Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 49

Нар зогссон нь

Нар зогссон нь

ИОШУАГ хар даа. «Нар аа, зогсооч!» гэж хэлж байна. Нар зогслоо. Нар бүтэн өдрийн турш тэнгэрийн голд тогтов. Энэ гайхамшгийг Ехова үйлджээ! Иошуа нар жаргаахыг хүсээгүйн учрыг олъё.

Канаан нутгийн таван муу хааныг довтлоход гибеончууд Иошуагаас тусламж гуйн элч илгээв. Элч: «Уулархаг нутгийн таван хаан нийлж, зарц нарын тань эсрэг дайтахаар ирлээ. Яаралтай ирж, биднийгээ авраач!» гэж хэлэв.

Иошуа тэр даруй цэрэг аван хөдлөв. Тэд шөнөжин явсаар Гибеонд ирэхэд таван хааны цэргүүд айн зугтав. Тэгтэл Ехова тэнгэрээс том том мөндөр буулгажээ. Мөндөрт цохиулж үхсэн цэргүүд Иошуагийн цэргүүдэд алагдсанаас ч олон байлаа.

Нар удахгүй жаргах болсныг Иошуа анзаарав. Харанхуй болоход таван муу хааны цэргүүд зугтах байв. Тийм учраас Иошуа Еховад залбирсныхаа дараа: «Нар аа, зогсооч!» хэмээн хэлжээ. Нар гийж байх зуур израильчууд бүх дайснаа даржээ.

Канаанд Бурхны ард түмнийг үзэн яддаг өөр олон муу хаан байлаа. Иошуа болон түүний арми зургаа орчим жилийн дотор энэ нутгийн 31 хааныг ялжээ. Эцэст нь Иошуа газар нутаггүй овгуудад Канаан нутгаас хуваарилан олгов.

Олон жил өнгөрч, Иошуа 110 хүрээд нас баржээ. Түүнийг болон анд нөхдийг нь амьд сэрүүн байхад ард олон Еховад дуулгавартай байлаа. Гэвч энэ сайн хүмүүсийг нас барсны дараа израильчууд муу юм хийдэг болж, гай зовлонд унав. Тиймд тэдэнд Бурхны тусламж үнэхээр хэрэгтэй болжээ.