Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 36

Алтан тугал

Алтан тугал

ХҮҮЕ, хараач! Энэ хүмүүс юу хийж байна вэ? Тугалд залбирч байна! Яагаад ингэх болов?

Мосег уулнаас бууж ирэхгүй удаад байхлаар нь хүмүүс: «Мосе яасныг бүү мэд. Тэгэхлээр одоо бүгдээрээ энэ нутгаас биднийг удирдан гаргах бурхан хийе» гэжээ.

«За яах вэ, тэгье. Чихэндээ зүүсэн алтан ээмгээ тайлаад, надад авчирч өгцгөө» гэж Мосегийн ах Аарон хэлэв. Хүмүүс ээмгээ авчирч өгөхөд Аарон хайлуулаад, алтан тугал хийв. Тэгтэл хүмүүс: «Энэ бол манай Бурхан, биднийг Египетээс гаргасан юм!» гэцгээжээ. Дараа нь израильчууд их найр хийж, алтан тугалдаа мөргөв.

Ехова үүнийг үзээд хилэгнэн уурлажээ. Тэгээд Мосед: «Доошоо хурдан бууж оч. Ард олон их муу юм хийж байна. Тэд хуулийг минь мартаад, алтан тугалд мөргөж байна» гэж хэлэв.

Мосе уулнаас яаран бууж ирэв. Ойртоод очиход нь хүмүүс юу хийж байсан гэж санана. Дуу дуулан, алтан тугалыг тойрон бүжиглэцгээж байв! Мосе уурандаа, хууль бичсэн хоёр чулуун хавтанг газар чулуудсанд бут үсэрчээ. Дараа нь өнөөх алтан тугалыг авч хайлуулаад, бутлан нунтаглав.

Хүмүүс үнэхээр муу юм хийжээ. Тийм учраас Мосе зарим эрэгтэйд сэлмээ авахыг тушаагаад: «Алтан тугалд мөргөсөн өөдгүй хүмүүс үхэх ёстой» гэж хэлэв. Тэгээд тэр эрчүүд 3 000 хүнийг алжээ! Ганцхан Ехова Бурхныг л шүтэж, өөр ямар ч хуурамч бурхныг шүтэх ёсгүйг энэ явдал бидэнд харуулж байна, тийм үү?