Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 14

Бурхан Абрахамын итгэлийг шалгасан нь

Бурхан Абрахамын итгэлийг шалгасан нь

АБРАХАМЫН юу хийж байгааг чи харж байна уу? Гарт нь хутга байхыг бодоход хүүгээ алахаар шийдсэн бололтой. Ямар учраас ингэх болов оо? Эхлээд, Абрахам Сара хоёр яаж хүүхэдтэй болсныг мэдэцгээе.

Бурхан тэднийг хүүтэй болгоно гэж амласан шүү дээ. Гэтэл Абрахам Сара хоёр их хөгширсөн болохоор энэ нь бүтэхгүй юм шиг санагджээ. Гэхдээ Бурхан боломжгүй зүйлийг ч хийж чадна гэдэгт Абрахам итгэж байв. Тэгээд яасан бэ?

Бурхныг амласнаас хойш бүтэн жил өнгөрчээ. Абрахам 100, Сара 90 настай байхдаа Исаак гэдэг хүүтэй болов. Бурхан амласандаа хүрчээ!

Исаакийг өсөж том болоход Ехова Абрахамын итгэлийг шалгав. Бурхан: «Абрахам аа!» гэж дуудахад, Абрахам: «Би энд байна!» гэж хариулав. Тэгэхэд нь: «Цорын ганц хүү Исаакаа аваад, миний зааж өгөх ууланд оч. Тэнд хүүгээрээ тахил өргө» гэж хэлжээ.

Абрахам хүүдээ дэндүү хайртай байсан болохоор энэ үгийг сонсоход ямар хэцүү байсан бол. Абрахамын үр хүүхэд Канаан нутагт амьдрах болно гэж Бурхан амласан биз дээ. Гэтэл, Исаак үхчихвэл энэ амлалт яаж биелэх билээ? Абрахам үүнийг ойлгоогүй ч гэсэн Бурхны үгийг дуулгавартай биелүүлж байлаа.

Абрахам ууланд гарч ирээд Исаакийг хүлж, барьсан тахилын ширээн дээрээ тавив. Тэгээд хүүгээ алахаар хутгаа гаргав. Яг тэр мөчид Бурхны тэнгэр элч: «Абрахам аа, Абрахам аа!» гэж дуудлаа. Хариуд нь Абрахам: «Би энд байна!» гэв.

«Хөвгүүнд муу юм бүү хий! Түүнд бүү гар хүр! Чи надаас цорын ганц хүүгээ харамлаагүй тул одоо би чамайг надад итгэдгийг чинь мэдлээ» гэж Бурхан хэлэв.

Абрахам Бурханд ямар их итгэлтэй байж вэ! Еховад боломжгүй юм гэж байхгүй, тэр ч байтугай, Исаакийг дахин амилуулж чадна гэдэгт тэр итгэж байлаа. Үнэн хэрэгтээ, Бурхан Абрахамаар хүү Исаакийг нь алуулах гээгүй юм. Тиймээс Бурхан ойролцоох бутанд нэг хонийг эврээр нь тээглүүлсэн байсан бөгөөд түүнийг хүүгийнхээ оронд тахил болгон өргөхийг Абрахамд тушаажээ.