Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 40

Мосе хад цохисон нь

Мосе хад цохисон нь

ОН ЖИЛ улирсаар 10, 20, 30, 39 жил өнгөрчээ! Израильчууд цөлд тэнүүчилсээр л байв. Гэвч энэ бүх хугацаанд Ехова ард түмнээ харж хандсаар байлаа. Маннагаар тэжээж, өдөр нь үүлэн багана, шөнө нь галан баганаар тэднийг удирдаж байв. Энэ хугацаанд тэдний хувцас огт элэгдэж урагдаагүй бөгөөд хөл нь ер өвдөөгүй билээ.

Тэгээд Египетээс гарсан цагаасаа хойш 40 дэх жилийн эхний сартай золгожээ. Израильчууд дахиад л Кадешт буудаллав. Энэ бол 40 жилийн өмнө Канаан нутгийг тандуулахаар 12 туршуулыг илгээж байсан тэр газар байлаа. Мосегийн эгч Мириам Кадешт нас баржээ. Энд урьдын адил төвөг учрав.

Израильчууд дусал ч ус олоогүй учир Мосед гомдоллон: «Бид үхсэн бол дээр байж. Чи юунд биднийг Египетээс гаргаж, ургамал ногоогүй энэ ёрын газар авчирсан юм бэ? Энд үр тариа, инжир, усан үзэм, анарын аль нь ч алга. Бүр ус ч алга» гэжээ.

Мосе Аарон хоёр залбирахаар мөргөлийн асарт ирэхэд нь Ехова Мосед: «Ард олныг цуглуул. Тэгээд тэдний нүүрэн дээр хадтай ярь. Хаднаас бүх хүн малд хүрэлцэх ус гарна» гэж хэлэв.

Мосе ард олныг цуглуулаад: «Бурханд итгэдэггүй хүмүүс ээ, сонсогтун! Аарон бид хоёр та нарт энэ хаднаас ус гаргаж өгөх үү?» гэв. Үүний дараа Мосе таягаараа хадыг хоёр удаа цохисонд хаднаас их ус оргилон гарав. Ус, хүн малын аль алинд хүрэлцээтэй байлаа.

Гэвч Ехова, Мосе Аарон хоёрт уурлажээ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Мосе Аарон хоёр хаднаас өөрсдөө ус гаргана гэж хэлсэн шүү дээ. Үнэн хэрэгтээ, Ехова ус гаргасан юм. Мосе Аарон хоёр үнэнийг хэлээгүй учраас Ехова тэднийг шийтгэнэ гэдгээ хэлж: «Та хоёр миний ард түмнийг Канаан уруу авч орохгүй» гэжээ.

Удалгүй израильчууд Кадешаас явав. Тэгээд тэд Хор ууланд хүрч ирэв. Энэ уулын оройд Аарон нас баржээ. Нас барахдаа 123 настай байв. Израильчууд ихэд гашуудан, 30 хоног уйлжээ. Аароны хүү Елеазар Израилийн ард түмний тэргүүн тахилч болов.

Тооллого 20:1–13, 22–29; Дэд хууль 29:5.