Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 35

Ехова хуулиа өгсөн нь

Ехова хуулиа өгсөн нь

ИЗРАИЛЬЧУУД Египетээс гараад, хоёр сар орчмын дараа Синаи ууланд хүрч ирэв. Тэр уулыг бас Хореб гэж нэрлэдэг ажээ. Энд Ехова шатаж байсан бутан дотроос Мосетой ярьсан юм. Тэд тэнд буудаллан, хэсэг хугацаагаар байв.

Хүмүүс доор үлдэж, Мосе ууланд гарлаа. Мосег уулын оройд гарч ирэхэд Ехова түүнд, израильчуудыг удирдаж, онцгой ард түмнээ болгох хүсэлтэй байгаагаа хэлэв. Мосе уулнаас бууж ирээд, Еховагийн хэлснийг израильчуудад ярьжээ. Израильчууд Бурхны ард түмэн байхыг хүссэн учраас дуулгавартай байхаа амлав.

Ехова ер бусын сонин юм үзүүлжээ. Уулын оройд утаа суунаглуулж, тэнгэр нүргэлүүлэв. Тэгээд бас тэдэнд хандан: «Би бол та нарыг Египетээс гаргасан, та нарын Бурхан Ехова байна» гэж хэлжээ. Дараа нь: «Та нар надаас өөр ямар ч бурхан шүтэж болохгүй» хэмээн тушаав.

Бурхан израильчуудад энэ тушаалаас гадна өөр есөн тушаал буюу хууль өгчээ. Хүмүүс айж сүрдэв. Тэд Мосегоос: «Бурхан бидэнтэй яривал бид үхчих байх гэж айж байна. Тийм учраас та яриач» гэж гуйжээ.

Хожим нь Ехова Мосед: «Уулан дээр гарч над уруу ир. Би чамд хууль бичсэн хоёр чулуун хавтан өгье. Тэр хуулийг миний ард түмэн сахин мөрдөг» гэж хэлэв. Тиймээс Мосе дахин ууланд гарлаа. Тэр тэнд 40 өдөр, 40 шөнө байжээ.

Бурхан ард түмэндээ маш олон хууль өгснийг нь Мосе бичиж авчээ. Түүнээс гадна, Бурхан Мосед хоёр чулуун хавтан өгөв. Бурхан бүх хүнд хамаатай 10 хуулиа энэ хоёр хавтан дээр өөрөө бичжээ. Тэр хуулийг «Арван тушаал» гэдэг.

«Арван тушаал» бол чухал хууль юм. Гэхдээ израильчуудад Бурхны өгсөн бусад хууль ч мөн адил чухал билээ. Эдгээр хуулийн нэг нь: «Чи Ехова Бурхнаа бүх зүрх, бүх оюун ухаан, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлах ёстой» гэж байдаг. Бас өөр нэг хуульд: «Чи бусдыгаа өөр шигээ хайрла» гэжээ. Израилийн ард түмэнд өгсөн Еховагийн хуулиудаас хамгийн агуу нь энэ хоёр хууль гэж Бурхны Хүү Есүс Христ хэлсэн байдаг. Хожим бид Бурхны Хүүгийн тухай болон түүний сургаалын талаар илүү ихийг мэдэх болно.