Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 5

Хэцүү амьдрал эхэлсэн нь

Хэцүү амьдрал эхэлсэн нь

АДАМ Ева хоёр Еден цэцэрлэгээс гараад олон бэрхшээлтэй учирчээ. Хоол олж идэхийн тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Гоё сайхан жимсний моддын оронд эргэн тойронд нь үүргэнэ, халгай ургасан байв. Адам Ева хоёр Бурханд дуулгаваргүй болж, анд нөхөр нь байхаа больсноос ийм юм болжээ.

Гэхдээ тэд үхэх болсон нь хамгийн муу хэрэг байлаа. Тэр ганц модноос жимс идвэл үхнэ гэж Бурхан анхааруулсан шүү дээ. Адам Ева хоёр, тэр жимсийг идсэн яг тэр өдөртөө л үхэж эхэлсэн. Бурхны үгэнд ороогүй нь ямар тэнэг хэрэг вэ!

Бүх хүүхэд нь Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш төржээ. Тийм учраас тэдний хүүхдүүд ч бас хөгширч, үхнэ гэсэн үг байлаа.

Хэрэв Адам Ева хоёр Еховагийн үгэнд орсон бол тэд ч, үр хүүхэд нь ч жаргалтай амьдрах байв. Тэд бүгдээрээ дэлхий дээр үүрд, жаргалтай сайхан амьдрах байсан юм. Нэг ч хүн хөгширч, өвдөж, үхэхгүй байв.

Бурхан хүмүүсийг аз жаргалтай мөнх амьдруулахыг хүсдэг бөгөөд ирээдүйд мөнх амьдруулна гэж амладаг. Тэр үед дэлхий бүхэлдээ үзэсгэлэнтэй сайхан болох төдийгүй хүмүүс бүгд эрүүл болно. Тэгээд бүх хүн бие биетэйгээ болон Бурхантай сайн анд нөхөд болцгооно.

Харин Ева Бурхны анд нөхөр байхаа больсон учраас хүүхэд төрүүлэхэд түүнд амаргүй байв. Хүүхдээ төрүүлэхдээ их өвддөг байжээ. Ева Еховад дуулгаваргүй байснаасаа болоод их зовсон нь лавтай. Тийм биз дээ?

Адам Ева хоёр олон хүү охинтой болсон. Анхны хүүдээ Каин гэдэг нэр өгөв. Удаах хүүгээ Абел гэж нэрлэжээ. Тэдэнд юу тохиолдсон бэ? Чи мэдэх үү?