Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 32

Арван гамшиг

Арван гамшиг

ЭНЭ зургуудыг хар даа! Египетэд Еховагийн буулгасан 10 гамшгийг зураг болгон дээр дүрсэлсэн байна. Эхний зураг дээр Аарон таягаараа Нил мөрний усыг цохиж байгааг харуулжээ. Ингэж цохимогц мөрний ус цус болон хувирахад загас нь үхэж, мөрөн өмхийрөв.

Үүний дараа Ехова Нил мөрнөөс мэлхий гаргахад зуух, хайруулын таваг, ор дэр гээд хаа сайгүй таржээ. Мэлхийнүүдийг үхэхэд египетчүүд цуглуулж овоолов. Тэгтэл тэр газар нь өмхийрчээ.

Дараа нь Аарон таягаараа газар цохиход, тоос нь хаздаг шавьж болон хувирав. Энэ нь Египетийн нутагт учирсан гурав дахь гамшиг байлаа.

Үлдсэн бусад гамшиг израильчуудад биш, зөвхөн египетчүүдэд хор учруулав. Дөрөв дэх гамшиг нь бүх египет айлын гэрээр язганан ниссэн том том ялаа байв. Тав дахь гамшгийг амьтад дээр буулгажээ. Үүнээс болж египетчүүдийн үхэр, хонь, ямаа олноороо үхлээ.

Дараа нь Мосе Аарон хоёр үнс авч, агаарт цацав. Тэгтэл хүн, амьтан бүгдээрээ идээт яранд бариулжээ. Энэ нь зургаа дахь гамшиг байлаа.

Дараа нь Мосе тэнгэр өөд гараа өргөсөнд Ехова аянга буулгаж, мөндөр оруулав. Энэ бол Египетэд орсон хамгийн ширүүн мөндөр байлаа.

Найм дахь гамшиг нь үй олон царцаан сүрэг байв. Үүнээс өмнө ч, хойно ч тийм олон царцаа ер үзэгдээгүй ажээ. Тэд мөндөрт цохиулаагүй үлдсэн бүхнийг иджээ.

Ес дэх гамшиг нь харанхуй байлаа. Египет нутгийг гурван өдрийн турш түнэр харанхуй нөмөрсөн боловч израильчуудын байсан газар гэрэлтэй хэвээрээ байв.

Эцэст нь, Бурхан ард түмэндээ хурга юм уу ишигний цус тотгондоо түрхэхийг тушаажээ. Үүний дараа Бурхны тэнгэр элч Египетийн дээгүүр явж өнгөрөв. Тэнгэр элч тотгондоо цус түрхсэн айлаас нэг ч хүн алсангүй. Харин тотгондоо цус түрхээгүй айлын ууган хүү, анхны төл болгоныг алав. Энэ бол 10 дахь гамшиг байлаа.

Сүүлчийн гамшгийн дараа фараон израильчуудыг явахыг зөвшөөрөв. Бурхны ард түмэн явахад бэлэн байсан учраас тэр шөнөдөө Египетээс хөдөлжээ.