Нэгдүгээр Коринт 7:1–40

  • Гэрлэсэн, гэрлээгүй хүмүүст зориулсан зөвлөгөө (1-16)

  • Дуудагдахдаа ямар байсан тэр хэвээрээ яв (17-24)

  • Гэрлээгүй болон бэлэвсэрсэн хүмүүс (25-40)

    • Ганц бие байхын давуу тал (32-35)

    • «Эзний дагалдагчтай л гэрлэх ёстой» (39)

7  Та нарын бичсэн асуултад хариулахад, эрэгтэй хүн эмэгтэй хүнд хүрэхгүй* байх нь дээр юм.  2  Гэхдээ садар самуун* явдал газар авсан тул эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг.  3  Нөхөр нь эхнэрийнхээ төлөө, эхнэр нь нөхрийнхөө төлөө үүргээ* биелүүлэх учиртай.  4  Эхнэр хүний бие өөрийнх нь мэдлийнх бус, нөхрийнх нь мэдлийнх. Үүнчлэн, нөхөр хүний бие өөрийнх нь мэдлийнх бус, эхнэрийнх нь мэдлийнх.  5  Түр хугацаанд тусдаа залбирахаар тохирсноос бусад үед ханийнхаа хэрэгцээг анхаарч бай. Эс бөгөөс өөрийгөө бүрэн захирч чадахгүйгээр тань далимдуулан Сатан та нарыг сорих вий.  6  Би үүнийг зөвлөж байгаа болохоос тушааж байгаа юм биш.  7  Бүх хүн над шиг байгаасай. Гэхдээ Бурхан хүн бүрд адилхан бэлэг өгөөгүй. Зарим нь гэрлэдэг, зарим нь ганц бие явдаг. 8  Ганцаараа амьдардаг* эсвэл бэлэвсэн хүмүүст би хэлье. Надтай адил ганц бие хэвээрээ байх нь дээр.  9  Гэхдээ тэвчиж чадахгүй бол гэрлэ. Тачаадаж явснаас гэрлэсэн нь дээр. 10  Гэрлэсэн хүмүүст би заавар өгье. Үнэндээ би биш, Эзэн ийм заавар өгдөг. Эхнэр хүн нөхрөөсөө салж болохгүй.  11  Хэрэв нөхрөөсөө салбал ганц бие хэвээрээ бай, эсвэл нөхөртэйгөө эвлэр. Нөхөр хүн эхнэрээсээ салж болохгүй. 12  Бусдад нь би хэлье. Үүнийг Эзэн биш, би хэлж байгаа юм. Бурханд итгэдэг эрэгтэй Бурханд итгэдэггүй эхнэртэй байгаад, эхнэр нь салахгүй гэвэл бүү сал.  13  Бурханд итгэдэг эмэгтэй Бурханд итгэдэггүй нөхөртэй байгаад, нөхөр нь салахгүй гэвэл бүү сал.  14  Учир нь Бурханд итгэдэггүй нөхөр нь эхнэрийнхээ ачаар, Бурханд итгэдэггүй эхнэр нь нөхрийнхөө ачаар ариусгагддаг. Хэрэв тийм биш байсан бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо бол тэд ариун.  15  Бурханд итгэдэггүй нэгэн нь салахаар шийдвэл салаг. Ийм нөхцөлд хамт амьдрах ёстой гэсэн хууль байхгүй. Бурхан та нарт амар тайвныг соёрхсон юм.  16  Эхнэрүүд ээ, та нар нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхрүүд ээ, та нар эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ? 17  Хүн бүр анх дуудагдахдаа Еховагийн* оноосноор ямар байсан, тэр хэвээрээ яв. Би бүх хуралд ингэж сургадаг.  18  Хөвч таслуулсны дараа дуудагдсан уу? Тэгвэл тэр хэвээрээ бай. Хөвч таслуулаагүй байхдаа дуудагдсан уу? Тэгвэл хөвчөө бүү таслуул.  19  Хөвч таслуулах уу, үгүй юү гэдэг нь чухал биш. Харин Бурхны тушаалыг биелүүлэх нь чухал.  20  Дуудагдахдаа ямар байсан, тэр хэвээрээ л бай.  21  Боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ бүү зов. Гэхдээ чөлөөлөгдөх боломжтой бол боломжоо бүү алд.  22  Боол байхдаа дуудагдсан хүн бүхэн эрх чөлөөг олж Эзнийх болдог. Үүнтэй адил эрх чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн бүхэн Христийн боол болдог.  23  Үнэ төлж та нарыг худалдаж авсан учраас хүнд боолчлогдохоо боль.  24  Ах дүү нар аа, та бүхэн дуудагдахдаа ямар байсан, тэр хэвээрээ байж Бурхантай тогтоосон харьцаагаа хадгал. 25  Гэрлээгүй хүмүүст* Эзэн ямар нэг тушаал заавар өгөөгүй боловч Эзний нигүүлслийн ачаар үнэнч явдаг Паул би саналаа хэлье.  26  Бид хэцүү цагт амьдарч байгаа учир байгаагаараа байх нь хамгийн сайн гэж би бодож байна.  27  Та эхнэртэй юү? Тэгвэл салах тухай бодохоо боль. Та эхнэргүй юү? Тэгвэл эхнэр хайхаа боль.  28  Гэхдээ гэрлэлээ ч нүгэл үйлдсэн хэрэг биш. Гэрлээгүй хүн* гэрлэвэл нүгэл үйлдсэн хэрэг биш. Гэхдээ гэрлэхээр санаа зовох юм* нэмэгдэнэ. Та нарыг бүү зовоосой гэсэндээ би ингэж хэлж байгаа юм. 29  Ах дүү нар аа, бас нэг юм анхааруулъя. Ахархан хугацаа үлджээ. Цаашдаа эхнэртэй нь эхнэргүй мэт,  30  уйлж байгаа нь уйлаагүй мэт, баярлаж байгаа нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа нь аваагүй мэт бай.  31  Энэ ертөнцийг ашиглаж байгаа нь бүрэн ашиглаагүй мэт бай. Учир нь өнөөгийн ертөнц өөрчлөгдөж байна.  32  Та нарыг санаа зовох юмгүй байгаасай гэсэндээ би ингэж хэлж байгаа юм. Ганц бие эрэгтэй Эзний тааллыг олох гэж Эзний үйл хэргийг анхаардаг бол  33  гэрлэсэн эрэгтэй эхнэртээ таалагдах гэж ертөнцийн үйл хэргийг анхаардаг.  34  Ийм хүн биеэ хуваасан байдаг. Ганц бие болон онгон эмэгтэй бие, сэтгэлээрээ цэвэр ариун байх гэж Эзний үйл хэргийг анхаардаг бол гэрлэсэн эмэгтэй нөхөртөө таалагдах гэж ертөнцийн үйл хэргийг анхаардаг.  35  Би та нарын эрх чөлөөг хааж боох гэсэндээ бус, сайн сайхны тань төлөө, бас зохистой юм хийж, анхаарлаа сарниулахгүйгээр Эзэнд тууштай үйлчлээсэй гэсэндээ хэлж байна. 36  Хэрэв гэрлээгүй хүн* бэлгийн дур хүслээ дарж чадахгүй яваа бол, бас хэтэрхий залуу биш бол гэрлэг. Үнэхээр хүсэж байгаа бол гэрлэг. Гэрлэх нь нүгэл биш.  37  Харин өөр нэг нь, гэрлэе гэж боддоггүй бөгөөд гэрлэхгүй байхаар шийдсэн, өөрийгөө захирч чаддаг, тэр шийдвэрээ тууштай баримталдаг бол сайн хэрэг.  38  Тиймээс гэрлэсэн нь сайн, гэрлээгүй бол бүр ч сайн. 39  Нөхрийгөө амьд байхад эхнэр нь өөр хүнтэй гэрлэх эрхгүй. Харин нөхөр нь нас барвал хүссэн хүнтэйгээ гэрлэж болох боловч Эзний дагалдагчтай л* гэрлэх ёстой.  40  Гэхдээ дахин гэрлэхгүй бол илүү жаргалтай амьдарна гэж би бодож байна. Би ч Бурхны агуу хүчээр удирдуулдаг гэдэгтээ итгэлтэй байдаг.

Зүүлт

Бэлгийн харьцааг хэлсэн.
Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
Бэлгийн хэрэгцээг нь хангахыг хэлсэн.
Үгч. «Гэрлээгүй»
Грек үг нь онгон, зандан хүнийг хэлдэг.
1Ко 7:25-ын зүүлтийг үзнэ үү.
Үгч. «махан биеийн зовлон»
1Ко 7:25-ын зүүлтийг үзнэ үү.
Үгч. «Эзний дотор»