Нэгдүгээр Петр 5:1–14

  • Бурхны сүргийг хариул (1-4)

  • Даруу, сэрэмжтэй бай (5-11)

    • Бүх зовнилоо Бурханд даатга (7)

    • Сатан бол архирах арслан (8)

  • Дүгнэлт (12-14)

5  Тиймээс Христ яаж зовсныг үзсэн, илчлэгдэх алдрыг хүртэх хүний нэг, итгэл нэгт ахлагч би та нарын дунд байдаг ахлагчдад уриалж байна.  2  Та нарт хариуцуулсан Бурхны сүргийг хариул. Анхаарч халамжлан, албадлагаар биш, Бурхны таалалд нийцүүлэн сайн дураараа, ашиг хонжоо хайлгүй, чин сэтгэлээсээ үйлчлээрэй.  3  Бурхны эзэмшил болсон хүмүүсийг ноёлох бус, харин сүрэгтээ үлгэр дуурайл болж байгаарай.  4  Тэгвэл ахлах хоньчин илчлэгдэхэд та нар хэзээ ч гандашгүй, алдрын титмийг авна. 5  Залуу эрчүүд ээ, ахлагчдад* захирагдаж бай. Гэхдээ та нар бүгдээрээ даруу занг хувцас мэт өмсөж бие биетэйгээ харьц. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг энэрч нигүүлсдэг. 6  Тиймд Бурхны хүчирхэг мутрын дор даруу байцгаа. Тэгвэл Бурхан цаг нь болохоор та нарыг өргөмжилнө.  7  Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг.  8  Ухаалаг, сэрэмжтэй бай! Та нарын дайсан Диавол хэн нэгнийг залгихаар хайж байгаа архирах арслан мэт гэтэж явдаг.  9  Харин та бүхэн дэлхий даяарх итгэл нэгт ах дүү тань адилхан зовлон эдэлж байгааг санаж, бат итгэлтэйгээр түүнийг эсэргүүц.  10  Гэхдээ та нарыг үүрд алдартай байлгахаар сонгосон, нигүүлслээр бялхам Бурхан түр зуур зовсны тань дараа бүрэн гүйцэд сургана. Бурхан та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална.  11  Хүч чадал үүрд мөнхөд Бурхных билээ. Амен. 12  Та нарыгаа урамшуулан зоригжуулж, Бурхан та нарыг үнэхээр энэрэн нигүүлссэнийг ойлгуулахын тулд би үнэнч итгэл нэгт гэж үздэг Силуанаар* туслуулан хэдэн үг бичлээ. Бурхны нигүүлслийг хүртэн бат зогсогтун.  13  Та нартай адил сонгогдсон, Вавилонд байдаг эмэгтэй та нарт мэнд хүргэж байна. Миний хүү Марк бас мэнд хүргэж байна.  14  Хайрын сэтгэлээр бие биеэ үнсэж мэндчилээрэй. Христийн дагалдагч та бүхэнд Бурхан амар тайвныг соёрхох болтугай.

Зүүлт

Эсвэл «насаар ахмад эрчүүдэд»
Бас Силас гэдэг.