Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 21

Ах нар нь Иосефыг үзэн ядсан нь

Ах нар нь Иосефыг үзэн ядсан нь

ЭНЭ хүү хэчнээн их гунихарч, цөхөрсөн байгааг хар даа. Энэ бол Иосеф юм. Ах нар нь түүнийг Египет уруу явж байгаа хүмүүст худалдчихаад байгаа нь энэ. Иосеф тэнд боол болох аж. Эцэг нэгтэй ах нар нь яагаад ийм муухай зүйл хийх болов оо? Яагаад гэвэл тэд Иосефт атаархдаг байлаа.

Эцэг Иаков нь Иосефыг бусад хүүгээсээ илүү хайрладаг байв. Тийм болохоор түүнд урт, гоё дээл хийж өгчээ. Аав нь Иосефт өөрсдөөс нь илүү хайртайг хараад 10 ах нь дүүдээ атаархаж, үзэн ядах болжээ. Гэхдээ Иосефыг үзэн ядах бас нэг шалтгаан байлаа.

Иосеф хоёр зүүд зүүдэлжээ. Хоёр зүүдний аль алинд ах нар нь түүнд мөргөж байжээ. Иосеф ах нартаа зүүдээ ярьснаас хойш тэд Иосефыг улам ихээр үзэн ядах болов.

Нэгэн өдөр Иаков Иосефыг хонио хариулж яваа ах нараа ямар байгааг үзээд ир гэж явуулжээ. Иосефын ирж явааг ах нар нь хараад зарим нь: «Түүнийг алъя!» гэж хэлэв. Харин хамгийн том ах Реубен нь: «Хэрэггүй ээ, ийм юм битгий хийгээч!» гэж гуйв. Тэгэхэд нь тэд Иосефыг барьж аваад, ус нь ширгэсэн нүхэнд хаяжээ. Ингэснийхээ дараа түүнийг цаашид яах тухайгаа ярилцаж суув.

Яг энэ үеэр ишмаелчууд ирж явав. Иуда ах дүү нартаа хандан: «Түүнийг ишмаелчуудад худалдчихъя» гэж хэлэв. Тэд энэ саналыг зөвшөөрч, Иосефыг хорин мөнгөн зоосоор худалджээ. Ямар муухай, хатуу сэтгэл бэ!

Ах нар нь эцэгтээ юу гэж хэлэх бол? Тэд ямаа алаад, цусанд нь Иосефын гоё дээлийг хэд дахин дүрээд авчээ. Дараа нь өнөөх дээлээ эцэг Иаковтаа авчирч өгөөд: «Бид үүнийг оллоо. Иосефын дээл мөн үү, биш үү, та үз дээ» гэж хэлэв.

Иаков тэр дээлийг үзээд: «Иосеф зэрлэг амьтанд бариулчихжээ» гээд уйллаа. Тийнхүү ах нарынх нь санаж сэдсэн зүйл хэрэгжив. Иаков уй гашууд автаж, олон хоног уйлжээ. Гэвч Иосеф үхээгүй билээ. Очсон газар нь түүнд юу тохиолдсоныг одоо үзэцгээе.