Яаковын бичсэн захидал 1:1–27
1 Бурхан болон Эзэн Есүс Христийн боол Яаков би харь газар тархан суурьшсан 12 овгийнхны амар мэндийг асууж байна.
2 Ах дүү нар минь, элдвээр соригдохдоо баярла.
3 Учир нь тийм сорилтыг давбал жинхэнэ ёсоор итгэдэг тань батлагдаж, улмаар тэсвэр хатуужилтай болдог.
4 Тэсвэр хатуужлын үр дүн нь төгс байг. Тэгвэл та нар бүх талаар бүрэн гүйцэд, өөгүй, юугаар ч дутагдахгүй байх юм.
5 Тиймээс хэрэв та нарын нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурхнаас гуйж бай. Учир нь хэнийг ч буруушаалгүй, бүгдэд өгөөмөр сэтгэлээр өгдөг Бурхан түүнд өгнө.
6 Гэхдээ огт эргэлзэхгүй, итгэлтэй гуйж бай. Учир нь эргэлздэг хүн салхинд туугдан, хаашаа л бол хаашаа долгиолох тэнгисийн давалгаа мэт юм.
7 Тийм хүн Еховагаас* юм авна гэж бодох хэрэггүй.
8 Тэр бол шийдэмгий бус, туйлбаргүй хүн байна.
9 Харин дорд нэгэн өргөмжлөгдсөндөө баярла.
10 Баян нэгэн дорд болгогдсондоо баярла. Учир нь тэрээр хээрийн цэцэг мэт хагдарна.
11 Нар мандаж халуу шатахад ургамал хатаж, цэцэг нь хагдарч, өнгө зүсээ алддаг. Үүнтэй адилаар, баян хүн эд хөрөнгөнийхөө хойноос явсаар үгүй болно.
12 Сорилтыг тэвчдэг хүн жаргалтай. Сорилтыг давсан хүн амийг шагнал* болгон авна. Ехова* өөрийг нь хайрладаг хүмүүст тийм шагнал өгөхөөр амласан билээ.
13 Соригдож байгаа хэн ч «Бурхан намайг сорьж байна» гэж бүү яриг. Учир нь Бурхан соригддоггүй бөгөөд хэнийг ч хорон санаагаар сорьдоггүй.
14 Харин хүн бүр хүсэлдээ хөтлөгдөж, автахлаараа соригддог.
15 Тэгээд хүсэл нь үр тогтоож, нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биелэл болохоороо үхлийг төрүүлдэг.
16 Хайрт ах дүү нар минь, бүү төөрөлд.
17 Сайн, төгс бэлэг бүхнийг гэрлийн Эцэг дээрээс өгдөг. Эцэг сүүдэр шиг өөрчлөгддөггүй.
18 Бурхан хүссэн учир биднийг үнэний үгээр төрүүлсэн билээ. Энэ нь биднийг бүтээлийнхээ анхны үр жимс болгох гэснийх юм.
19 Хайрт ах дүү нар минь, үүнийг мэдэгтүн. Хүн бүр сонсоход бэлэн бай*. Ярих гэж бүү яар. Яаран бүү уурла.
20 Учир нь уурласан хүн Бурхны зөв гэж үздэг юмыг хийдэггүй.
21 Тиймээс бузар булай бүхнийг, аливаа муу муухай юмыг ор мөргүй арилга. Бурхан аврах чадалтай үгээ сэтгэлд тань хоногшуулахад даруухнаар хүлээж ав.
22 Өөрийгөө хуурдаг зүгээр нэг сонсогч биш, Бурхны үгийг ажил хэрэг болгогч бай.
23 Учир нь үгийг ажил хэрэг болгодоггүй, зөвхөн сонсдог хүн бол толинд харж байгаа хүнтэй адил юм.
24 Тэр хүн өөрийгөө харчихаад явдаг. Гэвч ямар байснаа тэр даруй мартдаг.
25 Эрх чөлөөний төгс хуулийг нарийн судалдаг, хэрэгжүүлдэг хүн бол мартамхай сонсогч бус, ажил хэрэг болгогч юм. Тийм хүн жаргалтай.
26 Хэрэв хүн өөрийгөө Бурхан шүтдэг гэж боддог ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийгөө хуурч, дэмий хоосон шүтэж байгаа хэрэг.
27 Харин зовж зүдэрч байгаа өнчин, бэлэвсэн хүмүүсийг харж ханддаг, дуулгаваргүй хүний амьдралын хэв маягт автдаггүй хүний шүтлэгийг Бурхан Эцэг цэвэр, ариун гэж үздэг.