Нэгдүгээр Тимот 6:1–21

  • Боол нь эзнээ хүндэтгэх (1, 2)

  • Хуурамч багш нар, мөнгөнд дурлах (3-10)

  • Бурхны үйлчлэгчид өгсөн заавар (11-16)

  • Сайн үйлсээр баян байх (17-19)

  • Чамд даалгасан юмыг хамгаал (20, 21)

6  Боол нь эзнээ чин сэтгэлээсээ хүндэтгэх учиртай. Ингэвэл Бурхны нэр ба сургаал муу хэлэгдэхгүй.  2  Түүнээс гадна, итгэл нэгт гэдгээр нь далимдуулан эзнээ хүндэтгэхгүй байж болохгүй. Харин ч илүү сайн үйлчил. Учир нь чи итгэл нэгт, хайртай ах дүүдээ үйлчилж байгаа шүү дээ. Эдгээрийг зааж, зөвлөж байгаарай.  3  Хэрэв хүн өөр сургаал заадаг, эсвэл бидний Эзэн Есүс Христийн заасан зөв* сургаал юм уу Бурханд хэрхэн үйлчлэхийг заадаг сургаалтай санал нийлдэггүй бол  4  бардам ихэмсэг, юу ч ойлгодоггүй, үгнээс болж маргаж мэтгэдэг өвчтэй гэсэн үг. Маргаан мэтгэлцээнээс болж хүмүүс бие биедээ атаархдаг, хагаралддаг, нэг нэгнээ гүтгэдэг*, хардаж сэжиглэдэг,  5  шалихгүй юмнаас болж байнга муудалцдаг. Бурханд үнэнч байхыг ашиг хонжоо олох хэрэгсэл гэж боддог, үнэнийг ойлгохоо больсон, завхарсан бодолтой хүмүүсээс болж байнга муудалцах явдал гардаг.  6  Үнэндээ Бурханд үнэнч байхын зэрэгцээ байгаадаа сэтгэл хангалуун байдаг бол энэ нь агуу ашиг мөн.  7  Учир нь бид дэлхийд юу ч авчраагүй, дэлхийгээс юу ч авч явж чадахгүй.  8  Тэгэхээр хоол хүнс, хувцас хунар* байвал бид сэтгэл хангалуун байх юм. 9  Харин баяжихаар шийдсэн хүн хорхой хүргэм зүйлд татагддаг, урхинд ордог, элдвийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд автдаг. Эдгээр нь үгүйрүүлдэг, сүйрүүлдэг.  10  Учир нь мөнгөнд дурлах нь бүх муу муухай юмны нэг үндэс юм. Зарим хүн мөнгөнд дурласны гайгаар итгэлийн замаас хазайж, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ. 11  Харин Бурхны үйлчлэгч чи эдгээрээс зугт. Гэхдээ Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж хийж, үнэнч байж, итгэл, хайр, тэвчээр, дөлгөөн занг төлөвшүүлэхийн төлөө биеэ дайчил.  12  Бурхны сургаалыг хамгаалахын тулд эрхэм сайн тэмцэл хий.* Мөнх аминаас бат зуурч яв. Учир нь Бурхан мөнх амь өгөхөөр чамайг сонгосон бөгөөд мөнх амийн талаар чи олон гэрчийн өмнө тунхагласан. 13  Бүхнийг амьд байлгадаг Бурхныг гэрчээ болгож байгаад, мөн Понти Пилатад зоригтой гэрчилсэн Христ Есүсийг гэрчээ болгож байгаад би чамд тушааж байна.  14  Юу гэвэл, Эзэн Есүс Христийг үзэгдтэл тушаасныг биелүүлж, хэн ч муу хэлэхээргүй, гэм зэмгүй бай.  15  Жаргалтай, цорын ганц хүчирхэг Захирагч цаг нь болоход үзэгдэнэ. Тэр бол хаадын Хаан, эздийн Эзэн бөгөөд  16  үхэшгүй мөнхийг ганцаараа эзэмшдэг, хүршгүй гэрлийн дотор оршдог. Хэн ч хараагүй, хэн ч харж чадахгүй. Тэр алдаршиж, мөнхөд хүчирхэг байх болтугай. Амен. 17  Өнөөгийн* баячуудад даруу бай гэж тушаа. Бас устаж үгүй болдог эд баялагт бус, харин баясаж цэнгэх бүх зүйлээр биднийг арвин их хангадаг Бурханд найд гэж тушаа.  18  Мөн сайныг үйлдэж, сайн үйлсээр баян, өгөөмөр бөгөөд хуваалцахад бэлэн бай гэж хэлээрэй.  19  Ийм байвал Бурхны өгдөг эд баялгийг хурааж, ирээдүйнхээ төлөө сайн суурь тавьж байгаа хэрэг. Ингэснээр жинхэнэ аминаас зуурах юм. 20  Тимот оо, чамд даалгасан юмыг хамгаал. Бурхныг гутаадаг дэмий хоосон яриа болон мэддэг гэдэг боловч мэдлэг нь үнэнд нийцдэггүй хүмүүсийг бүү сонс.  21  Зарим хүн тийм мэдлэгээр гайхуулж яваад үнэн сургаалаас холдож хөндийрсөн юм. Бурхан чамайг нигүүлсэх болтугай.

Зүүлт

Эсвэл «эрүүл, тустай»
Эсвэл «доромжилдог»
Эсвэл «толгой хоргодох орон». Үгч. «бүрээс»
Үгч. «Итгэлийн эрхэм сайн тэмцэл хий».
Эсвэл «өнөө үеийн». Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.