Нэгдүгээр Тесалоник 4:1–18
4 Ах дүү нар аа, Бурхны таалалд нийцүүлэхийн тулд биеэ хэрхэн авч явах учиртайг бид та нарт зааж сургасан билээ. Та нар ч заасан ёсоор явж байгаа. Цаашдаа улам сайжрахыг Эзэн Есүсийн өмнөөс та нарт уриалж, хүсэж байна.
2 Эзэн Есүсийн нэрийн өмнөөс бид юу заасныг* та нар мэднэ.
3 Садар самуун* явдлыг цээрлэж, ариун байгаасай гэж Бурхан хүсдэг.
4 Биеэ* хэрхэн захирахыг хүн бүр мэдэх ёстой. Тэгвэл та нар ариун байна, хүндэтгэл хүлээнэ.
5 Харин Бурхныг мэддэггүй хүмүүс шиг тачаангуй байх ёсгүй.
6 Хэм хэмжээг зөрчиж, ах дүүгээ хохироож болохгүй. Учир нь эдгээрийг үйлддэг хүнийг Ехова* шийтгэдэг. Энэ тухай бид урьд нь та нарт хэлж, сэрэмжлүүлж байсан.
7 Учир нь Бурхан биднийг бузар биш, ариун байлгах гэж сонгосон билээ.
8 Тэгэхээр, энэ сургаалыг үл тоогч нь хүнийг биш, харин та нарт агуу хүчээ өгдөг Бурхныг эсэргүүцэж байгаа хэрэг.
9 Ах дүүгээ хайрлах тухайд та нарт бичих шаардлагагүй. Учир нь та нар бие биеэ хэрхэн хайрлахыг Бурхнаар заалгасан.
10 Та нар Македонд байдаг бүх ах дүүгээ хайрладаг. Илүү их хайрлахыг уриалж байна.
11 Бидний зааснаар, амар жимэр амьдарч, хүний хэрэгт оролцолгүй, ажилч хичээнгүй байхыг зорилгоо болго.
12 Тэгвэл та нар гадны хүмүүст үлгэр дуурайл болох бөгөөд юугаар ч дутахгүй.
13 Түүнчлэн, ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн ирээдүйн тухай мэдэх нь зүйтэй. Ингэвэл ямар ч найдваргүй хүмүүс шиг гашуудахгүй.
14 Есүс үхээд амилсан гэдэгт бид итгэдэг. Есүст үнэнч явсаар нойрссон хүмүүсийг Бурхан амилуулж, Есүстэй хамт байлгана гэдэгт ч бид итгэдэг.
15 Еховагийн* үгэнд үндэслэн үүнийг хэлье. Эзнийг ирэхэд амьд байх зарим маань нойрссон хүмүүсийн өмнө орохгүй.
16 Учир нь Эзэн өөрөө Бурхны бүрээг барьсаар тэнгэрээс бууж ирээд, тэнгэрийн элчүүдийн тэргүүний хувьд тушаал буулгахад нойрссон дагалдагчид эхэлж амилна.
17 Тэр үед амьд байх бид тэдэнтэй хамт байхын тулд үүлэн дундуур явж, Эзэнтэй тэнгэрт уулзана. Тэгээд үргэлж түүнтэй хамт байх юм.
18 Тиймээс эдгээр үгээр бие биеэ тайвшруулж байгаарай.
Зүүлт
^ Эсвэл «тушаасныг»
^ Грекээр «порнея». Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «Саваа»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.