Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 108

Дамаск орох замд

Дамаск орох замд

ГАЗАР хэвтэж байгаа хүнийг хэн гэдгийг чи мэдэх үү? Саул гэдэг. Стефаныг чулуугаар цохиж алсан хүмүүсийн хувцсыг харж байсан тэр хүн шүү дээ. Энэ хурц гэрлийг хараач! Юу болж байна аа?

Стефаныг алагдсаны дараа, Саул Есүсийн дагалдагчдыг хорлохын тулд тэднийг баривчлах ажлыг удирдаж байлаа. Нэг байшингаас нөгөө уруу орж, шавь нарыг чирж гарган, шоронд хийдэг байв. Үүнээс болоод олон шавь өөр хотууд уруу зугтаж, тэндээ «сайн мэдээ» дэлгэрүүлж байлаа. Тэгэхэд нь Саул тэднийг олохоор өөр хотуудад очдог байв. Одоо тэр Дамаск орохоор явж байгаа нь энэ. Гэтэл замд нь ер бусын явдал болжээ.

Гэнэт тэнгэрээс гэрэл гарч, Саулын эргэн тойронд цацрав. Саул газар уналаа. Тэгтэл дуу гарч: «Саул аа, Саул аа! Чи юунд намайг хорлоно вэ?» гэлээ. Саултай хамт яваа хүмүүс гэрэл гарахыг харж, дуу сонссон боловч юу гэж хэлснийг ойлгосонгүй.

Саул: «Та хэн бэ?» гэж асуув.

«Би бол чиний хорлоод байгаа Есүс байна» гэх дуу гарлаа. Саул дагалдагчдыг нь хорлоход Есүст өөрийг нь хорлох шиг санагдаж байсан болохоор тэгж хэлжээ.

Саул: «Би яах вэ, Эзэнтэн минь?» гэж асуув.

Есүс: «Босож, Дамаск уруу яв. Тэнд, яахыг чинь хэлж өгнө» гэлээ. Саул босож, нүдээ нээтэл юу ч харагдсангүй. Тэр сохорчээ! Цуг яваа хүмүүс нь түүний гараас хөтлөөд, Дамаскт авчрав.

Есүс Дамаскийн нэг шавьдаа: «Бос, Ананиа. „Шулуун“ хэмээх гудамжинд оч. Иудагийн гэрт байгаа хүмүүсээс Саул гэдэг хүнийг асуу. Би Саулыг тусгай үйлчлэгчээ болгон сонгосон юм» гэжээ.

Ананиа тэр ёсоор хийв. Саултай уулзаад, түүн дээр гараа тавьж: «Чамд хараа оруулж, ариун сүнс өгүүлэхээр Эзэн Есүс намайг явууллаа» гэж хэлэв. Тэр даруй Саулын нүднээс хайрс шиг юм унаж, дахин хардаг болов.

Саул олон үндэстний хүмүүст идэвхтэй дэлгэрүүлдэг болжээ. Тэр «элч Паул» гэдэг нэрээр алдаршсан бөгөөд дараа дараагийн өгүүллэгээс түүний тухай илүү ихийг мэднэ. Харин эхлээд Бурхан, Петрийг юу хийлгэхээр явуулсныг үзье.