шекел*. Гэхдээ би зүгээр өгье. Та эхнэрээ оршуулаарай» гэжээ. 16  Абрахам Ефроны хэлэхийг сонсоод, хитчүүдийн өмнө хэлсэн үнийг нь буюу 400 мөнгөн шекелийг* худалдаачдын хэмжүүрээр жинлэн түүнд өглөө. 17  Ийнхүү Ефрон Мамрегийн ойролцоо байдаг Махпелагийн талбайгаа худалдав. Тэр талбай, талбай дахь агуй, модод нь ч 18  хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүгдийн өмнө Абрахамын өмч болжээ. 19  Тэгээд Абрахам Канаан нутгийн Хеброн буюу Мамрегийн ойролцоох Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршууллаа. 20  Хитчүүд тэр талбай болон талбай дахь агуйг оршуулгын газар болгохоор Абрахамд шилжүүлсэн юм.

Зүүлт

1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.
1 шекел нь 11,4 г. Хавсралт Б14-ийг үзнэ үү.