Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 15

Лотын эхнэр эргэж харжээ

Лотын эхнэр эргэж харжээ

ЛОТ болон түүний гэр бүлийнхэн Абрахамын хамт Канаан нутагт амьдарч байлаа. Нэгэн өдөр Абрахам Лотод: «Энэ бэлчээр нутаг танай, манай малд хүрэлцэхгүй байна. Салж нүүцгээе. Чамайг нэг тийшээ явбал би өөр тийшээ явъя» гэж хэлжээ.

Лот нутаг орныг бүхэлд нь шинжин харав. Тэгээд өвс ногоо, ус ундарга элбэгтэй үлэмж сайхан нутгийг сонгожээ. Тэр нь Иордан голын сав газар байлаа. Лот гэр орон, мал хөрөнгөө аваад тэр нутаг уруу нүүжээ. Ингээд тэд Содом хотод амьдрах болов.

Содом хотынхон маш муу хүмүүс байжээ. Лот сайн хүн байсан тул үүнд сэтгэл нь өвддөг байлаа. Бурхны сэтгэл ч бас зовж байв. Эцэст нь Бурхан муу үйл хийснийх нь төлөө Содомыг зэргэлдээх Гоморра хотын хамт устгах гэж байгаагаа Лотод анхааруулахаар хоёр тэнгэр элчээ илгээжээ.

Тэнгэр элчүүд Лотод: «Түргэл! Эхнэр, хоёр охиноо аваад эндээс хурдан яв!» гэлээ. Лот болон эхнэр хүүхдүүд нь явахгүй удаад байсан тул тэнгэр элчүүд тэднийг гараас нь хөтлөн, хотоос гаргав. Дараа нь тэнгэр элчүүдийн нэг нь: «Амьд үлдэхийн тулд гүй! Бүү эргэж хар. Уул уруу гүй. Тэгвэл та нар аврагдана» гэж хэлжээ.

Лот болон охид үгэнд орж, Содомоос зугтав. Тэд хоромхон зуур ч зогсолгүй, эргэж ч харалгүй гүйжээ. Харин Лотын эхнэр үгэнд орсонгүй. Содомоос нэлээд холдсон хойноо зогсоод, эргэж харжээ. Тэр даруйдаа Лотын эхнэр давсан хөшөө болов. Чи зураг дээрээс түүнийг харж байна уу?

Энэ нь бидэнд их сургамжтай юм. Бурхан өөрт нь дуулгавартай хүнийг аварна, харин дуулгаваргүй хүн үхнэ гэдэг нь эндээс харагдаж байна.