Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 9

Ноа хөвөгч авдар барьсан нь

Ноа хөвөгч авдар барьсан нь

НОА эхнэр, гурван хүүтэй байв. Хөвгүүдийг нь Шем, Хам, Иафет гэдэг бөгөөд гурвуулаа эхнэртэй юм. Тийнхүү Ноагийнх ам бүл наймуулаа ажээ.

Бурхан Ноад нэгэн ер бусын юм хийх даалгавар өгчээ. Энэ нь «хөвөгч авдар» буюу усан онгоц шиг нүсэр том хайрцаг барих даалгавар байлаа. «Чи хөвөгч авдрыг гурван давхар бөгөөд олон өрөөтэй хий» гэж Бурхан зарлиг буулгажээ. Тэр өрөөнүүд нь Ноагийн гэр бүлийнхэнд, амьтдад, бас хожим тэдэнд хэрэг болох хоол хүнс хийхэд зориулагджээ.

Тэрчлэн, Бурхан Ноад хөвөгч авдрыг ус нэвтэрдэггүй болгож барихыг тушаажээ. Бурхан: «Би их үер буулгаж, бүх ертөнцийг устгана. Авдарт ороогүй бүхэн үхэх болно» хэмээн айлджээ.

Ноа болон түүний хөвгүүд Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлж эхэлжээ. Харин хүмүүс тэднийг шоолж байв. Тэр хүмүүс муу чигээрээ үлдсэн билээ. Ноа Бурхны хийх гэж байгаа юмыг тэдэнд хэлэхэд хэн нь ч итгээгүй юм.

Хөвөгч авдар маш том учир их олон жил барьжээ. Эцэст нь бэлэн болов. Тэгээд амьтдыг тийш нь оруулахыг Бурхан Ноад тушаажээ. Бурхны хэлснээр зарим төрлийн амьтнаас эр эмээр нь хосыг, заримаас нь долоог авсан байна. Бас зүйл бүрийн шувуунаас авахыг тушаажээ. Бурхны хий гэсэн болгоныг Ноа ёсоор болгов.

Дараа нь Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт хөвөгч авдарт оров. Тэднийг орсон хойно Бурхан хаалгыг нь хаажээ. Тэгээд Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт авдар дотор хүлээв. Чи тэдэнтэй хамт хүлээж байна гээд төсөөлөөд үз дээ. Бурхны хэлсэн үер үнэхээр болох болов уу?