Хоёрдугаар Коринт 4:1–18
4 Бурхан биднийг энэрэн нигүүлсэж энэ ажлыг даалгасан учир бид шантардаггүй.
2 Бид ямар ч ичгүүртэй юмыг нууцаар хийдэггүй, залилж мэхэлдэггүй, Бурхны үгийг гажуудуулдаггүй. Харин үнэнийг илчилж, Бурхны өмнө хүн* бүрд сайн жишээ үзүүлдэг.
3 Бидний тунхагладаг сайн мэдээ нууцлагдсан* байлаа гэхэд энэ нь мөхөж байгаа хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг.
4 Үл итгэгч энэ хүмүүсийн ухаан санааг өнөө үеийн* бурхан сохолсон нь Бурхны дүр болох Христийн тухай алдарт сайн мэдээний гэрлийг үзүүлэхгүйн тулд ажээ.
5 Бид өөрсдийнхөө тухай тунхагладаггүй. Харин Есүс Христ бол Эзэн, бид бол Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг.
6 Бурхан бол «Харанхуйд гэрэл гэрэлтэг» хэмээсэн нэгэн бөгөөд бидний зүрхэнд гэрлээ тусгасан. Христийн нүүрнээс цацардаг энэхүү гэрлийн ачаар бид Бурхны тухай цог жавхлант мэдлэгийг олж авдаг.
7 Гэхдээ шавар сав мэт бид энэхүү эрдэнэсийг тээдэг нь өөрсдөө чаддагтаа бус, харин Бурхан хэрээс хэтэрсэн хүч өгдгийнх юм.
8 Хүмүүс янз янзаар зовоодог ч бид бууж өгдөггүй, сандарч тэвддэг ч цөхөрдөггүй,
9 хүмүүс хавчдаг ч Бурхан орхидоггүй, бид цохиулдаг ч бүр унадаггүй.
10 Хаана ч явсан, Есүстэй адил зовж, үхлийн аюулд өртдөг маань Есүсийн амьдралыг энэ биеэрээ туулдгийн илрэл юм.
11 Амьд яваа бид Есүсийг дагадгаасаа болж үхэлтэй үргэлж нүүр тулдаг нь Есүсийн амьдралыг үхдэг биеэрээ туулдгийн илрэл юм.
12 Ийнхүү бид үхэлтэй нүүр тулдаг учир та нар амийг олж авдаг.
13 «Би итгэдэг учир ярьдаг» гэж бичсэнчлэн бид ч бас тийн итгэдэг учир ярьдаг бөгөөд
14 Есүсийг амилуулсан нэгэн биднийг ч бас тэгж амилуулж, та биднийг түүний өмнө аваачихыг мэддэг.
15 Бид та нарын төлөө ингэж их зовсон нь улам олон хүн Бурхны нигүүлслийг хүртээсэй гэснийх юм. Тэгвэл улам олон хүн Бурханд талархаж түүнийг алдаршуулах юм.
16 Тиймээс бид шантардаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байгаа.
17 Бидэнд тулгардаг зовлон* түр зуурынх бөгөөд ялихгүй юм. Гэхдээ илүү хүндтэй*, үүрдийн алдартай болгодог.
18 Бид үзэгдэх юмыг бус, үл үзэгдэх юмыг үргэлж анхаардаг. Учир нь үзэгдэх юм зуурдынх, үл үзэгдэх юм үүрдийнх.
Зүүлт
^ Үгч. «хүний мөс чанарт»
^ Эсвэл «бүтээлгээр халхлагдсан»
^ Үгийн тайлбараас «Үе»-ийг үзнэ үү.
^ Эсвэл «сорилт»
^ Үгч. «жинтэй»