Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 42

Илжиг ярьсан нь

Илжиг ярьсан нь

ИЛЖИГ ярьдаг гэж чи ер нь дуулсан уу? «Дуулаагүй. Амьтан ярьдаггүй шүү дээ» гэж чи хариулах байх. Харин Библид нэгэн илжиг ярьсан тухай өгүүлдэг. Чухам юу болсныг үзье.

Израильчууд Канаан нутагт бараг дөхөөд ирчихсэн байлаа. Моабын хаан Балак айсандаа, тэднийг хараалгахаар Балаам гэдэг зальтай хүнийг дуудуулжээ. Балак их мөнгө амласан болохоор Балаам илжгээ унаад, түүнтэй уулзахаар гарчээ.

Ехова Балаамаар ард түмнээ хараалгахыг хүсэхгүй байв. Тиймд Балаамыг болиулахын тулд зам дээр нь том илдтэй тэнгэр элч зогсоожээ. Балаам тэнгэр элчийг харахгүй байхад илжиг нь харж байлаа. Тийм учраас илжиг тэнгэр элчээс зайлах гэж баахан оролдоод, эцэст нь зам дээр хэвтээд өгчээ. Балаам дүрсхийн уурлаж, илжгээ саваагаар нүдэж гарав.

Тэгтэл Ехова илжигний ярихыг Балаамд сонсгов. «Би чамд зодуулахаар юу хийсэн юм бэ?» гэж илжиг түүнээс асуув.

— Чи надаар тохуурхаж байна. Хэрэв надад илд байсан бол чамайг дор чинь алах байсан юм гэж Балаам хэлэв.

— Урьд нь би чамд ийм зан гаргаж байсан уу? хэмээн илжиг асуув.

— Үгүй гэж Балаам хариулав.

Яг тэр үед Ехова Балаамд замыг нь хааж зогссон, илдтэй тэнгэр элчийг үзүүлэв. Тэнгэр элч түүнд: «Чи юунд илжгээ зодно вэ? Чамайг тийш нь очуулж, Израилийг хараалгахгүйн тулд би ирж, замыг чинь хаасан юм. Хэрэв илжиг чинь надаас буруулан зайлаагүй бол би чамайг алж, илжгэнд чинь гар хүрэхгүй орхих байсан» гэж хэлжээ.

Балаам хариуд нь: «Би нүгэл үйлдлээ. Таныг зам дээр зогсож байгааг мэдсэнгүй» гэж хэлэв. Тэнгэр элч Балаамыг явуулсанд Балак уруу очихоор цааш явжээ. Тэр Израилийг хараах санаагаа орхисонгүй. Гэсэн ч Ехова түүгээр ард түмнээ гурван удаа ерөөлгөжээ.