Элчүүдийн үйлс 4:1–37
4 Петр Ёохан хоёрыг олон түмэнтэй ярилцаж байтал тахилчид, сүмийн харуулын дарга, садукайчууд хүрч ирэв.
2 Элчүүд хүмүүст Бурхны үгийг зааж, Есүс амилсныг* тунхаглаж байсан учир тэд уурлан хорсжээ.
3 Иймээс хоёр элчийг баривчилж, маргааш нь болтол хорив. Учир нь хэдийн орой болсон байлаа.
4 Гэхдээ олон хүн тэдний ярихыг сонсоод итгэжээ. Дагалдагчдын тоо нэмэгдсээр эрчүүд гэхэд л бараг 5 000 болжээ.
5 Маргааш нь Иерусалимд иудейчүүдийн удирдагчид, ахлагчид, хуулийн багш нар,
6 ахлах тахилч Анас, Каяаф, Ёохан, Александр, ахлах тахилчийн хамаатнууд бүгдээрээ цуглажээ.
7 Тэд Петр Ёохан хоёрыг дундаа зогсоогоод «Хэн та нарт ийм юм хийх эрх олгосон юм бэ?» гэж байцаахад
8 Петр Бурхны агуу хүчээр удирдуулж ийн ярив.
«Ард олны удирдагчид, ахлагчид аа,
9 доголон хүнд сайныг үйлдлээ гэж, хэн энэ хүнийг эдгээв гэж биднийг өнөөдөр байцааж байгаа бол
10 шонд та нарын хадсан, харин Бурхны амилуулсан Назарын Есүс Христийн ачаар* энэ хүн цоо эрүүл болоод өмнө тань зогсож байгааг та нар болон израйлчууд бүгдээрээ мэдтүгэй.
11 Энэ Есүс бол “Барилгачин та нарт гологдсон ч булангийн гол чулуу болсон нэгэн” юм.
12 Түүнээс гадна, аврагдъя гэвэл бид Бурхнаас эрх мэдэл авсан Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч* дэлхий дээр байхгүйг мэдтүгэй» гэв.
13 Тэд Петр Ёохан хоёрын зоригтой байгааг, эрдэм номгүй*, эгэл жирийн хүмүүс болохыг нь ажиглаад ихэд гайхсанаа Есүстэй хамт байсныг нь ойлгов.
14 Бас эдгэсэн хүн хажууд нь байсан тул юу ч хэлж чадсангүй.
15 Тиймээс тэр гурвыг Иудейн дээд шүүхийн* танхимаас гарахыг тушаагаад хоорондоо зөвлөлдөж
16 «Энэ хүмүүсийг яах вэ? Үйлдсэн гайхамшгийг нь Иерусалимын бүх оршин суугч мэдэж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэх аргагүй байна.
17 Тэгэхээр, энэ явдлыг өөр хүмүүст мэдүүлэхгүйн тулд энэ нэрээр* хэнд ч, юу ч ярихгүй байхыг хатуу сануулъя» гэлээ.
18 Ингээд тэднийг дуудаж оруулаад Есүсийн нэрээр юу ч ярьж, заахгүй байхыг тушаав.
19 Тэгэхэд нь Петр Ёохан хоёр: «Та нар бод л доо. Өөрт нь биш, та нарт дуулгавартай байхыг Бурхан зөв гэж үзэх үү?
20 Бид үзсэн сонссоноо ярихгүй байж чадахгүй» гэж хэллээ.
21 Тэгэхэд нь, элчүүдэд дахин хатуу сануулаад суллажээ. Учир нь тэднийг шийтгэх шалтаг олдоогүй бөгөөд олон түмэн тэр явдлын улмаас Бурхныг алдаршуулж байв.
22 Гайхамшгаар эдгэсэн хүн 40 гаруй настай байжээ.
23 Суллагдсан хоёр элч өөрсдийнхөн дээрээ очоод ахлах тахилчид, ахлагчдын юу хэлснийг ярьж өгөхөд
24 тэнд байсан бүх хүн Бурханд хамт залбирч
«Хамгийн дээд эзэн, та тэнгэр, газар, тэнгис, тэдгээрт байдаг бүхнийг бүтээсэн билээ.
25 Та бидний өвөг, өөрийн үйлчлэгч Давидыг агуу хүчээрээ удирдан “Ямар учраас үндэстнүүд үймж, дэмий юм бодно вэ?
26 Ехова* болон түүний тосолсон нэгний эсрэг дэлхийн хаад байраа эзэлж, удирдагчид нэгджээ” гэж хэлүүлсэн билээ.
27 Үнэхээр ч Херод*, Понти Пилат хоёр бусад үндэстэн болон израйлчуудтай нэгдэж таны тосолсон, таны ариун үйлчлэгч Есүсийг эсэргүүцэхээр энэ хотод цуглаж
28 таны аль эрт хэлсэн үгийг биелүүлсэн. Энэ бүхэн хүчирхэг Бурхан таны санаа зорилгын дагуу болсон юм.
29 Одоо Ехова* минь, тэдний сүрдүүлгийг анхаараач. Таны үгийг үргэлж эр зоригтой тунхаглахад боолууддаа туслаач.
30 Та мутраа сунган өвчнийг эдгээж, ариун үйлчлэгч Есүсийнхээ нэрээр гайхамшиг үйлдээч» гэв.
31 Ийнхүү шаргуу залбиртал тэдний байсан байшин доргиж, хүн нэг бүр Бурхны агуу хүчний удирдлагаар үгийг нь зоригтой ярьж эхэллээ.
32 Түүнчлэн, олон хүн шинээр шавь болж, бүгдээрээ нэг сэтгэлтэй байв. Тэд өөрт байгаагаа минийх гэлгүй, бусадтайгаа хуваалцдаг байв.
33 Элчүүд Эзэн Есүс амилсныг тун сайн гэрчилж, Бурхан тэднийг бүгдийг нь арвин их ивээж байлаа.
34 Тэдний дунд гачигдаж дутагдсан хүн нэг ч байсангүй. Яагаад гэвэл бүх хүн талбай юм уу байшингаа зараад олсон мөнгөө
35 элчүүдэд өгөхөд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилж байлаа.
36 Киприйн уугуул, леви хүн, элчүүдийн нэрлэснээр Барнаб (орчуулбал, «тайвшруулагч») гэгддэг Иосеф
37 газраа зарж олсон мөнгөө элчүүдэд өгчээ.
Зүүлт
^ Эсвэл «нас барагсад амилахыг Есүсийн жишээгээр»
^ Үгч. «нэрээр»
^ Үгч. «нэр»
^ Бичиг үсэг мэдэхгүй гэсэн үг бус, шашны сургуульд сураагүй гэсэн үг.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Есүсийн нэрээр
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.