Эхлэл 32:1–32
32 Иаковыг цааш явж байтал Бурхны тэнгэрийн элчүүд түүнтэй уулзжээ.
2 Иаков тэднийг хармагцаа «Энэ бол Бурхны хуаран байна!» хэмээжээ. Иймээс тэр газрыг Маханаим* гэж нэрлэв.
3 Иаков Едом буюу Сеир нутагт суугаа ах Есав дээрээ очихоосоо өмнө элч нарыг илгээхдээ
4 тэдэнд «Миний эзэн Есавт “Таны боол Иаков ингэж хэлсэн. «Би өнөөг хүртэл Лабантай олон жил амьдарлаа.
5 Би бух, илжиг, хонь, зарц, шивэгчидтэй болсон. Таны сэтгэлд нийцэх гэж эзэн тандаа ийн хэл хүргүүлж байна»” гэж хэлээрэй» хэмээн тушаав.
6 Элч нар Иаков дээр буцаж ирээд «Бид таны ах Есавтай уулзлаа. Тэр тантай уулзахаар 400 хүн дагуулаад ирж яваа» гэхэд
7 Иаков ихэд айж түгшив. Иймээс хамт яваа хүмүүс, мал сүрэг, үхэр, тэмээгээ хоёр бүлэг болгон хуваав.
8 Тэрбээр: «Есав нэг рүү нь дайрлаа гэхэд нөгөө бүлэг нь зугтаг» гэжээ.
9 Дараа нь Иаков: «Миний өвөг эцэг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, Ехова, та надад “Нутаг ус, төрөл садан руугаа буц. Би чамайг сайн сайхан байлгана” гэж хэлсэн шүү дээ.
10 Бас та үйлчлэгч намайгаа үнэнчээр хайрлаж, амласнаа биелүүлсэн билээ. Уг нь би энэ бүхнийг хүртэх зохисгүй хүн. Ганц таягтайгаа энэ Иорданыг гаталж байсан бол одоо хүн хүч, мал сүргээ хоёр бүлэг болгож хуваагаад явж байна.
11 Ах Есавын минь гараас намайг авраач гэж залбирч байна. Ах ирээд над руу, хүүхэд эмэгтэйчүүд рүү дайрах вий гэж айж байна.
12 Та: “Би чамайг сайн сайхан байлгана. Чиний үр хүүхдийг далайн эргийн элс мэт тоолж барамгүй олон болгоно” гэсэн шүү дээ» гэж хэлжээ.
13 Иаков тэндээ хонов. Тэгээд ах Есавтаа бэлэг өгөхөөр эд хөрөнгөөсөө
14 эм ямаа 200, ухна 20, эм хонь 200, хуц 20,
15 ботготой ингэ 30, үнээ 40, бух 10, эм илжиг 20, нас бие гүйцсэн эр илжиг 10-ыг сонгожээ.
16 Иаков эдгээрийг хэдэн бүлэг болгож хуваагаад зарц нартаа хариуцуулав. Тэдэнд «Надаас түрүүлж гол гаталцгаа. Хоорондоо зайтай яваарай» гээд
17 эхэнд явах хүнд «Миний ах Есав чамтай уулзаж “Танай эзэн хэн бэ? Хаа хүрэх нь вэ? Хэний малыг туугаад явж байгаа юм бэ?” гэж асуувал
18 чи: “Манай эзэн бол таны боол Иаков билээ. Есав эзэнтэн, энэ бол танд өгүүлж байгаа бэлэг юм. Эзэн өөрөө араас ирж байгаа” гэж хэлээрэй» гэж захив.
19 Тэгээд Иаков хоёр дахь, гурав дахь гээд мал тууж яваа бүх хүнд «Есавтай уулзахаараа ингэж хэлээд
20 бас “Таны боол Иаков араас ирж байгаа” гээрэй» гэжээ. Яагаад гэвэл Иаков: «Эхлээд бэлэг явуулж түүнийг тайвшруулбал надтай уулзахдаа найрсаг байж магадгүй» гэж боджээ.
21 Иймд бэлэг авч явсан хүмүүс түрүүлэн гаталж, Иаков буусан газраа хоножээ.
22 Тэр шөнөдөө Иаков босож хоёр эхнэр, хоёр шивэгчин, 11 хөвгүүнээ авч Иаббок голыг гүехэн хэсгээр нь гаталжээ.
23 Ийнхүү тэднийг дагуулан гол гаталсан юм. Бас байгаа бүхнээ авч гарчээ.
24 Иаковыг ганцаараа байж байтал нэгэн хүн түүнтэй үүр хаяартал барилджээ.
25 Тэрбээр Иаковыг дийлэхгүйгээ ойлгоод түнхэнд нь хүрчээ. Иаковыг барилдаж байхад түнх нь мултрав.
26 Тэр хүн: «Намайг явуул. Үүр хаяарч байна» гэхэд Иаков: «Намайг ерөөхөөс нааш таныг явуулахгүй» гэжээ.
27 Тэгэхэд өнөөх хүн: «Нэр чинь хэн бэ?» гэхэд «Иаков» гэж хариулав.
28 Өнөөх хүн: «Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй, Израйл* гэх болно. Яагаад гэвэл чи Бурхан болон хүмүүстэй тэмцэлдээд эцэст нь дийллээ» гэж хэлжээ.
29 Тэгэхэд нь Иаков: «Та нэрээ хэлээч» гэсэнд «Юунд миний нэрийг асууна вэ?» хэмээгээд түүнийг ерөөжээ.
30 Иаков: «Би Бурхантай нүүр нүүрээрээ учирсан ч амьд үлдлээ» гэж хэлээд тэр газрыг Пениел* гэж нэрлэв.
31 Иаковыг Пенуелээс* явмагц нар манджээ. Тэрбээр түнхнээсээ болж доголж явлаа.
32 Өнөөх хүн Иаковын түнхийг мулталсан учраас израйлчууд өнөөг хүртэл түнхтэй холбогддог гуяны шөрмөсийг иддэггүй юм.
Зүүлт
^ «Хоёр хуаран» гэсэн утгатай.
^ «Бурхантай тэмцэлдэгч» эсвэл «Бурхан тэмцдэг» гэсэн утгатай.
^ «Бурхны нүүр» гэсэн утгатай.
^ буюу Пениелээс