Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 41

Хүрэл могой

Хүрэл могой

ШОНГ ороосон могой жинхэнэ могой мөн үү? Биш ээ, хүрэл могой байна. Энэ могойг шонд өлгөхийг Ехова Мосед тушаажээ. Хүмүүс тэр могойг хараад амьд үлдэх байв. Харин газраар мөлхөж яваа нь жинхэнэ могойнууд ажээ. Хүмүүс энэ могойнуудад хатгуулахлаараа өвчин тусдаг. Яагаад ийм болсныг чи мэдэх үү?

Израильчууд Бурхан Мосе хоёрыг эсэргүүцсэнээс болжээ. Тэд: «Чи юунд биднийг Египетээс гарган, энэ цөлд авчирч алах гэв? Энд идэж уух юу ч алга. Манна идсээр залхлаа» хэмээн гомдолложээ.

Үнэндээ, манна бол амттай хоол юм. Ехова үүнийг гайхамшгаар өгсөн билээ. Мөн тэдэнд гайхамшгаар ус гаргаж өгсөн. Гэтэл өөрсдөд нь санаа тавьсны төлөө ард түмэн Бурханд талархсангүй. Тийм учраас Ехова израильчуудыг шийтгэн, хорт могой илгээсэн аж. Могойнууд тэднийг хатгаж, олон хүн үхжээ.

Эцэст нь ард олон Мосе дээр хүрч ирээд: «Бид Ехова та хоёрыг эсэргүүцэж, нүгэл үйлджээ. Энэ олон могойг зайлуулахыг Еховагаас гуйн залбирч өгөөч» хэмээн гуйжээ.

Мосе тэдний төлөө залбирав. Үүний хариуд Ехова хүрэл могой хийж, шонд ороож бэхлэхийг Мосед тушаав. Харин могойд хатгуулсан хүн болгон тэр хүрэл могой уруу харах ёстой байлаа. Мосе Бурхны хэлсэн ёсоор хийв. Тэгээд могойд хатгуулсан хүмүүс хүрэл могой уруу хараад эдгэж байлаа.

Үүнээс сургамж авч болно. Бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар могойд хатгуулсан израиль хүмүүстэй адил бөгөөд эрт орой хэзээ боловч үхдэг. Эргэн тойрноо сайн ажвал хүмүүс хөгширч, өвдөж, үхдэгийг чи харна. Анхны хос Адам Ева хоёр Еховагаас нүүр буруулсан, бас бид бүгдээрээ тэдний үр хүүхэд учраас ингэдэг юм. Гэвч Ехова бидэнд мөнх амьдрах боломж олгосон билээ.

Ехова Хүү Есүс Христээ дэлхий уруу илгээсэн. Олон хүн Есүсийг муу хүн гэж үзсэн учраас түүнийг шонд хадаж алсан. Гэвч Ехова биднийг аврахын тулд Есүсийг үхүүлсэн билээ. Хэрэв бид түүн уруу харах буюу араас нь дагавал мөнх амьдарч болно. Дараа бид энэ талаар ихийг мэдэж авна.