Нэгдүгээр Тимот 1:1–20

  • Мэндчилгээ (1, 2)

  • Хуурамч багш нараас сэрэмжлүүлсэн (3-11)

  • Бурхан Паулыг нигүүлссэн (12-16)

  • Мөнхийн Хаан (17)

  • «Сайн тэмц» (18-20)

1  Бидний Аврагч Бурхны болон найдварын маань үндэс болсон Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би  2  итгэл нэгт, хайрт хүү Тимотдоо* бичиж байна. Бидний Бурхан Эцэг болон Эзэн Христ Есүс чамайг нигүүлсэж, чамд амар тайвныг соёрхох болтугай. 3  Би Македон руу явах гэж байхдаа Эфэст үлдэхийг чамаас хүсэж байсан. Одоо бас нэг юм хүсье. Юу гэвэл, худал сургаал заахгүй,  4  зохиомол үг яриа, угийн бичгийг анхаарахгүй байхыг зарим нэг хүнд хэлээрэй. Эдгээр нь эргэлзээ төрүүлэхээс өөр ашиггүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг бэхжүүлдэггүй.  5  Ийм заавар* өгч байгаа минь бид чин зүрх, сайн мөс чанар болон гуйвшгүй итгэлдээ хөтлөгдөн хайрладаг байх учиртайнх юм.  6  Тэд ийм байгаагүй болохоор дэмий юм ярьдаг болжээ.  7  Тэд хуулийн багш байхыг хүсдэг боловч ярьдаг юмаа ч, баталж ярьдаг юмаа ч ойлгодоггүй. 8  Ёсоор нь биелүүлдэг бол Хууль сайн гэдгийг бид мэддэг.  9  Бас хуулийг зөв юм хийдэг хүнд зориулж гаргаагүй. Харин хуульгүй болон тэрслүү, Бурхныг тоодоггүй болон нүгэлтэй, үнэнч бус болон ариун бус, эцэг эхээ болон бусдыг хөнөөдөг,  10  садар самуун* явдалтай, ижил хүйстэнтэйгээ явалддаг эр, хүн хулгайлдаг, худалч, амласнаа биелүүлдэггүй хүн болон зөв* сургаалтай зөрчилддөг бүх юманд зориулж хууль гаргажээ.  11  Зөв сургаал нь жаргалтай Бурхных бөгөөд надад даалгасан алдарт сайн мэдээтэй яв цав нийцдэг. 12  Надад хүч өгсөн Эзэн Есүс Христэд би талархдаг. Учир нь намайг итгэмжит хэмээн үзээд ариун ажилд томилсон юм.  13  Урьд нь би доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн явсан. Гэхдээ итгээгүй, мэдээгүй байхдаа энэ бүхнийг үйлдсэн учир Бурхан намайг өршөөсөн билээ.  14  Бурхан намайг хэмжээлшгүй ихээр нигүүлссэн. Би Христ Есүсийн дагалдагч болсныхоо ачаар Христ Есүсээр хайрлуулж, итгэдэг болсон.  15  Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар дэлхий рүү ирсэн нь итгэж болох үнэн мөн. Би бол тэр нүгэлтнүүдийн адгийн муу нь юм.  16  Гэхдээ Христ Есүс хэчнээн их тэвчээртэйгээ өөрт нь итгэж мөнх амьдрах хүмүүст харуулахын тулд жишээ болгож адгийн нүгэлт намайг уучилж өршөөсөн. 17  Мөнхийн Хаан, үүрд орших, үл үзэгдэх, цорын ганц Бурхан үүрд мөнх алдаршиж, магтуулах болтугай. Амен. 18  Миний хайрт хүү Тимот оо, чиний талаарх зөгнөлүүдийн дагуу энэ зааврыг* өгч байна. Энэ нь чи зөгнөсөн ёсоор сайн тэмцэж,  19  гуйвшгүй итгэлтэй, мөс сайтай байг гэснийх юм. Зарим нь хүн чанараа гээсний улмаас итгэлийн хувьд сүйрсэн усан онгоц мэт болжээ.  20  Тэдний дунд Хүмэнай, Александр нар байна. Бурхныг гутаан доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан*.

Зүүлт

«Бурхныг хүндэлдэг хүн» гэсэн утгатай.
Эсвэл «тушаал»
Эсвэл «эрүүл, тустай»
Эсвэл «тушаалыг»
Хурлаас хассан гэсэн үг.