Яаковын бичсэн захидал 5:1–20
5 Баячууд та нар сонсоцгоо. Ирээдүйд зовох учир уйл, гашууд.
2 Эд баялаг тань ялзарч, дээл хувцсыг тань эрвээхий иджээ.
3 Та нарын алт, мөнгө зэвэрчээ. Тэр зэв та нарын бурууг нотолж, та нарыг иднэ. Хурааж хуримтлуулсан юм тань эцсийн өдрүүдэд гал мэт байх юм.
4 Талбайн чинь ургацыг хураасан хүмүүст та нар хөлсийг нь өгөөгүй. Тэр хөлс болон тариа хураагчдын тусламж хүссэн хашхираан тэнгэрийн цэргийн жанжин Еховагийн* сонорт хүрсэн.
5 Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, өөрсдийгөө баясгасан. Нядалгааны өдөрт зориулж өөрсдийгөө бордсон.
6 Та нар шударга сайн нэгнийг буруутгаж, хөнөөсөн. Тиймээс тэрээр* та нарыг эсэргүүцэж байна.
7 Тиймээс ах дүү нар аа, Эзнийг иртэл тэвчээртэй бай. Тариачин газраас үнэт үр жимс хураахын тулд эрт болон оройтож орох бороог тэвчээртэй хүлээдэг.
8 Та нар ч тэвчээртэй, тууштай бай. Учир нь Эзэн удахгүй ирнэ.
9 Ах дүү нар аа, шүүгдэхгүйн тулд бие биедээ бүү гомдолло. Шүүгч үүдэнд зогсож байна.
10 Ах дүү нар аа, Еховаг* төлөөлөн* ярьдаг байсан зөнчид зовлонг дааж тэвчээртэй байсныг дуурай.
11 Тэвчсэн хүмүүсийг бид жаргалтай гэдэг. Иов хэрхэн тэвчсэнийг та нар сонссон, Ехова* хэрхэн ивээснийг та нар мэднэ. Учир нь Ехова* их өрөвч, өршөөнгүй билээ.
12 Хамгийн гол нь, ах дүү нар минь, тэнгэрээр, газраар, өөр ямар нэг юмаар тангарагладгаа боль. Харин шүүгдэхгүйн тулд «за» бол «за», «үгүй» бол «үгүй» бай.
13 Зовж яваа хүн та нарын дунд байна уу? Тэр хүн тогтмол залбираг. Баяр хөөртэй хүн байна уу? Тэр хүн магтуу дуулаг.
14 Өвчтэй хүн байна уу? Тэр хүн хурлын ахлагчдыг дуудаг. Тэд түүний төлөө залбирч, Еховагийн* нэрээр түүнийг тослог.
15 Итгэлтэйгээр залбирахад өвчтэй* нэгэн эдгэж, Ехова* түүнийг босгоно. Хэрэв тэр хүн нүгэл үйлдсэн бол уучлагдана.
16 Тиймээс, нүглээ хүлээн зөвшөөр. Бие биеийнхээ төлөө залбир. Ингэвэл та нар эдгэнэ. Шударга сайн хүний шаргуу гуйлт их үр нөлөөтэй.
17 Елиа бидэн шиг л хүн байсан. Гэхдээ тэрээр бороо бүү ороосой гэж шаргуу залбирахад гурван жил зургаан сар бороо ороогүй.
18 Тэгтэл тэрээр дахиж залбирахад хур бороо орж, газар үр шимээ өгсөн.
19 Ах дүү нар минь, та нарын нэг нь үнэнээс холдоход өөр нэг нь түүнийг буцааж авчирвал
20 нүгэлтнийг буруу замаас нь эргүүлсэн тэр хүн түүнийг үхлээс аварч байгаа хэрэг бөгөөд Бурхан түүний нүглийг уучилна.
Зүүлт
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Бурхныг хэлсэн бололтой.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «Еховагийн нэрээр»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Эсвэл «эцэж ядарсан» гэсэн бололтой.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.