Эхлэл 3:1–24

  • Хүн нүгэлтэй болов (1-13)

    • Анхны худал үг (4, 5)

  • Ехова тэрслэгчдийг шүүв (14-24)

    • Эмэгтэйн үр хүүхдийн талаарх зөгнөл (15)

    • Еденээс хөөгдөв (23, 24)

3  Ехова Бурхны бүтээсэн хээрийн зэрлэг амьтдаас хамгийн сэрэмжтэй* нь могой байжээ. Могой эмэгтэйгээс «Та нарыг энэ цэцэрлэгийн бүх модны жимснээс идэж болохгүй гэж Бурхан яг хэлсэн үү?» гэж асуужээ. 2  Тэгэхэд эмэгтэй: «Бид энэ цэцэрлэгийн моддын жимснээс идэж болно. 3  Гэхдээ цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан: “Та нар түүнээс идэж болохгүй, хүрч ч болохгүй. Хэрэв тэгвэл та нар үхнэ” хэмээн айлдсан» гэж могойд хэлэв. 4  Тэгэхэд нь могой эмэгтэйд «Та нар ерөөсөө үхэхгүй. 5  Харин ч тэр модны жимснээс идсэн өдөртөө л та нарын нүд нээгдэн сайн мууг мэдэж өөр шиг нь болно гэдгийг Бурхан мэдэж байгаа» гэж хэллээ. 6  Эмэгтэйд тэр модны жимс хүнс болоход шимтэй, нүд булаам, сайхан* харагджээ. Иймд жимснээс авч идэв. Дараа нь нөхөртэйгөө хамт байхдаа нөхөртөө өгөхөд нөхөр нь ч иджээ. 7  Тэгэхэд тэр хоёрын нүд нээгдэж, нүцгэн байгаагаа мэдээд инжрийн навч хэлхэж ташаагаараа ороожээ. 8  Дараа нь тэд сэвшээ салхи үлээх цагаар* цэцэрлэгт алхаж яваа Ехова Бурхны дууг сонсов. Тэгээд эр хүн эхнэртэйгээ цэцэрлэгийн модон дунд Ехова Бурхнаас нуугдлаа. 9  Ехова Бурхан: «Чи хаана байна вэ?» хэмээн хүнийг дуудаад л байв. 10  Эцэст нь эрэгтэй: «Би цэцэрлэгт таны дууг сонсоод нүцгэн байсан болохоор айсандаа нуугдсан юм» гэж хэлэхэд 11  Бурхан: «Нүцгэн байгааг чинь чамд хэн хэлсэн юм бэ? Идэж болохгүй гэж миний чамд тушаасан модноос чи идээ юү?» гэж асуув. 12  Тэгэхэд эрэгтэй: «Надтай хамт байлгахаар таны өгсөн эмэгтэй тэр модны жимсийг өгсөн. Тэгэхээр нь би идсэн юм» гэж хариулжээ. 13  Ехова Бурхан эмэгтэйд хандан «Чи юу хийчих нь энэ вэ?» гэхэд эмэгтэй: «Могой намайг мэхэлж идүүлсэн» гэж хариулав. 14  Тэгээд Ехова Бурхан могойд «Чи ийм юм хийсэн учраас хамаг мал адгуус, хээрийн зэрлэг амьтдаас чи ганцаараа хараагдлаа. Чи хэвлээрээ явж, үхэн үхтэлээ тоос шороо идэх болно. 15  Би чамайг тэр эмэгтэйтэй, чиний үр удмыг эмэгтэйн үр хүүхэдтэй дайсагнуулна. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг бяцална, чи түүний өсгийг няцална» гэж айлдав. 16  Бурхан эмэгтэйд «Би чиний жирэмсний зовлонг ихээр нэмнэ. Чи өвдөж шаналж байж хүүхэд төрүүлнэ. Чи эр нөхрөө хүсэн хүлээнэ, эр нөхөр чинь чамайг захирна» гэж айлдлаа. 17  Тэгээд Адамд* «Чи эхнэрийнхээ үгэнд орж, “Идэж болохгүй” гэж миний тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа. Чи насаараа зүтгэж байж ургацыг нь иднэ. 18  Газар чамд өргөст ургамал, азаргана ургуулна. Чи хээрийн ургамал ногоог иднэ. 19  Чи газар шороонд буцаж очтолоо духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг тоос шороогоор бүтээсэн. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна» гэж айлджээ. 20  Үүний дараа Адам эхнэртээ Ева* гэдэг нэр өгөв. Учир нь Ева амьд бүхний эх болох ажээ. 21  Ехова Бурхан Адам болон эхнэрт нь өмсгөхөөр урт арьсан дээл хийж өгчээ. 22  Ехова Бурхан: «Ийнхүү хүн сайн мууг мэдэх тухайд бидэнтэй адил боллоо. Одоо хүн гараа сунган, амийн модноос бас жимс авч идээд мөнх амьдрах вий. Иймээс би ...» хэмээв. 23  Ингээд Ехова Бурхан газар шорооноос бүтээсэн хүнээ газрыг хагалуулахаар Еден цэцэрлэгээс хөөн гаргажээ. 24  Бурхан хүнийг явуулсныхаа дараа амийн модонд хүрэх замыг сахиулахаар Еден цэцэрлэгийн зүүнтээд херубууд болон тасралтгүй эргэлддэг галт илдийг байрлуулав.

Зүүлт

Эсвэл «гярхай, зальтай»
Эсвэл «мэргэн ухаантай болгомоор» гэсэн бололтой.
буюу орой болохын алдад
«Хүн, газрын хүн» гэсэн утгатай.
«Амьд нэгэн» гэсэн утгатай.