Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 48

Ухаант гибеончууд

Ухаант гибеончууд

КАНААН нутгийн олон хот Израильтай дайтахад бэлэн болсон байлаа. Тэд ялна гэдэгтээ итгэлтэй байв. Харин хөрш зэргэлдээх Гибеон хотын оршин суугчид тэгж бодохгүй байлаа. Бурхан израильчуудад тусалдаг гэдэгт тэд итгэж байсан болохоор Бурхны эсрэг тэмцэхийг хүсээгүй юм. Тэгвэл тэр гибеончууд яасан бэ?

Тэд алс холын нутагт суудаг болж харагдахаар шийдэв. Урагдаж ноорсон хувцас, элэгдэж хуучирсан шаахай өмсөж, илжгэндээ хуучин богц тохон, хатсан талх авчээ. Тэгээд Иошуа дээр хүрч ирээд: «Бид танай агуу Бурхан Еховагийн тухай сонсоод алс холын нутгаас ирлээ. Египетэд та нарын төлөө түүний хийсэн бүхнийг бид дуулсан. Тийм учраас манай удирдагчид биднийг замын хүнсээ аваад, та нар дээр очиж: „Бид танай боолууд билээ. Бидний эсрэг дайтахгүй гэдгээ амлана уу“ гэж гуйлгахаар нааш нь явууллаа. Замын уртад хувцас маань элэгдэж, талх маань хатсаныг та нар үзэгтүн» хэмээн өчив.

Иошуа болон Израилийн бусад удирдагч гибеончуудад итгэв. Тэгээд тэдний эсрэг дайтахгүй гэдгээ амлажээ. Гэвч тэд гибеончуудыг өөрсдөөс нь тун холгүй суудгийг гурван өдрийн дараа мэджээ.

— Та нар юунд алс нутгаас ирлээ гэж хэлсэн юм бэ? хэмээн Иошуаг асуухад,

«Танай Ехова Бурхан Канаан нутгийг та нарт өгнө гэснийг бид дуулсан учраас ингэсэн юм. Та бүхэнд алуулах байх гэж айсан билээ» гэж хариулав. Израильчууд амласнаа биелүүлж, гибеончуудыг устгаагүй юм. Оронд нь тэднийг зарцаа болгожээ.

Гибеончууд Израильтай эв найрамдалтай болсонд Иерусалим хотын хаан хилэгнэн уурлажээ. Тиймд тэр өөр дөрвөн хаанаас: «Ирж, гибеончуудтай тулалдахад минь туслаач» гэж гуйв. Тэгээд энэ таван хаан гибеончуудтай байлдахаар аян дайнд мордов. Хэрэв гибеончууд Израильтай эв найрамдалтай болсон нь эдгээр хаантай дайтахад хүргэсэн юм бол энэ нь мэргэн ухаалаг хэрэг мөн байж уу? Дараа үзье.