Өчнөөн их зовлон зүдүүр, шударга бус явдал байдгийн учир юу вэ?
Хэсэг 6
Өчнөөн их зовлон зүдүүр, шударга бус явдал байдгийн учир юу вэ?
1, 2. Хүн төрөлхтний амсан өнгөрүүлснээс үүдэн ямар асуултууд гарч ирж болох вэ?
1 Хамгийн Дээд Бурханы санаа зорилго нь төгс хүмүүсийг Дэлхий дээр диваажингийн нөхцөлд мөнх амьдруулах явдал байсан ба энэ нь өөрчлөгдөөгүй юм бол одоо яагаад диваажин байхгүй байна вэ? Үүний оронд хүн төрөлхтөн өчнөөн олон зууны турш зовлон зүдүүр, шударга бус байдлыг туулж ирсний учир юу вэ?
2 Хүн төрөлхтний түүх нь дайн дажин, империалист эзлэн түрэмгийлэх бодлого, мөлжлөг, шударга бус явдал, ядуу зүдүү байдал, гай гамшиг, өвчин эмгэг, үхэл зэргээс шалтгаалан зовлон бэрхшээлээр дүүрэн байсан нь маргашгүй үнэн. Ямар ч гэм зэмгүй өчнөөн олон хүн энэ бүх гай зовлонгийн золиос болдгийн учир юу вэ? Хэрэв Бурхан тийм л төгс хүч чадалтай юм бол өчнөөн их зовлон зүдүүрийг төчнөөн олон мянган жилийн турш байлгахыг яагаад хүлцэн зөвшөөрөв? Бурхан орчлонт ертөнцийг тийм нарийн эмх журамтай зохион бүтээсэн мөртлөө Дэлхий дээрх замбараагүй байдал, эвдрэл сүйрлийг хүлцэн зөвшөөрсний учир юу байна?
Жишээ татъя
3—5. а) Эмх журмын Бурхан Дэлхий дээрх замбараагүй байдлыг ямар учраас хүлцэн зөвшөөрснийг ойлгоход ямар жишээ бидэнд туслах вэ? б) Дурдсан таамаглалуудаас аль нь Дэлхийн байдалтай тохирох вэ?
3 Эмх журмын Бурхан яагаад Дэлхий дээрх замбараагүй байдлыг хүлцэн зөвшөөрөх болов гэдгийг ойлгохын тулд нэгэн жишээ татъя. Таныг ойгоор явж байтал гэнэт нэгэн байшин тааралдлаа гэж төсөөлөөд үз. Тэр байшинг сайтар нягтлан үзвэл замбараагүй байдал ажиглагдлаа. Цонхнууд нь хагарч, дээвэр нь сүрхий
гэмтэн, үүдний модон пинд нь энд тэндгүй завсар гарч, хаалга нь ганц л дэгээнд тогтон санжганах агаад усны хоолой нь ажиллахгүй болжээ.4 Энэ бүх гэмтлийг хараад та энэ байшинг ухаантай зохион бүтээгч бариагүй юм байна гэсэн дүгнэлт хийх үү? Эсвэл, энэ замбараагүй байдал нь байшин өөрөө хар аяндаа бий болж дээ гэх итгэлийг танд төрүүлэх үү? Эсвэл, хэрэв хэн нэг хүн зураг төслийг нь хийж, барьж байгуулжээ гэж дүгнэхэд хүрвэл тэр нь ур чадвар муутай, хайхрамжгүй нэгэн байжээ гэж үзэх үү?
5 Уг барилгыг бүр сайн нягтлан үзэх аваас анхнаасаа түүнд маш их анхааралтай хандаж сайн барьжээ гэдгийг та ойлгох болно. Харин, одоо яах аргагүй навсайн ямбийж, нурж унадгийн даваан дээр очжээ. Эдгээр эвдрэл гэмтэл юуг илэрхийлж болох вэ? Эдгээр нь дараах таамаглалыг төрүүлж болох юм. Үүнд: 1) байшингийн эзэн нас баржээ; 2) тэр хүн сайн барилгачин байсан боловч байшингийн талаар санаа тавихаа больсон; 3) тэрбээр юмыг зохих ёсоор үнэлдэггүй хүнд өмч хөрөнгөө түр хугацаагаар түрээслүүлжээ. Сүүлчийнх нь Дэлхий дээр болж байгаа үйл явдалтай адилхан аж.
Юу тохиолдсон бэ?
6, 7. Бурханы хуулийг зөрчсөнөөс болж Адам Ева хоёрт юу тохиолдсон бэ?
6 Зовлон болон үхэл бол хүмүүст зориулсан Бурханы санаа зорилго байгаагүй юм гэдэг нь Библийн эхний хуудаснуудаас харагддаг. Бидний өвөг дээдэс болох Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүйгээсээ болоод үхсэн (Эхлэл 2, 3-р бүлэг). Тэд дуулгаваргүй болсноороо Бурханы хүсэл тааллыг биелүүлэхээ больсон. Тэд Бурханы хараа хяналтаас гарав. Мөн чанартаа тэд «амийн эх булаг» болсон Бурханаас салжээ (Дуулал 36:9).
7 Цахилгааны эх үүсвэрээс нь салгасан машин механизмын ажиллагаа удаашран, аажимдаа зогсдог шиг тэдний бие махбод болон оюун ухаан доройтон муудаж эхэлсэн. Тийнхүү, Адам Ева хоёр муудан доройтсоор хөгширч, эцэст нь үхжээ. Тэгээд яасан бэ? «Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно» гэсний дагуу тэд ирсэн газар уруугаа буцсан. Хуулийг нь зөрчвөл «зайлшгүй үхнэ!» гэдгийг Бурхан урьдчилан сануулжээ (Эхлэл 2:17; 3:19).
8. Бидний өвөг дээдсийн нүгэл бүх хүн төрөлхтөнд хэрхэн нөлөөлсөн бэ?
8 Зөвхөн бидний өвөг дээдэс өөрсдөө үхээд зогсоогүй, өөрийн бүх үр удам болох хүн төрөлхтнийг бүхэлд нь үхлийн эрхшээлд оруулжээ. Яаж? Генетикийн хуулиар эцэг эхийн онцлог шинжүүд үр хүүхдэд нь удамшин дамждаг. Учир иймээс, бидний өвөг дээдсийн бүх хүүхэд төгс бус байдал ба үхлийг өвлөн авчээ. Ром 5:12-т: «Тиймд нүгэл нь ганц хүнээр [хүн төрөлхтний дээд өвөг Адамаар] дэлхийд орсны адил үхэл нь нүглээр оров. Тэрчлэн, бүх хүмүүст үхэл тархав. Яагаад гэвэл бүгд нүгэл үйлдсэн юм [төгс бус байдал, нүгэл үйлдэх хандлагыг өвлөснөөр]». Зөвхөн нүгэл, төгс бус байдал, үхэл гэдгийг мэдэхээс цаашгүй зарим хүн энэ нь ердийн бөгөөд зайлшгүй байх зүйл гэж үздэг. Гэтэл, анхны хүмүүс мөнх амьдрах боломж ба хүсэлтэйгээр бүтээгдсэн. Тийм ч учраас, амьдрал нь үхлээр дуусна гэж бодохоос ихэнх хүнд харамсалтай санагддаг.
Ямар учраас өчнөөн удаан?
9. Зовлон зүдүүрийг Бурхан ямар учраас тийм удаан хүлцэх болов?
9 Хүмүүс сонгосон замаараа явахыг нь Бурхан ямар учраас өчнөөн удаан хугацаагаар зөвшөөрсөн бэ? Юуны учир тэрбээр зовлон зүдүүрийг төчнөөн олон зуун жилээр хүлцэв? Үүний нэгэн гол шалтгаан гэвэл: Хэн захирах эрхтэй вэ? Бурхан хүмүүсийн Захирагч нь байх уу, аль эсвэл тэд түүнээс хамааралгүйгээр өөрсдийгөө амжилттай удирдаж чадах уу? гэсэн туйлын чухал асуултууд урган гарч ирсэн явдал байв.
10. Хүмүүст ямар чадвар өгөгдсөн ба энэ нь тэдэнд ямар хариуцлага оногдуулсан бэ?
10 Хүмүүс шилж сонгох эрх чөлөөтөйгөөр бүтээгдсэн. Тэднийг робот шиг ч юм уу, эсвэл зөндөө хөтлөгддөг адгуус шиг хийгээгүй. Тийнхүү, хүмүүс хэнд үйлчлэхээ сонгож болох байв (Дэд хууль 30:19; 2 Коринт 3:17). Тийм учраас, Бурханы Үг: «Чөлөөт хүмүүс мэт үйлд, эрх чөлөөгөө муу муухайг далдлахын тул бүү ашигла, харин, Бурханы зарц мэт үйлд» гэж зөвлөдөг (1 Пэтр 2:16). Хэдийгээр, хүмүүс сонгох эрх чөлөөний ийм гайхалтай бэлэгтэй ч гэсэн сонголтынхоо дагуу үйлдсэн үйл хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой.
11. Бурханаас хамааралгүй байх зам зөв үү, буруу юу гэдгийг хэрхэн харуулж болох байв?
11 Бидний өвөг дээдэс буруу сонголт хийсэн. Тэд Бурханаас хамааралгүй байх замыг сонгожээ. Үнэндээ, сонгох эрх чөлөөгөө буруугаар ашигласан тэр даруйд нь тэрслэн боссон анхны хосыг Бурхан устгаж болох л байсан. Гэхдээ, ингэснээр хүмүүсийг захиран удирдах Бурханы эрхийн тухай асуудал шийдэгдэхгүй байлаа. Анхны хос Бурханаас хамааралгүй байхыг хүссэн учраас энэ зам нь аз жаргалтай сайхан амьдралд хүргэж чадах уу, үгүй юү гэсэн асуулттай тулгарахад хүргэсэн. Энэ асуултад хариулах цорын ганц боломж бол сонголт чинь ийм байна гэдгийг ойлгуулахын тулд бидний өвөг дээдэст болон үр удамд нь сонгосон замаараа явахыг нь зөвшөөрөх явдал байлаа. Бүтээгчээсээ хамааралгүйгээр хүмүүс өөрсдийгөө амжилттай удирдан захирахаар бүтээгдсэн үү, үгүй юү гэдгийг цаг хугацаа харуулах байв.
12. Иеремиа хүний удирдлагыг хэрхэн үнэлсэн ба энэ нь яагаад тийм бэ?
12 Энэ нь юунд хүргэхийг Библийг бичигчдийн нэг Иеремиа мэдэж байлаа. Тэрбээр, Бурханы хүчирхэг ариун сүнс буюу үйлдэгч хүчний удирдлагаар: «Ехова минь, дэлхийн хүнд зам нь түүнийх биш гэдгийг би сайн мэднэ. Явж байгаа хүнд ч мөн адил алхаагаа чиглүүлэх нь хамаарахгүй. Ехова минь, намайг залруулаач» гэж үнэн зөв бичжээ (Иеремиа 10:23, 24, ШЕ). Тэрбээр хүмүүст Бурханы тэнгэрийн мэргэн ухааны удирдлага хэрэгтэй гэдгийг мэдэж байв. Яагаад хэрэгтэй гэж? Учир нь, Бурхан, хүнийг өөрийнх нь удирдлагаас гадуур амжилтад хүрэхээр бүтээгээгүй.
13. Олон мянган жилийн хүний удирдлага юуг эргэлзээгүйгээр харуулсан бэ?
13 Олон мянган жилийн хүний удирдлагын үр дүн нь хүмүүс Бүтээгчээсээ хамааралгүйгээр ажил хэргээ амжилттай явуулж чадахгүй гэдгийг тов тодорхой харуулав. Нэгэнт тэд тийм замаар явсан учраас түүнийхээ сүйрэлт үр дагаврын төлөө зөвхөн өөрсдийгөө буруутгах ёстой. Энэ тухай Библид: «Хад [Бурхан], түүний үйл хэрэг төгс төгөлдөр, учир нь түүний зам шударга үнэн. Шударга бус явдал үгүй үнэний Бурхан тэрбээр зөв шударга бөгөөд цэх шулуун. Тэд өөрсдөө хөнөөлт хэрэг үйлдсэн учраас түүний хүүхдүүд байхаа больсон. Энэ согог нь тэдний өөрсдийнх» гэж тодорхой бичжээ (Дэд хууль 32:4, 5, ШЕ).
Бурхан удахгүй оролцоно
14. Бурхан цаашид хойшлуулалгүйгээр хүмүүсийн хэрэгт оролцохын учир юу вэ?
14 Хүний удирдлагын бүтэлгүйг харуулахаар хангалттай, олон зуун жилийн хугацаа олгосон Бурхан одоо хүмүүсийн үйл хэрэгт оролцож, зовлон зүдүүр, уй гашуу, өвчин эмгэг болон үхлийг дуусгавар болгох эрхтэй. Шинжлэх ухаан, аж үйлдвэр, анагаах ухааны болон бусад салбарт хүмүүс их амжилтын оргилд хүрэх боломжийг Бурхан нэгэнт олгосон болохоор, цаашид Бүтээгчээсээ хамааралгүйгээр тайван амгалан, аз жаргалтай амьдралыг тогтоож чадахаа нотлон харуулах олон зуун жилийн хугацааг тэдэнд дахин олгох шаардлага байхгүй. Тэд өнөөдрийг хүртэл үүнийг чадаагүй бөгөөд хойшид ч чадахгүй. Бурханаас үл хамаарах байдал нь үзэшгүй муухай, заналт, үхэл таригч нийгэмд хүргэсэн.
15. Библийн ямар зөвлөгөөг бид анхаарвал зохих вэ?
15 Хааяа, хүн арддаа туслах чинхүү хүсэл эрмэлзэлтэй удирдагчид гарч ирдэг байсан ч тэдний идэвх чармайлт талаар болдог байв. Өнөөдөр хүний удирдлагын системд хаа сайгүй л завхрал ажиглагдаж байна. Тэгээд ч, Библи: «Ноёдод итгэлээ бүү өг! Хүн төрөлхтөнд ч итгэлээ бүү өг! Тэд туслах хүчгүй!» гэж зөвлөдөг (Дуулал 146:3).
[Догол мөрийн асуулт]
[24, 25-р хуудасны зураг]
Тэр ч байтугай, чинхүү хүсэл эрмэлзэлтэй дэлхийн удирдагчид ч тайван амгалан, аз жаргалтай амьдралыг тогтоож чадаагүй