Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 6

Сайн муу хоёр хүү

Сайн муу хоёр хүү

КАИН Абел хоёрыг хар даа. Тэр хоёр том болжээ. Каин тариачин болж, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьдаг болсон байна.

Абел хоньчин болжээ. Тэр хурга хариулах их дуртай. Хурганууд нь өсөж бойжоод, бүхэл бүтэн хонин сүрэг болжээ.

Нэгэн өдөр Каин Абел хоёр Бурханд бэлэг авчиржээ. Каин жимс ногооноосоо авчрав. Абел хамгийн тарган хонио авчрав. Еховад Абел болон авчирсан бэлэг нь их таалагджээ. Харин Каин болон бэлэг нь таалагдсангүй. Учрыг нь чи мэдэх үү?

Абелын бэлэг Каиныхаас илүү сайн байсанд биш, Абел өөрөө сайн хүн байсанд гол учир нь байжээ. Тэр Еховад болон ахдаа хайртай байв. Гэтэл Каин муу хүн байсан бөгөөд дүүдээ хайргүй байжээ.

Тийм учраас Бурхан Каинд муу зангаа зас гэж хэлсэн. Гэвч Каин үгийг нь дуулаагүй. Бурхан Абелд илүү хайртай байсан учраас Каин маш их ууртай байв. Тийм учраас Абелд: «Хоёулаа хээр очъё» гэж хэлжээ. Хээр талд хоёулхнаа байхдаа Каин дүү Абелаа зодов. Их хүчтэй цохисон тул дүү нь үхжээ. Каины үйлдсэн хэрэг их муухай зүйл биш гэж үү?

Абел үхсэн боловч Бурхан түүнийг одоо хүртэл санаж байгаа. Абел сайн хүн байсан. Ехова сайн хүмүүсийг мартдаггүй. Тийм учраас ирээдүйд Абелыг дахин амилуулна. Тэр цагт Абел хэзээ ч үхэхгүй, энэ дэлхий дээр мөнх амьдрах боломжтой болно. Түүн шиг сайн хүмүүстэй танилцах сайхан биз дээ?

Харин Каин шиг хүмүүс Бурханд таалагддаггүй. Тиймээс Бурхан, дүүгээ алсных нь төлөө Каиныг гэрээс нь хол газар цөлж шийтгэсэн. Каин өөр газар амьдрахаар явахдаа охин дүү нарынхаа нэгийг эхнэрээ болгон авч явжээ.

Тэгээд Каиных үр хүүхэдтэй болов. Адам Ева хоёрын бусад хүүхэд мөн гэрлэж, үр хүүхэдтэй болжээ. Удалгүй дэлхий олон хүнтэй боллоо. Тэдний заримтай нь танилцъя.