Амьдрал утга учиртай юу?
Хэсэг 1
Амьдрал утга учиртай юу?
1. Амьдралын утга учрын талаар хүмүүс голдуу юу гэж асуудаг ба нэгэн хүн үүнийг юу гэж тайлбарласан бэ?
Эрт орой хэзээ боловч бараг хүн бүр амьдралын утга учрын талаар эргэцүүлэн бодож эхэлдэг. Ерөөс, гэр бүлээ тэжээх, амьдралын нөхцөлөө сайжруулах гэж ажиллаж ажиллачихаад эцэст нь 70 — 80 наслаад нас барж, үүрд байхгүй болох нь амьдралын утга учир юм гэж үү? Тийм үзэлтэй нэгэн залуу «амьдрах, хүүхэдтэй болох, аз жаргалтай байх, тэгээд дараа нь үхэх» гэдгээс өөр утга учир амьдралд байхгүй гэж хэлжээ. Үнэхээр тийм гэж үү? Үхээд л бүх юм дуусах уу?
2, 3. Эд хөрөнгөтэй болох нь амьдрал утга учиртай байхад яагаад хангалтгүй вэ?
2 Өрнө, дорнын орнуудын аль алинд амьдралын гол зорилго бол эд хөрөнгөтэй болох явдал гэж олон хүн үздэг. Тэд, эд хөрөнгө нь амьдралыг аз жаргалтай, утга учиртай болгодог гэдэгт итгэдэг ажээ. Гэтэл, хөрөнгө чинээтэй хүмүүсийн тухайд ямар байдаг бол оо? «Өөрсдийгөө аз жаргалгүй хэмээн шаргуу нотлогч баян хүмүүсийн тоо нь гайхал төрүүлдэг юм» гэж Канадын зохиолч Хэрри Брус яриад: «Санал асуулгын дүн нь Хойт Америкт газар авсан аймшигт гутранги байдлын тухай гэрчилж байна... Тэгэхлээр, ер нь энэ дэлхийд аз жаргалтай хүн ганц ч атугай байдаг болов уу? Хэрэв байдаг бол, түүний нууц нь юунд байдаг бол оо?» гэж нэмж хэлжээ.
3 АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер: «Эд хөрөнгөтэй болж, түүнийг эдэлж хэрэглэх нь хэрэгцээ шаардлагыг маань бүрэн дүүрэн хангадаггүй гэдэг нь бидэнд тодорхой болов... Эд агуурс хуримтлуулах нь итгэл болоод зорилгогүй хүмүүсийн амьдралын хоосон зайг дүүргэж чадахгүй» гэж мэдэгджээ. Улс төрийн өөр нэгэн удирдагч: «Би, өөрийнхөө болон амьдралын тухай үнэнийг олон жил цөхрөлтгүй хайж байна. Олон хүн тэгдгийг би мэднэ. „Бид ер нь хэн юм бэ? Бидний зорилго юу вэ?“ гэж асуух хүн улам бүр олширчээ» гэж хэлжээ.
Байдал улам муудсаар
4. Амьдрал утга учиртай гэдэгт зарим хүн яагаад эргэлздэг вэ?
4 Амьдралын нөхцөл байдал улам төвөгтэй болж байгааг хараад, амьдрал утга учиртай гэдэгт олон хүн эргэлздэг болов. Дэлхий даяар тэрбум гаруй хүн хүндээр өвдөн, өлсөж байна. Зөвхөн Африкт гэхэд л энэ шалтгаанаар жил бүр арван сая орчим хүүхэд үхэж байна. Ойролцоогоор 6 тэрбумаар тоологддог Дэлхийн хүн ам жил бүр 90 гаруй саяар нэмэгдэж байгаагийн 90 хувь нь хөгжиж буй орнуудад ноогддог. Хүн амын тасралтгүй өсөлтөөс болж хоол хүнс болон орон сууцыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага улам бүр ихсэж, энэ нь үйлдвэрийн болон бусад хортой бодисуудаар ус, агаар, газрын хөрсийг бохирдуулах үр дагаврыг улам бүр гүнзгийрүүлж байна.
5. Дэлхий дээрх ургамлын ертөнцөд юу тохиолдож байна вэ?
5 «1991 онд дэлхийн цэрэг дайны болон нийгмийн асуудалд зарцуулсан зардал» (англи) нэртэй хэвлэлд: «Жил бүр [Их Британийн] бүх нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний ойг устгаж байна. Цаашид иймэрхүү хурдтайгаар (мод огтлолт) явбал 2 000 он гэхэд чийглэг халуун бүсийн ойн 65 хувь нь үгүй болно» гэж мэдэгджээ. НҮБ-ын нэгэн агентлагийн мэдэгдсэнээр тэр нутгуудад, нэг суулгацад огтолсон 10 мод ноогддог байхад Африкт 20-иос илүү ноогддог байна. Цөлжсөн нутгийн хэмжээ улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд жил бүр Бельги улсын нутаг дэвсгэртэй тэнцүү хэмжээний талбай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн шаардлагыг хангахаа больж байна.
6, 7. Хүний удирдагчдын шийдвэрлэж чадахгүй ямар асуудлууд байдаг ба ямар асуултууд хариу шаардаж байна вэ?
6 Тэрчлэн, бидний амьдарч буй XX зуунд дайны улмаас үхэгсдийн тоо өмнөх дөрвөн зууныхыг нийлүүлснээс дөрөв дахин их болжээ. Гэмт хэрэг, ялангуяа, хүч хэрэглэсэн гэмт хэрэг газар сайгүй нэмэгдэж байна. Гэр бүл салалт, мансууруулах бодист донтох, ДОХ, бэлгийн замаар дамждаг өвчнүүд болон бусад сөрөг хүчин зүйлүүд амьдралыг улам бэрхшээлтэй болгож байна. Гэтэл, дэлхийн удирдлагууд хүн төрөлхтөнд хөнөөлтэй эдгээр олон тооны ээдрээтэй асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх чадваргүй юм. Иймээс, хүмүүс «Амьдралын утга учир юу вэ?» гэж асуудгийн учир ойлгомжтой.
7 Эрдэмтэд болон шашны удирдагчид энэ асуултад хэрхэн хариулдаг вэ? Өчнөөн олон зуун жилийн хугацаанд тэд хангалттай хариу өгч чадсан уу?
Тэд юу хэлдэг вэ?
8, 9. а) Хятадын нэгэн эрдэмтэн амьдралын утга учрын талаар юу гэж хэлсэн бэ? б) Нацистын үхлийн шоронг эсэн мэнд давж гарсан нэг хүн юу гэж тэмдэглэсэн бэ?
8 Күнзийн сургаал номлогч Ду Вэй-Мин хэлэхдээ: «Амьдралын жинхэнэ утга учрыг хүмүүс бидний, өдөр тутмын амьдралаас олж болно» гэжээ. Энэ үзлээр бол хүмүүс төрсөөр, амьдралын төлөө тэмцсээр, үхсээр л байх болно. Ийм үзэл бодол найдвар багатай. Ер нь энэ зөв үү?
9 Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын үхлийн шоронг эсэн мэнд давж гарсан Эли Уизель: «„Хүн болж төрсөн маань ямар учиртай вэ?“ гэдэг асуулт бол хүний өмнө тавигддаг хамгийн чухал асуулт... Хэдийгээр утга учиргүй үхэл байдгийг өөрийн нүдээр үзсэн ч гэсэн амьдрал утга учиртай гэдэгт би итгэдэг» гэж тэмдэглэжээ. Гэвч, тэрбээр энэ утга учир нь юу вэ гэдгийг хэлээгүй юм.
10, 11. а) Хүн төрөлхтөн асуултад хариулж чадахгүй байгааг нэгэн редактор хэрхэн илэрхийлсэн бэ? б) Удамшил хувьслын нэгэн онолчийн үзэл бодол ямар учраас үнэмшмээргүй вэ?
10 Редактор Вермонт Ройстер: «Бид эрт дээр үеэс эхлэн өөрсдийнхөө тухай... орчлонт ертөнцөд эзлэх байр суурийнхаа тухай эргэцүүлэн бодсоор байна. Гэвч, урагшаа хол явсангүй. Бид хэн бэ, юуны тулд амьдардаг юм бэ, бидний ирээдүй ямар байх вэ? гэх зэрэг асуултад урьдын адил хариулж чадахгүй л явна» гэж мэдэгджээ.
11 Удамшил хувьслын онолч эрдэмтэн Стэфэн Жей Гүлд: «Бид „дээдийн“ хариуг хүсэн хүлээж болох юм. Гэвч, тийм юм байхгүй» гэжээ. Удамшил хувьслын онолчдынхоор амьдрал бол дасан зохицож амьд үлдэхийн төлөө тэмцэл бөгөөд үхэл бол түүний төгсгөл юм. Тийм үзэл мөн л найдваргүй. Энэ нь бас л зөв үү?
12, 13. Сүмийн удирдагчид ямар үзэл баримталдаг ба энэ нь шашны бус судлаачдынхаас илүү итгэл үнэмшилтэй юу?
12 Олонх шашны удирдагчид амьдралын зорилго бол зөв сайнаар амьдрах явдал бөгөөд тийм хүний сүнс үхсэнийх нь дараа тэнгэрт гарч, тэндээ мөнх байх болно гэж нотолдог. Харин муу хүмүүс тамд очиж, тэндээ үүрд зовох ажээ. Энэ үзлээр бол дэлхий дээрх амьдрал бүхий л түүхийн туршид ямар байсанчлан эгнэгт тийм л хангалтгүй муу хэвээрээ үлдэх нь байна. Гэвч, Бурхан хүмүүсийг тэнгэрт сүнс шиг амьдруулахаар бодсон юм бол тэднийг анхнаасаа сүнсээр бүтээгээгүйн учир юу вэ?
13 Тиймэрхүү асуулт лам хуврагуудад ч хүндрэл учруулдаг. Лондон дахь Гэгээн Паулын цогчин дуганы даа лам байсан, доктор
В. Р. Инг нэгэн удаа: «Би бүх л амьдралынхаа турш амьдралын зорилго юу вэ гэдгийг олж мэдэхийн төлөө тэмцэв. Мөнх амийн тухай, хүний хувийн онцлогийн тухай хийгээд бузар муугийн тухай зэрэг өөрийнхөө чухал гэж үзсэн гурван асуудалд хариулахыг хичээв. Горьдлого минь талаар болсон. Би эдгээрээс нэгийг нь ч шийдвэрлэж чадаагүй билээ» гэж хэлжээ.Үр дүн нь
14, 15. Зөрчилтэй олон үзэл бодол хүмүүсийг юунд хүргэдэг вэ?
14 Эрдэмтэд болон шашны удирдагчдын дунд байдаг амьдралын зорилгын талаарх өчнөөн олон үзэл бодол нь юунд хүргэдэг вэ? Нэгэн өвгөн: «Би бараг бүх л амьдралынхаа туршид „би юуны төлөө амьдарч байгаа билээ“ гэдэг асуултыг өөртөө тавилаа. Ямар нэгэн зорилготой юу, үгүй юу гэдэг асуулт одоо миний сэтгэлийг зовоохоо больж дээ» гэж хэлсэнчлэн олон хүн хариулдаг.
15 Шашны ертөнц дэх өчнөөн олон үзэл бодлыг хараад ихэнх хүмүүс, юунд итгэх нь мөн чанартаа ялгаа байхгүй гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тэд шашныг өдөр тутмын бэрхшээлийг давахад тусалдаг, сэтгэл санааг түр зуур засаж тайтгаруулдаг амсхийлт гэж үздэг. Зарим нь шашин бол ердөө л мухар сүсэг бишрэлээс өөр юу ч биш гэдэг. Олон зууны шашны бодлого нь амьдралын утга учрын тухай асуултад хариу өгч, жирийн хүмүүсийн амьдралыг сайжруулаагүй гэж тэд үздэг. Үнэндээ, дэлхийн шашнууд хүн төрөлхтний дэвшил хөгжилд үргэлж саад болж, хэрүүл маргаан, дайн дажны шалтаг болж байсныг түүх харуулдаг.
16. Амьдралын зорилгыг мэдэх нь хир чухал бэ?
16 Харин, амьдралын зорилгын тухай үнэнийг олж мэдэх нь тийм чухал гэж үү? Энэ асуултад сэтгэл мэдрэлийн эмч Виктор Франкл: «Амьдралын утга учрыг олохыг хичээх нь хүнийг хөтлөгч гол хүчин зүйл юм... Хамгийн муу нөхцөлийг хүртэл тэсэн давахад амьдрал чинь утга учиртай гэдгийг мэдэхээс илүү ач тустай зүйл энэ дэлхийд байхгүй гэж би зоригтой хэлэх байна» гэж хариулжээ.
17. Тэгвэл бид ямар асуулт тавих нь зөв бэ?
17 Нэгэнт хүний философи болон шашнууд амьдралын зорилго юу вэ гэдэгт хангалттай тайлбар өгч чаддаггүй юм бол энэ асуудлаар бид хаашаа хандах болж байна? Энэ талаар бидэнд үнэнийг хэлж өгч чадах ямар нэгэн дээд мэргэн ухааны эх булаг байдаг уу?
[Догол мөрийн асуулт]
[4-р хуудасны зураг]
«Жил бүр [Их Британийн] бүх нутаг дэвсэртэй тэнцэх хэмжээний ойг устгаж байна»
[5-р хуудасны зураг]
«Би бараг бүх л амьдралынхаа туршид „би юуны төлөө амьдарч байгаа билээ“ гэдэг асуултыг өөртөө тавилаа»