Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг цуглааны заавар
Гарчиг
1. Амьдрал, үйл хэрэг цуглааныг «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал» ба доорх зааврын дагуу явуулна. Даалгавар авч биелүүлэхийг бүх дэлгэрүүлэгчид уриалах ёстой. Цуглаанд ирдэг идэвхтэй сонирхогчид Библийн сургаалыг хүлээн зөвшөөрч, Христийн дагалдагчдын баримталдаг зарчмын дагуу амьдарч байгаа бол даалгавар биелүүлж болно (be p. 282).
ЭХНИЙ ҮГ
2. 1 минут. 7 хоног бүр Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтлөгч эхний дуу ба залбирлын дараа цуглааны хөтөлбөрөөс сонирхол татахуйц зүйлийг нь онцолно. Хөтлөгч хуралд хамгийн хэрэгтэй гэсэн санааг онцолно.
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС
3. Илтгэл: 10 минут. «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д тодорхой сэдэв бүхий хоёроос гурван гол санааг оруулсан тойм бий. Энэ илтгэлийг ахлагч юм уу чадварлаг туслах үйлчлэгч тавина. Тухайн 7 хоногт Библиэс шинэ ном уншиж эхэлсэн бол тэр номыг танилцуулах видеог үзүүлнэ. Илтгэгч уг видеоноос илтгэлийн сэдэвтэй холбоотой зүйлийг хэлж болох юм. Гэхдээ цуглаанаар үзэх материалд буй тоймын гол санааг илтгэлдээ заавал оруулах ёстой. Мөн цагтаа багтахаар бол, гол санааг дэмжих зорилгоор бэлдсэн зураг болон нэмэлт санааг тайлбарлах шаардлагатай.
4. Эрдэнэс хайх нь: 10 минут. Энэ хэсгийг ахлагч юм уу чадварлаг туслах үйлчлэгч оршил, дүгнэлт хэлэхгүйгээр асуулт хариултын журмаар хөтөлнө. Гурван гол санааг хэлэлцэхдээ хурлын хэрэгцээнд тохируулж цагаа хуваарилах боломжтой. Гэхдээ бүх асуултыг асуух ёстой. Эхний хоёр асуултад байгаа Библийн зүйлүүдийг уншуулах эсэхээ өөрөө шийдэж болно. Сонсогчид 30 секундэд багтааж хариулах ёстой.
5. Библиэс унших: 4 минутаас хэтрэхгүй. Энэ даалгаврыг эрэгтэй хүн биелүүлнэ. Уншихдаа оршил, дүгнэлт хэлэхгүй. Цуглааны хөтлөгч даалгавар биелүүлж буй хүнд материалаа ойлгож, түгдрэхгүй, утгын өргөлт, зогсоцыг зөв тавьж, аялгаа зөв өөрчлөн, яруу тод уншиж сурахад нь туслахыг анхаарна. Библийн унших хэсэг зарим нь урт, зарим нь богино байдаг учраас Амьдрал, үйл хэрэг цуглааны хариуцагч сурагчдад даалгавар өгөхдөө тэдний чадварыг харгалзан үзэх учиртай.
ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ
6. 15 минутаас хэтрэхгүй. Цуглааны энэ хэсгээр бүх хүн дэлгэрүүлэх ажлын бэлтгэл хийж, дэлгэрүүлэх болон заах чадвараа сайжруулах боломжтой. Даалгавар биелүүлж буй хүмүүс анхны болон бусад уулзалтыг «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын 1 дүгээр хуудсан дахь «Ярианы жишээ»-нд үндэслэж бэлдэнэ. «Заах ажлын багажны хайрцаг»-аас хэвлэл, видео үзүүлэх эсэхээ дэлгэрүүлэгч өөрөө шийдэж болно. Дэлгэрүүлэхэд туслах зорилгоор ярианы жишээнд «“Багажны хайрцаг”-аас энэ зүйлийг олно уу» гэсэн хэсгийг оруулсан. Сурагч энэ хэсгийг даалгавартаа оруулах эсэхээ өөрөө шийднэ. «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д даалгаврыг хэчнээн хугацаанд биелүүлэхийг заасан байдаг. Заримдаа даалгаварт хамаатай нэмэлт заавар бичсэн байж болох юм. Даалгавраа биелүүлэхдээ цагаа гүйцэд ашиглах гээд нэмэлт материал оруулж сунжруулах шаардлагагүй. Даалгавраа сайн бэлдсэн бол нэг минут юм уу минут гаруйн өмнө дуусгаж болно. Шаардлагатай бол ахлагч даалгавар биелүүлнэ.
7. Ярианы жишээний видео: Ярианы жишээний видеог сар бүр үзүүлж, хэлэлцэнэ. Эдгээр видео нь анхны уулзалт, давтан уулзалтын жишээ юм. Энэ хэсгийг хөтлөгч хөтөлнө.
8. Анхны уулзалт: Энэ даалгаврыг эрэгтэй эмэгтэй хүний аль нь ч биелүүлж болно. Туслах нь эсрэг хүйсийн хүн байж болохгүй. Гэхдээ гэр бүлийнх нь гишүүн байж болно. Даалгавар биелүүлэхдээ суух юм уу зогсох эсэхээ өөрөө шийднэ. Нутгийнхаа онцлогт тохируулж мэндлэх хэрэгтэй. Даалгавраа Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материалд байгаа ярианы жишээнд үндэслэн биелүүлэх ёстой.
9. Давтан уулзалт: Энэ даалгаврыг эрэгтэй эмэгтэй хүний аль нь ч биелүүлж болно. Туслах нь эсрэг хүйсийн хүн байж болохгүй (km 5/97 p. 2). Даалгавар биелүүлэхдээ суух юм уу зогсох эсэхээ өөрөө шийднэ. Анх уулзахад сонирхсон хүнтэй дахин уулзаж байгаагаар үзүүлэх ёстой. Даалгавраа «Амьдрал, үйл хэрэг» цуглаанаар үзэх материалд байгаа ярианы жишээнд үндэслэн биелүүлэх ёстой.
10. Библийн хичээл: Энэ даалгаврыг эрэгтэй эмэгтэй хүний аль нь ч биелүүлж болно. Туслах нь эсрэг хүйсийн хүн байж болохгүй (km 5/97 p. 2). Даалгавар биелүүлэхдээ суух юм уу зогсох эсэхээ өөрөө шийднэ. Энэ даалгаврыг тогтмол хийдэг Библийн хичээл хийж байгаагаар биелүүлэх ёстой. Оршил үг юм уу дүгнэлттэй холбоотой хичээл дээр ажиллаагүй бол оршил, дүгнэлт хэлэх шаардлагагүй. Даалгавар биелүүлэхдээ үндсэн материалыг бүгдийг нь уншуулж болох ч ингэх шаардлагагүй. Гол нь чадварлаг сайн заахыг анхаарах ёстой.
11. Илтгэл: Энэ даалгаврыг эрэгтэй хүн биелүүлж, илтгэл тавина.
БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
12. Дуу дуулсны дараах 15 минутад, Бурхны Үгийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор бэлтгэсэн нэг юм уу хоёр хөтөлбөр явуулна. Өөрөөр заагаагүй бол эдгээр хөтөлбөрийг ахлагч юм уу чадварлаг туслах үйлчлэгчид даалгана. Гэхдээ хурлын хэрэгцээг зөвхөн ахлагч хөтөлнө.
13. Библи судлал: 30 минутаас хэтрэхгүй. Чадварлаг ахлагч хөтөлнө (Шаардлагатай бол, ахлагч цөөтэй хуралд чадварлаг туслах үйлчлэгчээр хөтлүүлж болно). Хурлын ахлагчдын зөвлөл Библи судлалыг хөтлөх хүнийг томилохдоо шаардлага хангасан эсэхийг нь харгалзаж үзнэ. Томилогдсон хүмүүс үр өгөөжтэй хөтлөх буюу судлалыг цагт нь багтааж, гол Библийн зүйлүүдийг онцолж, сурч буй зүйл ямар ач тустайг бүх хүнд ойлгуулж чаддаг байх ёстой. Хөтлөгчид «Харуулын цамхаг» судлалыг хөтлөх зааврыг уншиж судалбал тустай зарчмуудыг мэдэж авна. Тухайн 7 хоногт үзэх материалаа сайтар хэлэлцсэн бол сунжруулаад байх шаардлагагүй. Боломжтой бол, 7 хоног бүр өөр хүн хөтөлж, өөр хүн уншвал сайн. Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтлөгч, Библи судлалыг ердийнхөөс богино хугацаанд явуулахыг хүсвэл Библи судлалыг хөтлөгч яаж богиносгохоо шийдэх хэрэгтэй. Зарим догол мөрийг уншуулахгүй байж болох юм.
ДҮГНЭЛТ
14. 3 минутаас хэтрэхгүй. Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтлөгч цуглаанаар үзсэн санаануудаас илүү ач холбогдолтойг нь давтана. Мөн дараа 7 хоногт үзэх материалыг танилцуулна. Ингэхдээ дараа 7 хоногт хэлэлцэх нэг асуултыг дурдаж болох юм. Цагтаа багтахаар бол ирэх 7 хоногт даалгавар биелүүлэх сурагчдын нэрийг хэлж болно. Өөрөөр заагаагүй бол цуглааны хөтлөгч шаардлагатай зарлалыг хэлж, захидлыг уншина. Дэлгэрүүлэх, цэвэрлэгээ хийх гэх мэтийн хуваарьт ажлын талаар тайзнаас зарлахгүй. Харин мэдээллийн самбарт хадах ёстой. Цуглааны хөтлөгч өгөгдсөн цагт зарлал хэлэх юм уу захидал уншиж амжихааргүй бол Бурхны үйлчлэгчийн ёсоор амьдрах нь хэсэгт хөтөлбөр явуулах хүмүүсээс хөтөлбөрөө богиносгохыг хүсэх хэрэгтэй ( 13, 17-р догол мөрийг үзнэ үү). Цуглааны төгсгөлд дуу дуулж, залбирна.
«УНШИХ, ЗААЖ СУРГАХЫГ АНХААРЧ БАЙГААРАЙ»
15. Сурагч бүр «Зааж сургах» товхимлоо хэвлэмлээр ч бай, цахим хэлбэрээр ч бай, Амьдрал, үйл хэрэг цуглаанд авчрах ёстой. Цуглааны хөтлөгч уг товхимолд үндэслэн сурагчид зөвлөгөө өгнө, сурагчийг магтана. Сурагчийн аль хичээл дээр ажиллахыг Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материалд даалгаврынх нь хажууд хаалтад тэмдэглэсэн байх юм. Уг товхимлын «Миний ахиц дэвшил» гэсэн хүснэгтэд хөтлөгч биш, сурагч өөрөө тэмдэглэл хийнэ.
ЗӨВЛӨГӨӨ
16. Даалгавар болгоны дараа Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтлөгч ойролцоогоор нэг минутад багтааж «Зааж сургах» товхимолд үндэслэн магтаж, зөвлөгөө өгнө. Сурагчийн даалгаврыг танилцуулахдаа аль хичээл дээр ажилласныг нь хэлэхгүй. Харин даалгавар биелүүлснийх нь дараа сурагчийг магтаж, аль хичээл дээр ажилласныг нь хэлж болно. Хичээлд байгаа зөвлөгөөг хэр сайн хэрэгжүүлснийг нь тодорхой хэлнэ. Эсвэл юуг илүү анхаарах хэрэгтэйг эвтэйхэн тайлбарлана. Бас даалгаврыг хэрхэн биелүүлэхийг ажиглаж байгаад сурагч юм уу сонсогчдод хэрэг болно гэж санагдсан бусад зүйлийг хэлж болно. Түүнчлэн цуглааны дараа юм уу өөр үед, ажилласан хичээлд нь эсвэл өөр хичээлд холбогдуулж «Зааж сургах» товхимол эсвэл «Чадвараа сайжруулах нь» товхимолд үндэслэж нэмэлт зөвлөгөөг, ганцаарчлан өгч болно. (Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтлөгч ба дэд зөвлөхийн үүргийн тухай мэдье гэвэл 17, 22, 24-р догол мөрийг үзнэ үү).
ЦАГ БАРИХ
17. Амьдрал, үйл хэрэг цуглааны ямар ч хэсэг, бас хөтлөгчийн хэлэх үг цагаасаа хэтрэх ёсгүй. Сурагч даалгавар биелүүлэхдээ цагаасаа хэтрүүлбэл эвтэйхэн зогсоох хэрэгтэй. Цуглааны бусад хэсгийг хөтөлсөн хүмүүс цагаа хэтрүүлбэл дэд зөвлөх ганцаарчлан зөвлөгөө өгөх хэрэгтэй ( 24-р догол мөрийг үзнэ үү). Дуу, залбирлыг оруулаад цуглааны хөтөлбөрийг нийт 1 цаг 45 минутад багтаах ёстой.
ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧИЙН ЭРГЭЛТ
18. Дүүрэг хариуцагч эргэлт хийх үед цуглааныг «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д үндэслэн явуулна. Гэхдээ дараах өөрчлөлтийг хийнэ. Бурхны үйлчлэгчийн ёсоор амьдрах нь хэсгийн Библи судлалын оронд дүүрэг хариуцагч 30 минут илтгэл тавина. Уг илтгэлийн өмнө Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтлөгч цуглааны хөтөлбөрийг тоймлож, ирэх 7 хоногийн хөтөлбөрийг танилцуулж, зарлал юм уу захидал байвал уншиж сонсгоно. Дараа нь дүүрэг хариуцагчийг тайзнаа урина. Дүүрэг хариуцагчийн сонгосон дууг илтгэлийн дараа дуулж, цуглааныг дуусгана. Төгсгөлд нь өөр хүнээр залбируулж болно. Дүүрэг хариуцагчийн эргэлтийн 7 хоногт даалгавар биелүүлэх нэмэлт анги бүрдүүлэх шаардлагагүй. Хуралд дүүрэг хариуцагч эргэлт хийж байхад бүлэг цуглаанаа явуулж болно. Гэхдээ дүүрэг хариуцагчийг илтгэл тавих үед бүлгийн хүмүүс хурлынхантай хамт сонсох ёстой.
ЧУУЛГАНЫ 7 ХОНОГ
19. Дүүргийн юм уу бүсийн чуулган болох 7 хоногт цуглаан явуулахгүй. Тухайн 7 хоногт үзэх ёстой материалыг хувиараа эсвэл гэр бүлээрээ үзэх ёстой.
ДУРСАХ ЦУГЛААНЫ 7 ХОНОГ
20. Дурсах цуглаан ажлын өдөр таарч байвал тухайн 7 хоногт Амьдрал, үйл хэрэг цуглааныг явуулахгүй. Харин Дурсах цуглааны өдөр дэлгэрүүлэх ажлын цуглааныг явуулах нь зүйтэй.
АМЬДРАЛ, ҮЙЛ ХЭРЭГ ЦУГЛААНЫ ХАРИУЦАГЧ
21. Ахлагчдын зөвлөл нэг ахлагчийг Амьдрал, үйл хэрэг цуглааны хариуцагчаар томилно. Томилогдсон ахлагч цуглааныг энэ зааврын дагуу, сайн зохион байгуулалттай явуулахыг анхаарна. Дэд зөвлөхтэй сайн ярилцаж байх хэрэгтэй. «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын шинэ дугаар гармагц даалгавар биелүүлэх хүмүүсийг хуваарилна ( 5–11-р догол мөрийг үзнэ үү). Даалгавар биелүүлэх хүн бүрд даалгаврыг нь «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг цуглааны даалгавар» (S-89) гэсэн маягтад бичиж, даалгавар биелүүлэхээс наад зах нь гурван 7 хоногийн өмнө өгөх ёстой.
АМЬДРАЛ, ҮЙЛ ХЭРЭГ ЦУГЛААНЫ ХӨТЛӨГЧ
22. 7 хоног бүр нэг ахлагч Амьдрал, үйл хэрэг цуглааныг хөтөлнө (Шаардлагатай бол, ахлагч цөөтэй хуралд чадварлаг туслах үйлчлэгчээр хөтлүүлж болно). Хөтлөгч эхний үг ба дүгнэлтийг бэлдэж, ярианы жишээний видеог болон «Зааж сургах» товхимлын хичээлийн видеог хэлэлцүүлнэ. Үүнээс гадна, бүх хөтөлбөрийг танилцуулж, ахлагчдын зөвлөлийн бүрэлдэхүүнээс хамааран цуглааны зарим хөтөлбөрийг ч явуулж болно. Хөтөлбөрүүдийн хооронд аль болох бага ярих хэрэгтэй. Ахлагчдын зөвлөл ийм чадварлаг ахлагчдыг сонгоно. Сонгогдсон чадварлаг ахлагчид цуглааныг ээлжээр хөтөлнө. Хурлын нөхцөл байдлаас шалтгаалан Амьдрал, үйл хэрэг цуглааны хариуцагч бусад ахлагчаас олон удаа цуглааныг хөтөлж болох юм. Ер нь, Библи судлалыг хөтлөх шаардлага хангадаг ахлагч цуглааныг хөтлөх шаардлага хангадаг. Гэхдээ цуглаан хөтлөх ахлагч даалгавар биелүүлсэн хүмүүст тустай зөвлөгөөг эвтэйхэн өгч, магтах хэрэгтэй байдаг. Бас цуглааны хөтөлбөрийг цагт нь дуусгахыг анхаарч байх үүрэгтэй ( 14, 17-р догол мөрийг үзнэ үү). Хэрэв хөтлөгч хүсвэл, бас зай талбай байвал туслах микрофон байрлуулж, хөтөлбөр хариуцсан хүнийг индэр лүү явах зуур туслах микрофоноор тухайн хөтөлбөрийг танилцуулж болох юм. Түүнчлэн, «Библиэс унших» болон «Дэлгэрүүлэх чадвараа сайжруулах нь» хэсгийн үеэр тайзан дээрх ширээн дээр сууж болох юм. Ингэвэл цаг хэмнэнэ.
АХЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ
23. Ахлагчдын зөвлөлийн зохицуулагч эсвэл түүний туслах цуглааны хөтөлбөр явуулах хүмүүсийг томилно. Харин даалгавар биелүүлэх хүмүүсийг томилохгүй. Ахлагчдын зөвлөлийн сонгосон ахлагчдын хэнээр нь цуглааныг хэзээ хөтлүүлэхийг бас шийднэ. Цуглааны хөтөлбөрийн хуваарийг мэдээллийн самбарт хадсан эсэхийг ахлагчдын зөвлөлийн зохицуулагч ч, Амьдрал, үйл хэрэг цуглааны хариуцагч ч анхаарч байх хэрэгтэй.
ДЭД ЗӨВЛӨХ
24. Боломжтой бол, илтгэл сайн тавьдаг туршлагатай ахлагчийг томилох нь сайн. Дэд зөвлөх нь Амьдрал, үйл хэрэг цуглааны хөтөлбөр явуулдаг, нийтийн илтгэл тавьдаг, «Харуулын цамхаг», Библи судлалыг хөтөлдөг юм уу уг судлал дээр уншдаг ахлагчид болон туслах үйлчлэгчдэд, шаардлагатай бол, ганцаарчлан зөвлөгөө өгнө ( 17-р догол мөрийг үзнэ үү). Илтгэл сайн тавьдаг, сайн заадаг ахлагч хуралд олон байвал жил жилээр ээлжлэн энэ үүргийг биелүүлж болно. Даалгавар биелүүлэх бүрд зөвлөгөө өгөх шаардлагагүй.
НЭМЭЛТ АНГИ
25. Даалгавар биелүүлэх хүний тооноос хамаарч нэмэлт анги бүрдүүлж болно. Нэмэлт анги болгонд чадварлаг зөвлөх байх хэрэгтэй бөгөөд болж өгвөл ахлагчийг зөвлөхөөр томилох нь зүйтэй. Шаардлагатай бол, чадварлаг туслах үйлчлэгчийг зөвлөхөөр томилж болох юм. Энэ үүргийг биелүүлэх шаардлагыг хэн хангасныг, бас энэ үүргийг ээлжээр биелүүлэх эсэхийг ахлагчдын зөвлөл шийднэ. Зөвлөх 16-р догол мөрд заасан зааврыг мөрдөнө. Нэмэлт ангитай бол Бурхны Үгэн дэх эрдэнэс хэсгийн Эрдэнэс хайх нь хөтөлбөрийн дараа, даалгавар биелүүлэх сурагчдыг тус бүрийнх нь танхим руу явуулна. Сурагчид Дэлгэрүүлэх чадвараа сайжруулах нь гэсэн хэсэг дуусахад гол танхимд буцаж ирнэ. Видео үзэж хэлэлцэх бол, нэмэлт ангийн сурагчид туслах танхимаасаа үзэх юм уу сонсоно. Тэгэх боломжгүй бол зөвлөх гар утас юм уу таблетаасаа үзүүлж, хэлэлцүүлнэ.
ВИДЕО
26. Ажлын өдөр болдог цуглаан дээр видео үзүүлдэг. Эдгээр видеог JW Library® апп-д тавьдаг бөгөөд янз янзын хэрэгслээр үзэж болно. «Ярианы жишээ» видеог Амьдрал, үйл хэрэг цуглаан дээр үзүүлсний дараа дэлгэрүүлэх ажлын цуглаан дээр үзүүлж болох юм.