Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 46

Иерихогийн хэрэм

Иерихогийн хэрэм

ИЕРИХОГИЙН хэрэм яагаад нуран унаж байгаа юм бол? Тэсрэх бөмбөгт өртсөн юм шиг нурж байх юм. Гэвч тэр үед бөмбөг байтугай буу ч байгаагүй шүү дээ. Энэ бол Еховагийн үйлдсэн бас нэг гайхамшиг байсан билээ! Яаж ингэснийг мэдэцгээе.

Ехова Иошуад: «Дайчдынхаа хамт хотыг тойрон алх. Зургаан өдрийн турш, өдөр бүр нэг удаа тойрч алх. Ингэхдээ гэрээний авдар авч яв. Авдрын өмнө долоон тахилч бүрээ үлээн алхах ёстой.

Долоо дахь өдөр та нар хотыг долоон удаа тойрох ёстой. Дараа нь бүрээгээ уртаар үлээж, хүн бүр цэргийн уухай хашгир. Тэгвэл хэрэм нурж унана!» гэсэн тушаал өгчээ.

Иошуа болон ард олон Еховагийн хэлснийг хийв. Тойрон алхаж явах үедээ тэд чив чимээгүй байлаа. Нэг ч хүн үг дуугарсангүй. Зөвхөн бүрээн дуу, хөлийн чимээ л сонстож байлаа. Иерихо хотод амьдардаг, Бурхны ард түмний дайснууд үнхэлцгээ хагартал айж байсан нь лавтай. Цонхноос унжиж байгаа улаан уяаг харж байна уу? Энэ хэний цонх билээ? Тийм ээ, Рахабынх. Тэр, туршуулуудын хэлснийг хийжээ. Бүх хамаатан садан нь болж буй үйл явдлыг Рахабтай хамт гэрээс нь ажиглан харж байлаа.

Эцэст нь долоо дахь өдөр болж, ард олон хотыг долоон удаа тойрч, бүрээгээ үлээн, уухайлан хашгирсанд хэрэм нуран унажээ! Тэр үед Иошуа: «Хотын бүх оршин суугчийг алж, хотыг галдан шатаа. Бүгдийг шатаа. Зөвхөн алт, мөнгө, хүрэл, төмрийг үлдээн, Еховагийн асрын эрдэнэсийн санд авчир» хэмээн тушаажээ.

Харин нөгөө хоёр туршуулд: «Рахабын гэрт очоод, түүнийг гэр орныхонтой нь хамт гаргаад ир» гэлээ. Хоёр туршуулын амласан ёсоор Рахаб хамаатан садантайгаа амьд үлджээ.