ӨГҮҮЛЛЭГ 23
Фараоны зүүд
ИОСЕФ шоронд дахин хоёр жилийг өнгөрөөлөө. Сөнч, Иосефын тухай юу ч санахгүй л байв. Нэгэн шөнө фараон ер бусын хоёр зүүд зүүдлээд, зүүднийхээ учрыг мэдэхийг ихэд хүсжээ. Түүний унтаж байгааг чи харж байна уу? Маргааш өглөө нь фараон ухаантан мэргэдээ бүгдийг нь дуудан ирүүлж, зүүдээ ярьж өгчээ. Гэвч тэд зүүдний учрыг тайлж чадсангүй.
Мөнөөх сөнч, Иосефыг сая санав. Тэр фараонд: «Намайг шоронд байхад зүүд тайлдаг нэгэн залуу байсан» гэж хэлэв. Фараон Иосефыг шоронгоос нэн даруй гаргаж ирэхийг тушаалаа.
Тэгээд Иосефт зүүднийхээ тухай ингэж ярив. «Би долоон сайхан, тарган үхэр зүүдлэв. Дараа нь долоон муухай, туранхай үхэр үзэв. Тэгтэл туранхай үхрүүд нь тарганыгаа идчих юм.
Дараагийн зүүдэндээ би болц сайтай долоон түрүү нэг ишнээс ургасан байхыг үзэв. Мөн хатаж хорчийсон үртэй долоон түрүү байх юм. Гэтэл хатсан түрүү нь долоон сайн түрүүг залгиж эхэлдэг юм байна».
Иосеф фараонд: «Хоёр зүүд хоёул адил утгатай. Долоон тарган үхэр болон боловсорч гүйцсэн долоон түрүү нь нэг долоон жил, харин долоон туранхай үхэр, долоон хорчийсон түрүү нь бас нэг долоон жил юм. Эхний долоон жилд нь Египет хоол хүнсээр элбэг дэлбэг байна. Харин дараагийн долоон жилд нь хоол хүнс хомсдоно» гэж хэлэв.
Тэгээд Иосеф фараонд: «Та мэргэн ухаантай хүн сонгож, өнтэй долоон жилийн хугацаанд хоол хүнс нөөцөлж авах ажлыг хариуцуулагтун. Тэгвэл дараагийн ургац багатай, тарчиг долоон жилд хүмүүс өлсөхгүй» гэлээ.
Фараонд энэ санал таалагджээ. Ингээд фараон хоол хүнс цуглуулж, нөөцлүүлэхээр Иосефыг сонгон авав. Иосеф Египетэд фараоны дараа орох хамгийн чухал хүн нь болжээ.
Найман жилийн дараа, өлсгөлөнгийн үеэр, хэдэн хүн өөр уруу нь ирж явахыг Иосеф харав. Тэд хэн бэ? Өө, Иосефын 10 ах байна шүү дээ! Канаан нутагт хоол хүнсгүй болсон учир аав Иаков нь тэднийг Египет уруу явуулжээ. Иосеф ах нараа таньсан боловч тэд түүнийг таньсангүй. Яагаад таниагүйг чи мэдэж байна уу? Яагаад гэвэл Иосеф өсөж том болсон бөгөөд өөр хувцас өмсжээ.
Иосеф, ах нараа өөрт нь мөргөхөөр ирж байна гэж багадаа зүүдэлснээ санав. Тэр тухай уншсанаа чи санаж байна уу? Тэгэхэд л Иосеф, Бурхан өөрийг нь Египет уруу зориуд илгээжээ гэдгийг ойлгов. Иосеф одоо яах бол? Чи юу гэж бодож байна? Яасныг нь мэдье.