Нэгдүгээр Коринт 13:1–13

  • Хайр бол давуу зам (1-13)

13  Би хүний болон тэнгэрийн элчүүдийн хэлээр ярьдаг байлаа ч хайрлах сэтгэлгүй бол хангинах харанга, цангинах цан болно.  2  Хэрэв би зөгнөж чаддаг, бүх ариун нууцыг ойлгож гайхамшгаар мэдлэгтэй болдог, уулыг нүүлгэхээр бат итгэлтэй байлаа ч хайрлах сэтгэлгүй бол юу ч биш.  3  Бүх эд хөрөнгөө олны төлөө зориулах байлаа ч, өөрөөрөө бахархах гэж амиа өгөх байлаа ч хайрлах сэтгэлгүй бол аль нь ч надад ашиггүй. 4  Хайрладаг хүн тэвчээртэй, сайхан сэтгэлтэй. Атаархдаггүй, онгирдоггүй, бардамнадаггүй,  5  зохисгүй авирладаггүй, амин хувиа боддоггүй, амархан уурладаггүй, гомдож явдаггүй.  6  Муу юманд баярладаггүй, харин үнэнд баярладаг.  7  Хайрладаг хүн бүх юманд тэвчээртэй ханддаг*, бүх юманд итгэдэг, бүх юманд найддаг, хэзээ ч бууж өгдөггүй. 8  Хайр хэзээ ч дуусдаггүй*. Харин зөгнөж чаддаг байлаа ч зөгнөхөө болино. Хэлээр ярьж* чаддаг ч ярихаа болино. Гайхамшгаар мэдлэгтэй болдог ч тэгэхээ болино.  9  Бид хэсэгхэнийг мэддэг, хэсэгхэнийг зөгнөдөг.  10  Харин бүрэн бүтэн нь ирэх цагт хэсэгхэн гэдэг нь үгүй болно.  11  Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьдаг, хүүхэд шиг боддог, хүүхэд шиг сэтгэдэг байсан. Харин эрийн цээнд хүрээд хүүхэд зангаа гээсэн юм.  12  Одоо бид төмөр толинд бүдэг бадаг хардаг. Харин тэр үед нүүр нүүрээ харах мэт тодорхой харна. Одоо би Бурхны талаар хэсэгхэнийг мэддэг. Гэхдээ Бурхан намайг бүрэн гүйцэд мэддэг шиг тэр үед би Бурхныг бүрэн гүйцэд мэддэг болно.  13  Харин итгэл, найдвар, хайр гурав үлдэнэ. Гэвч эдгээрээс хамгийн агуу нь хайр юм.

Зүүлт

Үгч. «бүх юмыг далдалдаг»
Эсвэл «Хайрын хүч хэзээ ч харьдаггүй»
Гайхамшгаар өөр хэлээр ярихыг хэлсэн.