Гуравдугаар Ёохан 1:1–14

  • Мэндчилгээ, залбирал (1-4)

  • Гаид өгсөн заавар (5-8)

  • Эрх мэдэлд дурлагч Диотреф (9, 10)

  • Деметрийн талаар ам сайтай (11, 12)

  • Уулзана гэж найдаж, мэнд хүргэсэн (13, 14)

1  Чин сэтгэлээсээ хайрладаг, эрхэм дүү Гаид нас өндөр болсон ахлагч би бичиж байна. 2  Хайрт дүү минь, чамайг одоогийнх шигээ бүх талаар сайн сайхан явж, эрүүл энх байгаасай гэж би залбирдаг.  3  Үнэнээс зуурч, үнэний замаар замнаж байгааг чинь ах дүү нар ирж ярихад би их баярласан.  4  Хүүхдүүд минь үнэний замаар явж байгааг дуулахаас өөр юунд магнай хагартал баярлах* билээ. 5  Хайрт дүү минь, чи таньж мэдэхгүй ах дүү нартаа ч туслан Бурханд үнэнчээ баталж байгаа юм байна.  6  Хэрхэн хайрладгийг чинь тэр ах дүү нар хурлынханд гэрчилсэн юм. Тэднийг явахад нь Бурханд таалагдахуйцаар үдэж гаргаарай.  7  Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй, Бурхны нэрийн төлөө сайн мэдээ тунхагладаг юм.  8  Бид тийм хүмүүст зочломтгой хандах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлбэл үнэнийг түгээн дэлгэрүүлэхэд нь тэдэнтэй хамтран ажиллаж байгаа хэрэг. 9  Би хурлынханд захидал бичсэн боловч тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг ч хүндэтгэхгүй, хэлснийг маань ч тоохгүй байгаа юм.  10  Тийм учраас, хэрэв би очвол хийсэн хэргийг нь илчилнэ. Диотреф биднийг муулдаг. Түүгээр зогсохгүй, очсон ах дүүг хүндэтгэдэггүй. Хүндэтгэх гэсэн хүмүүсийг хориглож, хурлаас хасахыг оролддог. 11  Хайрт дүү минь, чи мууг биш, сайныг дуурай. Сайн юм хийдэг хүн Бурхнаар удирдуулдаг. Харин муу юм хийдэг хүн Бурхныг мэддэггүй.  12  Ах дүү нар бүгдээрээ Деметрийн талаар ам сайтай байдаг. Тэр өөрөө үнэний дагуу амьдардаг. Бид ч түүний талаар гэрчилж байна. Бидний гэрчлэл үнэн гэдгийг чи мэднэ шүү дээ. 13  Бичих юм их байгаа ч бийр янтай нийлүүлэхийг үл хүснэ.  14  Харин удахгүй чамтай уулзана гэж найдаж байна. Нүүр тулан уулзахдаа ярилцъя. Амар амгалан байх болтугай. Анд нөхөд маань чамд мэнд хүргэж байна. Хүн бүрд миний мэндийг уламжлаарай.

Зүүлт

Эсвэл «талархах» гэсэн бололтой.