Нэгдүгээр Тимот 4:1–16
4 Хожмын цагт зарим хүн итгэдэг юмандаа итгэхээ болихыг Бурхан тодорхой хэлдэг. Учир нь тэд Бурхнаас эхтэй гэмээр худал үг болон чөтгөрүүдийн сургаалыг анхаарснаас болж итгэхээ болино.
2 Мөн халуун төмөрт түлэгдсэн арьс шиг мэдрэмжгүй мөс чанартай хүмүүс худал ярьж, хоёр нүүр гаргадгаас болж итгэхээ болих юм.
3 Тийм хүмүүс гэр бүл болохыг хориглодог, зарим хоол хүнсийг цээрлэхийг тушаадаг. Гэтэл тэр хоол хүнсийг Бурхан бүтээсэн нь үнэний тухай зөв мэдлэгийн ачаар итгэдэг болсон хүмүүс талархан хүртэж байг гэснийх билээ.
4 Бурхны бүх бүтээл сайхан. Талархан хүртдэг бол цээрлэх юм байхгүй.
5 Учир нь хоол хүнс, Бурхны үг болон залбирлаар ариусгагддаг.
6 Чи энэ зөвлөгөөг ах дүүдээ өгвөл үнэний* үг болон чанд баримталдаг сайн сургаалаар тэжээгддэг, Христ Есүсийн сайн үйлчлэгч байх юм.
7 Эмгэдийн яриа гэмээр Бурхныг доромжилсон худал яриаг бүү сонс. Харин Бурханд үнэнч байхыг зорилго болгон зүтгэл гарга*.
8 Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин Бурханд үнэнч байх нь бүх юманд тустай. Үнэнч байдаг бол одоо ч, ирээдүйд ч ивээл хүртэнэ.
9 Энэ бол итгэж болох, хүлээж авбал зохих үг юм.
10 Ийм учраас бид шантрахгүй зүтгэж, өөрсдийгөө дайчилдаг. Учир нь бид янз бүрийн хүний, ялангуяа, үнэнч хүний Аврагч, амьд Бурханд итгэж найддаг билээ.
11 Эдгээрийг тушааж, зааж сургаж бай.
12 Хэн ч чамайг залуу гэж дорд бүү үзэг. Харин чи үнэнч хүмүүст үг яриа, зан байдал, хайр, итгэл, цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол.
13 Намайг очтол ариун судрыг олны өмнө унших, бусдыг ятгах*, зааж сургахыг анхаарч байгаарай.
14 Ахлагчид чам дээр гараа тавихад зөгнөлийн дагуу Бурхан чамд бэлэг өгсөн. Тэр бэлгийг эрхэмлэж яваарай.
15 Ахиц гаргаж байгаа чинь бүх хүнд илэрхий болохын тулд эдгээрийг эргэцүүлэн бодож, өөрийгөө бүрэн зориул.
16 Ямар байдгаа, юу заадгаа үргэлж анхаарч яв. Эдгээрт туйлбартай бай. Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна.