Skip to content

Гарчиг руу орох

Хамгийн дээд мэргэн ухааны хосгүй эх булаг

Хамгийн дээд мэргэн ухааны хосгүй эх булаг

Хэсэг 3

Хамгийн дээд мэргэн ухааны хосгүй эх булаг

1, 2. Ямар учраас бид Библи судлах хэрэгтэй вэ?

1 Библи бол энэхүү хамгийн дээд мэргэн ухааны баримт бичиг мөн үү? Энэ ном амьдралын утга учир юу вэ гэдэг асуултад зөв хариу өгч чадах уу?

2 Библи бол бидний судалбал зохих ном гэдэг нь эргэлзээгүй. Яагаад гэвэл Библи нь хэзээ нэгэн цагт бичигдсэн ямар ч номтой ижилгүй, хамгийн ер бусын ном юм. Дараах баримтуудад анхаарлаа хандуулцгаая.

Хамгийн эртний бөгөөд хамгийн өргөн тархсан ном

3, 4. Библи хэдэн настай вэ?

3 Библи бол аль ч үед бичигдсэн бүх номоос хамгийн эртнийх нь бөгөөд түүний зарим хэсэг нь 3 500 орчим жилийн тэртээ бичигджээ. Энэ ном нь ариун гэж тооцогддог бусад бүх номоос олон зуун жилээр ах болой. Библийг бүрдүүлдэг 66 номын хамгийн эхнийх нь Будда болон Күнзээс нэг мянга орчим, Мухаммадаас хоёр мянга орчим жилийн өмнө бичигдсэн.

4 Библид бичигдсэн түүхэн үйл явдлууд нь хүн үүссэн тэр цаг үеэс гаралтай бөгөөд Дэлхий дээр бид хэрхэн бий болсныг тайлбарладаг. Түүнээс гадна, эдгээр нь биднийг хүмүүсийн бүтээгдэхээс өмнөх цаг үед аваачин Дэлхийн үүслийн талаарх үнэнийг бидэнд хэлж өгдөг.

5. Эртний бусад гар бичмэлүүдтэй харьцуулбал Библийн эртний гар бичмэл хэд байдаг вэ?

5 Өөр бусад шашнуудын болон шашны бус номуудын эртний гар бичмэлээс зөвхөн цөөн хэдхэн хувь хадгалагдан үлджээ. Гэтэл, эртний еврей, грек хэлээр бичсэн Библийн болон түүний хэсгийн гар бичмэл 13 000 орчим хувь байдаг бөгөөд зарим нь тэдгээрийн анхны эхийг бичсэн цаг үетэй ойролцоо бичигджээ. Эдгээр нь Библийн эсрэг явуулсан, зөвхөн төсөөлж л болохуйц тийм хүчтэй халдлага дайралтыг тэсэн үлдсэн юм.

6. Библи хир өргөн тархсан бэ?

6 Тэрчлэн, Библи тархалтаараа бүхий л түүхийн туршид хосгүй нь билээ. Библийн болон түүний хэсгийн гурван тэрбум орчим хувь хоёр мянгаад хэлээр тархжээ. Энэ нь дэлхийн бүх хүн амын 98 хувь нь төрөлх хэлээрээ Библийг ашиглах боломжтой гэсэн үг юм. Тархалтаараа түүнд дөхөж очих өөр ямар ч ном байхгүй.

7. Библийн баараггүй үнэний талаар юу хэлж болох вэ?

7 Эртний нэг ч ном баараггүй үнэнийг бичсэн байдлаараа Библитэй зүйрлэх аргагүй гэдгийг нэмж хэлж болно. Эрдэмтэд, түүхчид, археологчид, газар зүйчид, хэл судлаачид болон бусад мэргэжилтнүүд Библид бичигдсэн зүйлийг баталдаг.

Шинжлэх ухааны баараггүй үнэн

8. Шинжлэх ухааны холбогдолтой асуудлуудаар Библи аль хир нарийн зөв байдаг вэ?

8 Жишээ нь: Библи хэдийгээр шинжлэх ухааны бүтээл биш ч гэсэн шинжлэх ухааны холбогдол бүхий асуудлаар үнэнтэй тохирдог. Ариун гэж тооцогддог эртний бусад номуудад шинжлэх ухааны домог болон алдаа мадагтай, илэрхий худал зүйлс бичигдсэн байдаг. Библийн баараггүй үнэнийг шинжлэх ухааны үүднээс нотолдог олон жишээнээс зөвхөн дөрвийг авч үзье.

9, 10. Дэлхийн тулгуурын талаарх тухайн цаг үеийн шинжлэх ухааны бус үзэл сургаалыг тусгахын оронд Библи юу гэж бичсэн бэ?

9 Дэлхий огторгуйд хэрхэн тогтдог тухай. Библийг бичиж байсан дээр үед Дэлхий огторгуйд хэрхэн тогтдог талаар олон таавар байдаг байжээ. Зарим хүн Дэлхийг аварга том далайн яст мэлхий дээр зогсдог дөрвөн заан дээр тогтдог гэдэгт итгэж байв. Манай эриний өмнөх дөрөвдүгээр зууны грекийн гүн ухаантан, эрдэмтэн Аристотель Дэлхийг хоосон огторгуйд хөвж байх огт боломжгүй гэж сургаж байв. Тэрбээр, тэнгэрийн эрхэс нэг нь нөгөөгийнхөө дотор оршдог хатуу тунгалаг бөмбөрцгийн гадаргуу дээр бэхлэгдсэн байдаг гэж сургадаг байжээ. Хамгийн дотор талын бөмбөрцөг дээр Дэлхий, хамгийн гадна талынх дээр одод байрладаг гэж үзэж байв.

10 Гэвч, Библи тэр үед байсан эдгээр зохиомол, шинжлэх ухааны бус үзэл бодлыг тусгахын оронд ердөө л: «[Бурхан] дэлхийг юунаас ч дүүжлээгүй» (МЭӨ 1473 оны орчим) гэж бичжээ (Иоб 26:7, англи «Ариун Бичээсийн Шинэ Ертөнцийн Орчуулга» [ШЕ]). «Юу ч» гэж орчуулагдсан энэхүү эртний еврей үг нь «юу ч үгүй» гэсэн утгатай бөгөөд Библид дөнгөж ганцхан удаа л гардаг. Хоосон орон зайгаар хүрээлэгдсэн Дэлхийн тухай Библийн тодорхойлолтыг тухайн үеийн сод зөн билэг гэж эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. «Хуучин Гэрээний шашны сургаалын толь»-д (англи): «Иоб 26:7-д огторгуйд хөвж байдаг тэр үеийн дэлхийн гайхам дүр зургийг тодорхойлон бичсэн бөгөөд тийнхүү шинжлэх ухааны ирээдүйн нээлтийг угтан хэлжээ» гэж бичжээ.

11, 12. Иоб 26:7-д бичигдсэн үгийн үнэнд хүмүүс хэзээнээс итгэдэг болсон бэ?

11 Энэхүү Библийн үнэн үг Аристотелиос 1 100 гаруй жилийн өмнө бичигджээ. Тэглээ ч, Аристотелийн сургаалыг түүнийг нас барснаас хойш бараг 2 000 жилийн турш үнэн гэж зааж, сургаж байв! Эцсийн эцэст, МЭ 1687 онд сэр Исаак Ньютоны Дэлхий болон тэнгэрийн бусад эрхэс харилцан таталцах хүч буюу хүндийн хүчний тусламжтайгаар оршин байдаг гэсэн нээлт хэвлэгдсэн. Гэхдээ, энэ нь Дэлхийг «юунаас ч» дүүжлээгүй гэж Библийн энгийн бөгөөд яруу сайхнаар мэдэгдсэн тэр цагаас хойш 3 200 орчим жилийн дараа болжээ.

12 Тийм ээ, бараг 3 500 жилийн тэртээ Дэлхийд ил харагдах тулгуур байхгүй гэж Библи итгэлтэйгээр хэлсэн бөгөөд энэ нь саяхан нээгдсэн таталцлын ба хөдөлгөөний хуультай тохирдог юм. «Иоб үнэнийг хаанаас мэдсэн юм бол оо? Ариун Бичээс [Библи] бол Бурханаас онгод оруулан бичүүлсэн гэдгийг үгүйсгэдэг хүмүүст энэ нь хариулахад амаргүй л асуулт даа» гэж нэг эрдэмтэн хэлжээ.

13. Олон зуун жилийн өмнө Дэлхийн хэлбэрийн талаар хүмүүсийн төсөөлөл ямар байсан ба тэдний үзэл ойлголтыг юу өөрчилсөн бэ?

13 Дэлхийн хэлбэр. «Америкийн нэвтэрхий толь»-д: «Хүмүүсийн дээр үеийн нийтлэг төсөөлөл бол Дэлхий орчлонт ертөнцийн төвд оршдог үл хөдлөгч хавтгай тавцан юм... Дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэсэн үзлийг Сэргэн мандалтын үе хүртэл өргөн нийтээр хүлээн зөвшөөрөөгүй билээ» гэж бичжээ. Тэр ч битгий хэл, дээр үеийн далайчид хавтгай Дэлхийн ирмэгээс халиад уначих вий гэж айдаг байжээ. Гэвч, луужин болон бусад хэрэгсэл бий болсноор илүү урт хугацаагаар далайн аялал хийх боломжтой болсон. «Далайн эдгээр аялал урьд нь ихэнх хүмүүсийн итгэж байсан шиг Дэлхий хавтгай биш, бөөрөнхий гэдгийг баталсан юм» гэж өөр нэгэн нэвтэрхий тольд тайлбарлажээ.

14. Дэлхийн хэлбэрийг Библи хэзээ, ямар гэж дүрслэн бичсэн бэ?

14 Гэтэл, эдгээр аялалаас бүр өмнө, 2 700 орчим жилийн тэртээ Библид: «Тэр бол... дэлхийн тойрог дээр суугч» гэж бичжээ (Исаиа 40:22). Энд «тойрог» гэж орчуулагдсан еврей үг «бөмбөрцөг» гэдэг утгыг илэрхийлж болдог гэж янз бүрийн лавлахад тайлбарладаг. Тийм ч учраас, Библийн зарим орчуулгад «дэлхийн бөмбөрцөг» («Дуэйн орчуулга») эсвэл «дугуй дэлхий» (Моффаттын орчуулга) гэсэн байдаг.

15. Дэлхийн талаарх шинжлэх ухааны бус үзэл ойлголтууд Библид нөлөөлөөгүйн учир юу вэ?

15 Тийнхүү, Дэлхийн тулгуур болон хэлбэрийн талаар тухайн үедээ ноёлж байсан шинжлэх ухааны бус үзэл сургаалууд Библид нөлөөлөөгүй. Үүний шалтгаан нь маш энгийн. Юу гэвэл: Библийг Зохиогч нь орчлонт ертөнцийг Зохиогч юм. Тэрбээр Дэлхийг бүтээсэн учраас Дэлхий яаж тогтож, ямар хэлбэртэй байдаг вэ гэдгийг тэр л мэдэх ёстой. Тийм учраас, Бурхан Библийг бидэнд зориулж бичүүлэхдээ тухайн үед олны итгэж байсан шинжлэх ухааны бус үзэл сургаалаас түүнд оруулахгүй байх талаар санаа тавьсан.

16. Амьд бие махбодын бүтэц нь Библийн мэдээлэлтэй хэрхэн тохирдог вэ?

16 Амьд байгалийн бүтэц. «Эзэн Бурхан тоос шорооноос хүнийг бүтээсэн» гэж Эхлэл номын 2-р бүлгийн 7-р зүйлд бичсэн байдаг. «Уорлд бук энсайклопидиа»-д (англи): «Амьд байгалийн бүтцэд ордог химийн бүх элементүүд амьгүй бодист мөн л байж байдаг» гэж бичжээ. Тиймээс, хүнийг оролцуулаад бүх амьд бие махбодыг бүрдүүлдэг химийн үндсэн элементүүдийг газар шорооноос олж болно. Энэ нь хүн болон бусад бүх амьд бие махбодыг бүтээхдээ Бурханы ашигласан материалын талаар Библид бичсэнтэй тохирч байгаа юм.

17. Үнэндээ, амьд бие махбодууд хэрхэн бий болсон бэ?

17 «Төрөл төрлөөр нь». Бурхан анхны хүмүүн хосыг бүтээсэн ба бусад бүх хүн тэр хоёрын үр удам юм гэж Библи нотолдог (Эхлэл 1:26—28; 3:20). Загас, шувуу болон сүүн тэжээлтэн зэрэг бусад бүх амьд юмс тийм замаар «төрөл төрлөөрөө» бий болсон гэж түүнд бичжээ (Эхлэл 1:11, 12, 21, 24, 25). Чухамдаа, амьд бие махбод болгон тэр л төрлийнхөө эцэг эхээс үүсч бий болдгийг эрдэмтэд амьд бүтээл дээр нээн олсон. Үүнээс гадуур юм гэж байхгүй. Энэ талаарх өөрийн ажиглалтын талаар физикч Реймо бичихдээ: «Аминаас амь бий болдог. Энэ нь эс болгонд тасралтгүй явагддаг. Тэгвэл амьгүй материас амьд юм яаж үүсэх вэ? Энэ бол биологи дахь хариугүй үлдсэн чухал асуултуудын нэг бөгөөд биологчид одоо болтол нэгэн сохор таамаглалыг л санал болгож байна. Гэхдээ, амьгүй матери ямар нэгэн аргаар амьд болон хувирч амжжээ... Тэгэхлээр, [Библийн] «Эхлэл» номыг зохиогчийн зөв болж таарлаа» гэжээ.

Түүхийн нарийн зөв

18. Библийн түүхэн баримтуудын нарийн зөвийн талаар нэгэн хуульч юу гэж хэлсэн бэ?

18 Библи нь эртний түүхийг бусад ямар ч номоос илүү нарийн зөв бичсэн байдаг. «Хуульч Библи судалж байна» (англи) гэдэг номд түүний түүхийн нарийн зөвийг: «Уран зохиолын бүтээлүүд, домог яриа болон санаанаасаа зохиосон түүх нь өгүүлж буй үйл явдлуудаа ямар нэгэн алс холын газар нутаг болон тодорхойгүй цаг үед багтаах гэж чармайсан байдаг бөгөөд үүгээрээ „мэдүүлэгт орон зай, цаг хугацааг заах ёстой“ гэж хуульч бидний мэддэг сайн өмгөөллийн үндсэн дүрмүүдийг зөрчдөг бол Библийн өгүүллүүд бидэнд дамжуулж буй үйл явдлынхаа цаг хугацаа, орон зайг маш нарийн мэдээлдэг» гэж бичжээ.

19. Библи дэх түүхийн нарийн ширийн зүйлийн талаар нэгэн бүтээлд юу гэж тэмдэглэсэн бэ?

19 «Библийн шинэ толь»-д (англи) энэ талаар: «[Библийн «Үйлс» номыг бичигч] өгүүллээ өөрийнхөө цаг үеийн түүхийн хүрээнд багтаажээ. Түүний хуудаснууд нь хотын шүүгчид, орон нутгийн захирагчид, хараат улсын хаад гэх мэтийн ишлэлээр дүүрэн бөгөөд тэдгээр нь дурдсан газар нутаг, цаг хугацааны хувьд яг таг нарийн зөв байдаг нь ямагт нотлогддог» гэж тэмдэглэжээ.

20, 21. Библийн түүхийн талаар нэгэн Библи судлаач юу хэлсэн бэ?

20 «Юньон Байбл Компаньон» (англи) гэдэг номд С. Остин Аллибон: «Сэр Исаак Ньютон... мөн адил эртний бичээсүүдийг гарамгай шүүмжлэгч байсан бөгөөд Ариун Бичээсийг туйлын нямбай судалжээ. Энэ талаар түүний санал бодол ямар байв? „Би Шинэ Гэрээнээс жирийн ямар ч түүхэнд байдаггүй үнэн магадтайн илүү итгэлтэй нотолгоонуудыг нээн илрүүлэв“ гэж Ньютон мэдэгдсэн. Бидэнд, Юлий Цезарь Капитольд үхсэн гэдгийг бодвол Евангелиудад бичсэн Есүс Христ Голгота ууланд үхсэн гэх нотолгоо илүү их бий. Үнэн хэрэгтээ, тэр талаар бид маш их юмтай гэж доктор Жонсон хэлсэн» гэж бичжээ.

21 Энэ бүтээлд: «Евангелийн түүхийн үнэнд эргэлздэг гэж мэдэгддэг аль ч хүнээс Цезарь Капитольд үхсэн буюу 800 онд Пап лам III Лев, эзэн хаан Их Карлыг Өрнийн эзэн хаанаар өргөмжилсөн гэдэгт та ямар үндэслэлээр итгэдэг вэ?... I Карл [Английн] мэтийн хүмүүс амьдарч байсан ба тэрбээр толгойгоо авахуулж, түүний оронд Оливер Кромвель захирагч болсон гэдгийг та хаанаас мэдсэн бэ? гэж асуугаарай... Таталцлын хуулийг нээснээрээ сэр Исаак Ньютон олны хүндэтгэлийг хүлээсэн... Бидэнд энэ бүхэн үнэн гэсэн түүхэн баримтууд байдаг учраас эдгээр хүмүүст хамааралтай бүх нотолгоонд бид итгэдэг... Хэрэв тийм нотолгоо байсаар байтал хэн нэгэн хүн түүнд итгэхээс татгалзвал бид тийм хүнийг тэнэг зөрүүд бөгөөд найдвар муутай хэнэггүй амьтан гэж үзнэ» гэж нэмж тайлбарлажээ.

22. Зарим хүн Библийн нарийн зөвийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздагийн учир юу вэ?

22 Цааш нь энэ номд: «Тэгвэл Ариун Бичээсийн үнэнийг нотлох өчнөөн олон баримт байсаар байтал бид итгэхгүй гэж мэдэгддэг хүмүүсийн талаар юу хэлж болох вэ?... Үүний буруу нь толгойд нь бус зүрх сэтгэлд нь байна гэсэн дүгнэлтийг итгэлтэйгээр хийж болно. Тэдний бардам зан нь итгэлд нь саад болдог бөгөөд өөр байдлаар амьдрахад нь тэдэнд нөлөөлдөг» гэсэн дүгнэлт хийжээ.

Дотоод зохицол ба илэн далангүй байдал

23, 24. Библийн дотоод зохицол нь ямар учраас тийм ер бусын байдаг вэ?

23 Ямар нэгэн ном Ромын эзэнт улсын үед бичигдэж эхлээд, дундад зууны турш бичигдэн, бидний амьдарч байгаа XX зуунд дууссан ба түүнийг бичихэд олон янзын хүн оролцжээ. Хэрэв цэрэг, хаан, тахилч, загасчин, хоньчин, эмч гэх мэтийн янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүс түүнийг бичжээ гэж үзвэл уг ном ямар байх бол гэж та бодож байна? Ийм ном дотоод зохицол, дэс дараа сайтай байна гэж үзэх үү? «Яалаа гэж дээ» гэж та хариулж болох юм. Тэгвэл, Библи яг тийм байдлаар бичигджээ. Хэдий тийм ч гэсэн гол санаа нь төдийгүй өчүүхэн жижиг нарийн зүйл нь хүртэл бүрэн зохицсон байдаг.

24 Библи бол МЭӨ 1513 оноос МЭ 98 он хүртэл 1 600 жилийн турш 40 орчим өөр өөр хүний бичсэн 66 номын цомог юм. Бичигчид нь нийгмийн янз бүрийн давхаргаас гаралтай байсан бөгөөд тэдний ихэнх нь бие биеэ таньдаггүй байжээ. Тэгсэн хирнээ бүх ном нэг хүний оюун ухаанаар бүтсэн юм шиг нэгэн гол, уялдаа бүхий сэдвийг илэрхийлсэн байдаг. Зарим хүний үздэгчлэн Библи нь Барууны соёл иргэншлийн бүтээгдэхүүн биш, харин, түүнийг Дорно зүгийн хүмүүс бичжээ.

25. Библийн шударга бөгөөд илэн далангүй байдал нь түүнийг бичигчдийн ямар нотолгоог баталдаг вэ?

25 Эртний зохиолчдын ихэнх нь зөвхөн өөрсдийн ололт амжилт, сайн чанарын талаар бичдэг байсан бол Библийг бичигчид өөрсдийнхөө ч, хаад, ахлагчдынхаа ч алдаа дутагдлыг илэн далангүй хүлээн зөвшөөрсөн байдаг. Тооллого 20:1—13 болон Дэд хууль 32:50—52-т Мосэгийн буруу үйл ажиллагааны талаар бичсэн байдаг. Гэтэл, эдгээр номыг Мосэ өөрөө бичжээ. Иона 1:1—3 болон 4:1-д энэ номыг бичсэн Ионы буруу үйл хэргүүдийг тоочжээ. Матай 17:18—20; 18:1—6; 20:20—28 болон 26:56-д Есүсийн дагалдагчдын үзүүлсэн муу чанаруудыг дүрслэн бичжээ. Тийнхүү, Библийг бичсэн хүмүүсийн шударга бөгөөд илэн далангүй байдал нь өөрсдийгөө Бурханы сүнсээр удирдуулж байлаа гэх тэдний нотолгоо үнэн гэдгийг баталдаг.

Түүний хамгийн онцлог шинж

26, 27. Шинжлэх ухааны болон бусад асуудлуудад Библи яагаад тийм нарийн зөв байдаг вэ?

26 Шинжлэх ухаан, түүх болон бусад асуудлын талаар тийм нарийн зөв байдаг хийгээд зохицолтой, шударга үнэн байдаг учраа Библи өөрөө тайлбарладаг. Түүнийг Зохиогч нь орчлонт ертөнцийг Бүтээгч, Хамгийн Дээд, Төгс Хүчит Бурхан мөн гэдгийг Библи заан хэлдэг. Библийг бичихийн тулд тэрбээр хүмүүсийг зөвхөн өөрийн бичээч болгон ашигласан бөгөөд үйлдэгч хүчээрээ тэдэнд онгод оруулан өөрийн санааг бичүүлжээ.

27 Библийг бичигч Паул бичихдээ: «Тэр номын бүх үг Бурхны онгод оруулан бичүүлсэн үг бөгөөд хүмүүжүүлэхэд, бурууг засахад ба Бурханд таалагдах амьдралыг заахад тустай. Тэгээд Бурханд үйлчлэгчид бүх сайн юмыг хийж чадах болно» гэжээ. Тэрчлэн, Паул: «Биднээс сонссон Бурханы үгийг та нар хүлээн авахдаа, хүний үг бус, харин, ямар үнэхээрийн үнэн үг, Бурханы үгээр хүлээн авсан» гэж хэлсэн (2 Тимот 3:16, 17; «Шинэ Гэрээ», ОҮМБОХ, 1998 [ШГ]; 1 Тэсалоник 2:13).

28. Тэгвэл, Библи хэний бүтээл бэ?

28 Тэгэхлээр, Библи бол Бурхан хэмээх нэг л Зохиогчийн оюуны бүтээл юм. Агуу гайхамшигт хүч чадлынхаа тусламжаар бичүүлсэн зүйлс нь бүхэл бүтэн байдлаараа өнөөдрийн өдрийг хүртэл хадгалагдан ирсэн байх талаар санаа тавих нь түүнд хэцүү биш болой. Библийн гар бичмэлийн талаар нэрд гарсан мэргэжилтэн сэр Фредерик Кеньон: «Бичээс эхэлж бичигдсэн тэр л янзаараа бидэнд хүрч ирсэн гэдэгт ямар нэгэн байдлаар эргэлзэх эцсийн шалтгаан өнөөдөр арилсан» гэж 1940 онд хэлжээ.

29. Бурханы мэдээлэл дамжуулах чадварыг жишээгээр хэрхэн үзүүлж болох вэ?

29 Хүн радио болон телевизийн дохиог олон мянган бээрийн тэртээх сансраас, тэр ч байтугай, Сарнаас Дэлхий уруу дамжуулж чаддаг. Сансар судлалын автомат станцууд биднээс олон зуун сая километр алслагдсан гаригийн гэрэл зураг болон тэдгээрийн физик чанарын тухай мэдээлэл илгээдэг. Хүн болон радио долгионыг Бүтээгч, үгүй ядахдаа тийм мэтийг хийж чадах нь эргэлзээгүй. Үнэндээ, Библийг бичүүлэхээр сонгож авсан хүмүүсийнхээ оюун санаанд агуу хүчнийхээ тусламжаар үг дамжуулах юм уу үзэгдэл үзүүлэх нь түүний хувьд жирийн хэрэг.

30. Хүн төрөлхтний талаарх санаа зорилгыг нь хүмүүс мэдээсэй гэсэн хүсэл Бурханд байдаг уу?

30 Түүнээс гадна, Бурхан хүн төрөлхтнийг сонирхдогийг гэрчлэх Дэлхий болон түүн дээрх амьдралтай холбоотой олон тооны нотолгоо байдаг. Тэгэхлээр, хүмүүст өөрийнхөө тухай болон хүмүүсийн талаарх санаа зорилгоо мэдүүлэхийн тулд Бурхан огт хувирч өөрчлөгдөшгүй баримт бичиг болох нэгэн номд эдгээр санааг тод томруун илэрхийлсэн нь бүрэн ойлгомжтой.

31. Бурханы онгод оруулан бичүүлсэн мэдээ амнаас ам дамжсан мэдээллээс өчнөөн давуу байдгийн учир юу вэ?

31 Тэрчлэн, амнаас ам дамждаг мэдээллийг бодвол Бурханы зохиосон ном хэчнээн давуу байх талаар та бодоод үз л дээ. Ам дамжсан ярианд итгэх арга байхгүй. Учир нь, утга санаа нь гажуудан, цаг өнгөрөхийн хирээр хүмүүс өөр өөрөөр тайлбарладаг. Тэд уг мэдээг бусдад дамжуулахдаа өөрсдийнхөө үзэл бодлоор тайлбарладаг. Гэтэл, Бурханы онгод оруулан бичүүлсэн үл хувирч өөрчлөгдөх бичээсийн алдаатай байх магадлал маш бага юм. Түүнчлэн, өөр бусад хэлээр ярьдаг хүмүүст хүргэхийн тулд номыг орчуулж, олшруулж болдог. Тэгэхлээр, Бүтээгч маань мэдээлэл дамжуулах тийм арга хэрэгслийг ашигласан гэх нь буруу гэж үү? Үнэн хэрэгтээ, энэ нь зөвөөр барахгүй, чухам тийнхүү үйлдсэнээ Бүтээгч өөрөө илэрхийлдэг.

Биелсэн зөгнөлүүд

32—34. Библи бусад номоос юугаараа ялгагддаг вэ?

32 Түүнээс гадна, Библи нь өөр нэгэн жишиггүй байдлаараа Бурханы онгод оруулан бичүүлсний тод томруун шинжийг өөртөө агуулдаг. Энэ нь юу вэ гэвэл, Библи бол ямар ч зөрүүгүй биелсэн хийгээд биелж байгаа зөгнөлүүдийн ном юм.

33 Жишээлбэл: Библид эртний Тирийн сүйрэл, Бабилоны уналт, Иерусалимын сэргээн босголт, тэрчлэн, Меде-Персийн болон Грекийн хаадын мандал бадрал хийгээд уналтын талаар нарийн ширийн зүйлийг нь хүртэл зөгнөн хэлсэн байдаг. Библийг шүүмжлэгч зарим хүн эдгээр зөгнөлийг үйл явдал болоод өнгөрсний дараа бичсэн хэмээн нотлох гэсэн бүтэлгүй оролдлого хийдэг ч, үнэхээр тийм юм шиг яг таг зөв байдаг (Исаиа 13:17—19; 44:27—45:1; Езекиел 26:3—6; Даниел 8:1—7, 20—22).

34 Иерусалимын сүйрлийн тухай хэлсэн Есүсийн зөгнөл МЭ 70 онд яг таг биелсэн (Лүүк 19:41—44; 21:20, 21). Харин, «сүүлчийн өдрүүдийн» тухай хэлсэн Есүс болон Паулын зөгнөл бидний үед бүх л зүйлээрээ яг таг биелж байна (2 Тимот 3:1—5, 13; Матай 24; Марк 13; Лүүк 21).

35. Библийн зөгнөлийг зөвхөн Бүтээгч хэлсэн байхын учир юу вэ?

35 Хэчнээн хосгүй ухаантай байлаа ч гэсэн ямар ч хүн ирээдүйд болох үйл явдлын талаар яг таг, зөв тааж хэлж чадахгүй. Үүнийг гагцхүү, төгс хүчтэй бөгөөд бүхнээс дээд ухаантай, орчлонт ертөнцийг Бүтээгчийн оюун ухаан л чадах ба энэ тухай 2 Петр 1:20, 21-д: «Бичээсийн нэг ч зөгнөлийг амин хувийн шийдэл болгож үл болно. Учир нь, зөгнөл нь хэзээ ч хүний хүслээр хэлэгдсэнгүй, харин, Ариун Сүнсээр хөтлөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ» гэж бичсэн байдаг.

Түүнээс хариу авдаг

36. Библи бидэнд юуны тухай хэлж өгдөг вэ?

36 Библи бол Хамгийн Дээд Бурханы онгод оруулан бичүүлсэн Үг юм гэдгийг батлах олон тооны нотолгоог Библи өөртөө агуулдаг. Библи нь хүн яагаад Дэлхий дээр амьдардаг юм бэ, өчнөөн их зовлон зүдүүр байдгийн учир юу вэ, ирээдүй маань ямар байх вэ, нөхцөл байдал хэрхэн сайжрах вэ зэрэг олон асуултын хариуг бидэнд хэлж өгдөг ном болой. Энэ ном хүн болон Дэлхийг тодорхой зорилготойгоор бүтээснийг, Хамгийн Дээд Бурхан байдгийг, түүний зорилго нь биелэх болно гэдгийг бидэнд нээн хэлж өгдөг (Исаиа 14:24). Түүнээс гадна, Библи жинхэнэ зөв шашин гэж юу юм, түүнийг хэрхэн олж мэдэж болох вэ гэдгийг бидэнд зааж өгдөг. Тийнхүү, Библи бол амьдралын бүх л чухал асуултад үнэн зөв хариу өгөх чадвартай хамгийн дээд мэргэн ухааны цорын ганц эх булаг юм (Дуулал 146:3; Сургаалт үгс 3:5; Исаиа 2:2—4).

37. Христосын шашны ертөнцийн тухайд ямар асуулт тавих хэрэгтэй вэ?

37 Библийн үнэн магадтайг нотлох олон баримт байдаг хэдий ч түүнийг хүлээн зөвшөөрдөг гэсэн болгон сургаалыг нь сахин дагадаг уу? Христийн сургаалыг шүтэн дагадаг гэж тунхагладаг Христосын шашны ертөнцийн орнуудыг жишээ болгон авч үзье. Тэд олон зууны турш Библийг удирдлага болгож ирсэн. Гэтэл, тэдний бодол санаа болон үйл ажиллагаа нь Бурханы эрхэм дээд мэргэн ухааныг үнэхээр тусгадаг уу?

[Догол мөрийн асуулт]

[11-р хуудасны зураг]

Тэнгэрийн бусад эрхэстэй харилцан таталцах хүчний ачаар Дэлхий сансрын орон зайд тогтож байдаг гэж сэр Исаак Ньютон үзсэн

Хоосон орон зайгаар хүрээлэгдсэн Дэлхийн дүр байдлыг илэрхийлсэн Библийн тодорхойлолтыг эрдэмтэд тэр үеийн гарамгай зөн гэж хүлээн зөвшөөрдөг

[12-р хуудасны зураг]

Эртний зарим далайчид хавтгай Дэлхийн зах хязгаарыг өнгөрөөд уначих вий гэж айдаг байв

[13-р хуудасны зураг]

Юлий Цезарь, эзэн хаан Их Карл, Оливер Кромвель болон Пап лам ІІІ Лев нарыг бодвол Есүс Христийн амьдарч байсан тухай нотолгоо баримт илүү их байдаг

[15-р хуудасны зураг]

Иерусалим нурах тухай Есүсийн зөгнөл МЭ 70 онд биелснийг Ромд байдаг Титийн нуман хаалга батлан хэлдэг