Нэгдүгээр Коринт 2:1–16
2 Тиймээс ах дүү нар аа, би та нар луу очиж Бурхны ариун нууцыг тунхаглахдаа уран цэцэн үг хэлж, ухаанаа гайхуулж байгаагүй.
2 Учир нь та нартай хамт байхдаа би Есүс Христийг болон шонд хадуулсныг нь л мэддэг байя гэж шийдсэн юм.
3 Та нар луу очихдоо би хүчин мөхөсдөж, айж чичирч байсан бөгөөд
4 хүний мэргэн ухаанаар ятгалгүй, харин Бурхны агуу хүчээр удирдуулан ярьж, мэдээгээ тунхагласан минь
5 та бүхнийг хүний мэргэн ухаанд бус, Бурхны хүчинд итгээсэй гэснийх юм.
6 Та бид төлөвшсөн хүмүүст мэргэн ухааныг ярьдаг. Энэ мэргэн ухаан нь өнөө үеийн* мэргэн ухаан биш, устаж үгүй болох өнөөгийн* захирагчдын ч мэргэн ухаан биш ээ.
7 Харин бид ариун нууц буюу Бурхны нууц мэргэн ухааныг ярьдаг. Энэ нь биднийг алдаршуулахын төлөө өнөөгийн нийгэм* бий болохоос өмнө Бурхны төлөвлөсөн зүйл юм.
8 Энэ мэргэн ухааныг өнөө үеийн* захирагчдын нэг нь ч ухаараагүй юм. Хэрэв ухаарсан бол алдарт Эзнийг хөнөөхгүй байв.
9 Харин ч «Чихэнд сонсогдоогүй, нүдэнд үзэгдээгүй, хүмүүний санаанд ороогүй юмыг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст зориулж бэлтгэсэн» гэж бичсэнээр болсон.
10 Харин бидэнд эдгээрийг Бурхан агуу хүчээрээ илчилж өгсөн. Яагаад гэвэл Бурхны агуу хүч бүх юмыг, Бурхны гүн юмыг ч илчилдэг.
11 Хүний бодлыг мэддэг хэн байна вэ? Үүнтэй адилаар, Бурхан агуу хүчээрээ илчлэхгүй л бол хэн ч Бурхны бодлыг мэдэх аргагүй.
12 Бид энэ ертөнцийн хандлагад авталгүй, Бурхны агуу хүчээр удирдуулбал Бурхны харамгүйгээр өгснийг ойлгоно.
13 Эдгээрийг ч та бид ярьдаг. Гэхдээ хүний мэргэн ухааны үгээр бус, агуу хүчний зааснаар ярьдаг. Бурханд хамаатай зүйлийг тайлбарлахдаа агуу хүчээр нь удирдуулдаг.
14 Бурхан агуу хүчээрээ илчилдэг зүйлийг нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн мунхаг гэж үздэг бөгөөд ухаардаггүй учир хүлээж авдаггүй. Тийм зүйлийг нягтлан үзэхийн тулд Бурхны агуу хүчээр удирдуулах учиртай байдаг.
15 Харин Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн бүх юмыг нягталдаг бөгөөд тийм хүнийг нүгэлт хүсэлдээ захирагддаг нэгэн нь зөв үнэлж чаддаггүй.
16 Ариун Сударт «Хэн Еховагийн* бодлыг мэдэж түүнд зааж сургах юм бэ?» гэж байдаг. Харин бидний бодол Христийнхтэй адил.
Зүүлт
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Эсвэл «энэ үеийн». Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «үе». Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
^ Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.