Эхлэл 31:1–55
31 Лабаны хөвгүүдийг «Эцгийн маань хамаг юмыг Иаков авч, хамаг хөрөнгөөр нь хөлжсөн» гэж ярьж байхыг Иаков сонсов.
2 Иаков Лабаны царайнаас зангаа хувиргасныг нь анзаарчээ.
3 Тэгэхэд Ехова Иаковт «Эцэг өвгөдийнхөө нутаг, төрөл садан руугаа буц. Би чамтай үргэлж хамт байна» гэж айлдав.
4 Иаков Рахел Леа хоёрт хэл хүргүүлж малын бэлчээрт ирүүлээд
5 тэдэнд
«Танай эцэг надад урьдынх шигээ хандахаа больсныг би анзаарлаа. Гэхдээ миний эцгийн Бурхан надтай хамт байгаа.
6 Би танай эцэгт хамаг чадлаараа зүтгэснийг та хоёр сайн мэднэ.
7 Тэрбээр намайг хуурахыг оролдож, хөлсийг минь 10 удаа өөрчилсөн. Гэвч намайг хохироохыг Бурхан түүнд зөвшөөрөөгүй юм.
8 Танай эцэг надад “Цоохор малыг чамд хөлс болгож өгнө” гэсэн. Тэгэхэд сүргээрээ цоохор төл гаргасан. Тэгээд дараа нь “Толботой малыг чамд хөлс болгож өгнө” гэсэн. Тэгэхэд сүргээрээ бидэртэй төл гаргасан.
9 Ингэж эцгийн чинь малыг Бурхан авч надад өгдөг байсан.
10 Мал хээлтэх үеэр би нэг зүүд зүүдэлсэн юм. Тэр зүүдэнд хээлтүүлэгч ухнууд толботой, цоохор, алаг зүсмийнх байв.
11 Тэгтэл жинхэнэ Бурхны тэнгэрийн элч миний зүүдэнд “Иаков аа!” гэж намайг дуудахад “Би энд байна” гэсэн юм.
12 Тэрбээр: “Хээлтүүлэгч ухнууд толботой, цоохор, алаг зүсмийнх байгааг хар даа. Лабан чамд яаж хандсаныг би бүгдийг нь харсан учраас ийм байгаа юм.
13 Би бол чамайг Бетелд байхад үзэгдсэн жинхэнэ Бурхан байна. Чи тэнд нэг баганыг тосолж, надад тангараг өргөсөн билээ. Одоо энэ нутгаас явж төрсөн нутаг руугаа буц” хэмээн айлдсан юм» гэжээ.
14 Тэгэхэд Рахел Леа хоёр: «Эцгийнхээ эд хөрөнгөнөөс өвлөх хувь бидэнд байхгүй биз дээ?
15 Эцэг маань биднийг худалдаж тэр мөнгөөрөө амьдардаг болохоор биднийг гаднын хүн гэж үздэг шүү дээ.
16 Эцгээс маань Бурхны салгасан бүх эд баялаг биднийх, бас бидний хүүхдүүдийнх. Тэгэхээр, та Бурхны хий гэсэн бүхнийг хийгээрэй» гэж хэлжээ.
17 Тэгэхэд нь Иаков эхнэр хүүхдүүддээ тэмээ унуулж
18 бүх мал сүрэг, хурааж хуримтлуулсан хөрөнгө, Паддан-Арамд олж авсан мал хуйгаа аваад Канаанд суугаа эцэг Исаак дээрээ очихоор хөдөлжээ.
19 Лабаныг хонио хяргахаар явсан хойгуур Рахел шүтээнүүдийг нь хулгайлав.
20 Иаков ч арам хүн Лабаныг мэхэлж, юу ч хэлэлгүй яваад өгчээ.
21 Иаков хүмүүсээ эд хөрөнгөтэйгөө аваад зугтаж явсаар Их мөрнийг* гаталж, Гилеадын уулархаг нутгийг зүглэн явав.
22 Гурав дахь өдөр нь Лабан Иаковын зугтсаныг дуулжээ.
23 Иймээс ах дүү нараа дагуулаад Иаковын араас долоо хоног мөшгөж байж Гилеадын уулархаг нутагт байхад нь гүйцэж очив.
24 Бурхан шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд үзэгдэж «Чи Иаковтай ярихдаа үгээ цэнээрэй» гэж хэлжээ.
25 Иаков уулархаг нутагт майхнаа барьсан байв. Лабан ч Гилеадын уулархаг нутагт ах дүүтэйгээ буудаллаад байлаа. Тэгээд Иаков дээр очоод
26 «Чи яах нь энэ вэ? Яагаад намайг мэхэлж, охидыг минь олзны хүн мэт авч явав?
27 Яагаад үг хэлгүй, сэм зугтаж намайг хуурч байгаа юм бэ? Надад хэлсэн бол би чамайг найртай сайхнаар, дуу хууртай, хэнгэрэг, босоо ятгын эгшгээр үдэх байлаа.
28 Гэтэл чи надад охид, зээ нарыг минь ч үнсүүлсэнгүй. Чи мунхаг юм хийлээ.
29 Би чамд муу юм хийж дөнгөнө. Гэхдээ чиний эцгийн Бурхан урьд шөнө надад “Иаковтай ярихдаа үгээ цэнээрэй” гэж хэлсэн юм.
30 Чи эцгийнхээ гэрт очихын хүслэн болсон болохоор ингэж яваа биз. Гэхдээ яагаад миний бурхдыг хулгайлсан юм бэ?» гэж хэлэв.
31 Иаков Лабанд «Таныг охидоо булааж авах байх гэж айгаад хэлэлгүй явсан юм.
32 Таны бурхад хэнээс олдоно, тэр хүн үхэг. Ах дүүгийн минь өмнө миний ачаануудыг нэгжээд үз. Тэгээд юмаа олоод аваарай» гэж өчжээ. Рахел хулгайлсан гэдгийг Иаков мэдээгүй ажээ.
33 Лабан Иаковын майхан, Леагийн майхан, хоёр шивэгчний майхнаас шүтээнүүдээ эрээд олсонгүй. Тэгээд Леагийн майхнаас гарч Рахелийн майханд оржээ.
34 Рахел шүтээнүүдийг тохошныхоо богцонд хийгээд дээр нь сууж байв. Лабан Рахелийн майхнаас шүтээнүүдээ хайгаад хайгаад олсонгүй.
35 Рахел эцэгтээ «Эзэн минь, та битгий уурлаарай. Миний сарын тэмдэг ирсэн болохоор босож чадахгүй нь» гэжээ. Лабан сайн үзсэн боловч шүтээнүүдээ олсонгүй.
36 Тэгэхэд Иаков Лабанд уурлаж, түүнийг буруутгав. Иаков: «Би ямар буруу юм хийсэн юм бэ? Ямар нүгэл хийсэн гэж халуун мөрөөр минь мөшгөнө вэ?
37 Та хамаг ачааг минь нэгжээд гэрийнхээ юуг олов? Тэр юмаа миний ах дүү болон өөрийнхөө ах дүүгийн өмнө гаргаад тавь. Тэд та бид хоёрыг шүүг.
38 Танайд байсан 20 жилд танай хонь ямаа хээлээ хаяагүй. Би танай сүргээс хуц идсэн удаагүй.
39 Зэрлэг амьтанд бариулсан мал танд авчирч байгаагүй. Би өөрийнхөө малаар төлдөг байсан. Өдөр ч алдсан бай, шөнө ч алдсан бай, хулгайд алдсан л бол та нэхдэг байсан.
40 Би халуунд халж, хүйтэнд хөрч, нойроо хасан байж өдөр шөнөгүй зүтгэдэг байлаа.
41 Би танайд 20 жил ингэж амьдарсан. Хоёр охины тань төлөө 14 жил зүтгэж, малыг тань 6 жил хариулсан. Та миний хөлсийг 10 удаа өөрчилсөн.
42 Миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн эмээдэг Нэгэн миний талд байгаагүй бол та намайг гар хоосон буцаах байж дээ. Бурхан миний зовлон, гарын минь хөдөлмөрийг хараад урьд шөнө таныг зэмлэжээ» гэж хэлэв.
43 Тэгэхэд Лабан Иаковт «Энэ охид миний охид. Энэ хүүхдүүд миний хүүхдүүд. Энэ мал сүрэг ч минийх. Чиний харж байгаа бүхэн минийх, бас миний охидынх. Би юу гэж охиддоо, охидынхоо төрүүлсэн хүүхдүүдэд муу юм хийх вэ дээ!
44 Тэгэхээр хоёулаа гэрээ байгуулъя. Тэр гэрээ чи бид хоёрын гэрч болно» гэж хэллээ.
45 Иаков нэг чулуу аваад багана мэт босгов.
46 Тэгээд ах дүү нартаа «Чулуу цуглуул!» гэв. Тэд чулуу цуглуулж овоо босголоо. Дараа нь чулуун овооныхоо дэргэд хоол идэцгээв.
47 Лабан тэр овоог Иегар-сахадута* гэж, харин Иаков Галеед* гэж нэрлэжээ.
48 Лабан: «Энэ чулуун овоо өнөөдөр чи бид хоёрын гэрч боллоо» гэж хэлэв. Ийм учраас тэр овоог Галеед гэж нэрлэсэн юм.
49 Бас Харуулын цамхаг гэж нэрлэжээ. Яагаад гэвэл Лабан: «Бид бие биеэ харахгүй байсан ч Ехова чи бид хоёрыг харж байг.
50 Чи охидтой минь зүй бус харьцах юм уу эхнэр нэмж авбал хүн хараагүй байлаа ч Бурхан чи бид хоёрын гэрч болно гэдгийг санаж яваарай» гэж хэлжээ.
51 Тэгээд цааш нь «Бидний хооронд байгуулсан гэрээний тэмдэг болгож миний босгосон чулуун овоо, багана энэ байна.
52 Би чамд муу юм хийх гэж энэ чулуун овоог давж гарахгүй, чи надад муу юм хийх гэж энэ чулуун овоо, баганыг давж гарахгүй гэдгийг энэ чулуун овоо, энэ багана гэрчлэг.
53 Абрахамын Бурхан, Нахорын Бурхан, тэдний эцгийн Бурхан биднийг шүүг» хэмээсэнд Иаков эцэг Исаакийнхаа эмээдэг Нэгнээр тангараглав.
54 Дараа нь Иаков уулан дээр тахил өргөөд ах дүүгээ дуудан хооллож ундлав. Тэд ууланд хоноцгоов.
55 Харин Лабан өглөө эрт босон зээ нар, охидоо үнсэж, ерөөгөөд замд гарч, гэртээ харьжээ.