Юудагийн бичсэн захидал 1:1–25
1 Есүс Христийн боол, Яаковын дүү Юуда би Бурхан Эцгийн сонгосон, хайрласан, Есүс Христтэй хамт байлгахын тулд Бурхны харж хамгаалдаг хүмүүст бичиж байна.
2 Бурхан та нарыг илүү их нигүүлсэж, хайрлаж, амар тайвныг соёрхох болтугай.
3 Хайрт ах дүү нар минь ээ, би та нарт Бурхан биднийг хэрхэн аврах тухай бичих бодолтой байсан. Гэхдээ одоо ариун хүмүүст өгсөн үүрдийн итгэлийн төлөө шаргуу тэмцэхийг уриалан бичих шаардлагатай гэж үзлээ.
4 Учир нь хэсэг хүн та нарын дунд шургалан оржээ. Тийм хүмүүсийг буруутгах талаар Сударт аль эрт бичсэн байсан. Тэд Бурхныг нигүүлсэнгүй гэдгээр нь далимдуулан эрээ цээргүй хэрэг* хийдэг бөгөөд биднийг худалдаж авсан цорын ганц Эзэн Есүс Христэд үнэнч бус, Бурхнаас эмээдэггүй хүмүүс юм.
5 Дараах явдлыг та бүхэн сайн мэддэг ч би сануулъя. Ехова* Египетийн нутгаас ард түмнээ гаргаж авраад, дараа нь итгээгүй хүмүүсийг устгасан.
6 Бас үүргээ биелүүлээгүй, байх ёстой газраа орхисон тэнгэрийн элчүүд бий. Бурхан тэднийг агуу өдөр шүүх хүртлээ түнэр харанхуйд үүрдийн хүлээстэй байлгадаг.
7 Түүнчлэн Содом, Гоморра болон ойр хавийнх нь хотын хүмүүс садар самуун* явдалд автан, гаж хүслээ хангадаг байсан. Тэдгээр нь бүрмөсөн устгагдсан бөгөөд энэ нь бидэнд сэрэмжлүүлэг болдог.
8 Ийм байтал тэр хүмүүс хоосон мөрөөдөлдөө хөтлөгдөн, бузар муу юм хийж, эрх мэдлийг үл тоомсорлож, Бурхны хүндэтгэдэг хүмүүсийг доромжлон ярьдаг.
9 Харин тэнгэрийн элчүүдийн тэргүүн Михаел Мосегийн цогцосны талаар маргалдахдаа Диаволыг буруутгаж, доромжилж зүрхлээгүй билээ. Харин ч «Ехова* чамайг зэмлэг» гэж хэлсэн.
10 Гэтэл тэр хүмүүс огт ойлгодоггүй бүх юмаа доромжлон ярьдаг. Аливааг үйлдэхдээ зөндөө хөтлөгддөг, сэтгэн бодох чадваргүй амьтан шиг байсаар ялзардаг.
11 Харамсалтай яа! Тэд Каины замаар замнаж, шан харамжид шунасан Балаамын буруу замаар орж, Кораг дуурайн тэрслүү юм ярьдаг тул мөхнө.
12 Та нартай хамт зоог барьдаг тэд бол усан доорх хад бөгөөд идэхээ л боддог, Бурхнаас эмээдэггүй хоньчид, салхинд туугддаг хургүй үүл, жимсээ цагт нь ургуулдаггүй, үндсээрээ сугалагдсан, хувхай* модтой адил юм.
13 Бас ичгүүр шившгээ эрэг дээр гаргаж хаядаг далайн догшин давалгаа, түнэр харанхуйд үүрд байх, хэрэн хэсүүчлэгч одтой адил юм.
14 Адамын долоо дахь үе Енохын хэлсэн зөгнөл тэдэнд ч хамаатай ажээ. Енох: «Ехова* үй олон* тэнгэрийн элчтэйгээ ирсэн.
15 Энэ нь бүх хүнийг шүүж, өөрийг нь алдаршуулаагүй бүх нүгэлтний гэм бурууг илчлэхийн тулд юм. Яагаад гэвэл тэд бузар булай бүхнийг хийж, өөрийг нь доромжлон ярьдаг» гэсэн байдаг.
16 Тэд дургүйцэн гомдоллодог бөгөөд хүсэлдээ хөтлөгддөг, байгаа юмандаа ханадаггүй. Бардамнан сайрхдаг, эрх ашгаа бодон бусдыг зусарддаг.
17 Хайрт ах дүү нар аа, Эзэн Есүс Христийн элчүүдийн хэлснийг санаарай.
18 Элчүүд: «Нүгэлт хүслийнхээ хойноос явдаг элэглэн дооглогчид эцсийн өдрүүдэд* гарч ирнэ» гэдэг байсан.
19 Энэ хүмүүс бол хагалан бутаргадаг, адгуус шиг авирладаг хүмүүс бөгөөд Бурхнаар удирдуулдаггүй.
20 Хайрт ах дүү нар минь, та бүхэн хамгийн ариун итгэлээ батжуулж, Бурхны агуу хүчээр удирдуулан залбирч бай.
21 Тэгвэл нигүүлсэнгүй Эзэн Есүс Христ мөнх амьтай болгох тэр цагийг хүлээнгээ Бурхнаараа хайрлуулж явна.
22 Эргэлзэж тээнэгэлздэг хүмүүсийг энэрч бай.
23 Тэднийг галаас суга татан гаргаж авар. Бусдыг нь бас энэрч бай. Гэхдээ тэдний нүглээс хол байж, сэрэмжил. Нүглийг нь үзэн яд.
24 Бурхан та нарыг бүдрэхээс хамгаалж, цог жавхлант өөрийнхөө өмнө толбогүй бөгөөд үлэмж их баяр баясгалантай байлгаж чадна.
25 Биднийг Аврагч цорын ганц Бурхан нь Эзэн Есүс Христээр дамжин алдарших болтугай. Бурхан цог жавхлантай, алдар суутай, хүч чадалтай, эрх мэдэлтэй байсан, одоо ч тийм байгаа, үүрд мөнхөд тийм байна. Амен.
Зүүлт
^ Грекээр «аселгеяа». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «хоёр удаа үхсэн»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Эсвэл «түм түмэн»
^ Үгч. «цагт»