Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 110

Паулын шинэ туслах Тимот

Паулын шинэ туслах Тимот

ЭЛЧ Паултай хамт байгаа энэ залуу бол Тимот юм. Тимот Лустр хотод гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг байв. Ээжийг нь Юник, эмээг нь Лой гэдэг аж.

Паул Лустрт гурав дахь удаагаа ирээд байгаа нь энэ. Барнабтай цуг дэлгэрүүлэх аялал хийж, жил орчмын өмнө анх энд ирж байжээ. Энэ удаад анд найз Силастайгаа ирсэн аж.

Паул Тимотод юу гэж хэлж байгааг чи мэдэх үү? «Чи, Силас бид хоёртой хамт явмаар байна уу? Хол газар суудаг хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхэд бидэнд туслах уу?» гэж асууж байна.

Тимот хариуд нь: «Тэгье. Би явъя» гэжээ. Тэгээд удалгүй Тимот гэрээ орхиж, Паул Силас хоёртой явав. Харин тэдний аяллын тухай үзэхээсээ өмнө Паулд юу тохиолдсоныг мэдэцгээе. Паулыг Дамаск орох замд Есүс үзэгдсэнээс хойш 17 орчим жил өнгөрчээ.

Есүсийн шавь нарыг хорлохоор Дамаск уруу явж байсан Паул одоо өөрөө шавь нь болсон байна! Хожим зарим дайсан нь Паулын заасан, Есүсийн тухай сургаалд дургүй байсан учраас түүнийг алахаар шийджээ. Гэвч шавь нар Паулд тусалж, оргуулав. Тэд түүнийг сагсанд хийгээд, хотын хэрмийн гадна гаргажээ.

Үүний дараа Паул Антиох хотод дэлгэрүүлэхээр явав. Есүсийн дагалдагчдыг хамгийн анх энэ хотод «христианууд» гэж нэрлэх болсон юм. Дараа нь Паул Барнаб хоёрыг холын орнуудад сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хийлгэхээр Антиохоос явуулжээ. Тэдний очсон нэг хот нь Лустр байсан бөгөөд Тимотынх тэнд байжээ.

Түүнээс жил орчмын дараа Паул хоёр дахь аяллаараа Лустрт дахин ирэв. Тимот, Паул Силас хоёртой яваад хаана очсоныг чи мэдэх үү? Газрын зураг хараад, тэдний очсон зарим хотыг мэдэж авцгаая.

Эхлээд тэд Лустрийн дэргэдэх Икониум хотод, дараа нь хоёр дахь Антиох хотод очжээ. Дараа нь Трой уруу аялж, тэндээсээ Филиппой, Тесалоник болон Беройд очжээ. Чи газрын зураг дээрээс Афин хотыг харж байна уу? Паул тэнд ч бас сайн мэдээ дэлгэрүүлсэн. Дараа нь тэд Коринт хотод жил хагас дэлгэрүүлэх ажил хийжээ. Аяллынхаа төгсгөлд Ефест түр буудалласан байна. Дараа нь усан онгоцоор Кайсари уруу буцаж, тэндээсээ Антиохт очоод, Паул тэнд хэсэг байх болжээ.

Тийнхүү Тимот олон мянган километр зам туулж, сайн мэдээ дэлгэрүүлж, олон христиан хурал үүсгэн байгуулахад нь Паулд тусалжээ. Чи том болоод, Тимот шиг Бурхны үнэнч үйлчлэгч болох уу?