Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 34

Шинэ хоол

Шинэ хоол

ИЗРАИЛЬЧУУД газраас юу түүж байгааг чи мэдэх үү? Харахад хяруу юм уу гэлтэй. Цагаан өнгөтэй, жижигхэн, бутархай. Гэхдээ энэ бол хяруу биш, харин идэх юм ажээ.

Израильчууд Египетээс гарсаар сар шахуу болжээ. Энэ хугацаанд тэд эзгүй цөлд байсаар байв. Цөлд хүнсэнд хэрэглэх ногоо бага учир тэд: «Ехова биднийг Египетэд байхад үхүүлчихгүй яав даа. Тэнд бид ядаж л хүссэн хоолоо иддэг байсан шүү дээ» хэмээн гомдолложээ.

Тэгэхэд нь Ехова: «Би та нарт хоол хүнсийг тэнгэрээс бороо мэт оруулж өгье» гэж хэлээд ийм нэг юм хийжээ. Маргааш өглөө нь израильчууд газар унасан цагаан юмыг үзээд: «Энэ чинь юу вэ?» хэмээн бие биеэсээ гайхан асууцгаав.

Мосе: «Энэ бол Еховагийн өгсөн хоол» гэж хэлэв. Хүмүүс түүнийг МАННА гэж нэрлэлээ. Амт нь зөгийн балтай боов шиг байв.

«Та нар идэх хирээрээ түүж ав» гэж Мосе ард олонд хэлэв. Тэд өглөө бүр манна түүдэг байлаа. Харин нар шарж эхлэхэд газар үлдсэн манна хайлан алга болдог байв.

Мосе: «Маннаг дараагийн өдөр хүртэл үлдээж болохгүй» гэж хэлжээ. Гэтэл зарим хүн түүний үгэнд орсонгүй. Тэгтэл юу болсон гээч. Маргааш болоход, үлдээсэн манна нь өтөж, өмхийрсөн байв!

Долоо хоногийн нэг өдөр хоёр дахин их манна цуглуулж байхыг Ехова ард түмэндээ тушаажээ. Энэ нь зургаа дахь өдөр юм. Долоо дахь өдөр Ехова тэнгэрээс манна оруулахгүй учир тэд хураасан маннаныхаа хагасыг дараагийн өдөрт үлдээх ёстой ажээ. Долоо дахь өдөр болоход, үлдээсэн манна нь өтөж, өмхийрсөнгүй! Энэ нь бас нэгэн гайхамшиг байлаа!

Цөлд байх бүхий л хугацаанд нь Ехова израильчуудыг маннагаар хоолложээ.