ӨГҮҮЛЛЭГ 17
Хоорондоо төсгүй ихрүүд
ЭНЭ хоёр хүү хоорондоо огт төсгүй байгаа биз? Чи тэднийг мэдэх үү? Анчин хүүг Есав, хоньчин хүүг Иаков гэдэг.
Есав Иаков хоёр бол Исаак Ребека хоёрын ихэр хөвгүүд юм. Есав ан сайн хийж, гэртээ хоол хүнс авчирдаг тул аав Исаак нь түүнд их хайртай байлаа. Харин Иаков томоотой, тайван хүү байсан болохоор Ребека түүнд илүү хайртай байжээ.
Өвөө Абрахам нь тэр үед амьд сэрүүн байв. Тийм учраас Иаков Еховагийн тухай өвөөгийнхөө ярихыг шимтэн сонсдог байсан биз ээ. Абрахамыг 175 настайдаа нас барахад ихрүүд 15 настай байв.
Есав 40 насандаа Канаан нутгийн хоёр бүсгүйтэй гэрлэжээ. Тэр бүсгүйчүүд Еховаг шүтдэггүй байсан учраас Исаак Ребека хоёрт сэтгэлийн зовлон болов.
Нэгэн өдөр нэг явдал болж, Есав дүү Иаковтаа ихэд уурлажээ. Юу гэвэл, Исаак том хүүгээ ерөөх цаг нь болсон байв. Есав Иаковаас ах тул ерөөл хүртэнэ гэж хүлээж байлаа. Гэвч Есав ерөөл хүртэх эрхээ аль эрт Иаковт худалдчихжээ. Тэгээд ч хоёр хүүг төрөх үед, Бурхан Иаковыг ерөөл хүртэнэ гэж хэлсэн аж. Үнэхээр тийм юм болов. Исаак, хүү Иаковаа ерөөжээ.
Хожим Есав үүнийг дуулаад Иаковт маш их уурлав. Уурандаа, Иаковыг ална гэж хэлж орхижээ. Ребека үүнийг сонсоод, сэтгэл нь их зовов. Тэгээд нөхөртөө: «Хэрэв Иаков Канаан нутгийн охидоос эхнэр авбал муу юм болно» гэв.
Тэгэхэд нь Исаак, хүү Иаковаа дуудаад: «Канаанчуудаас эхнэр бүү ав. Харин Харанд байгаа Бетуел өвөөгийндөө оч. Хүү Лабаных нь охидоос нэгэнтэй нь гэрлэ» гэж захилаа.
Иаков аавынхаа үгэнд орж, тэр даруйдаа садан төрлийнхнийхөө нутагладаг алс холын Хараныг зорилоо.