Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 38

12 туршуул

12 туршуул

ЭНЭ хоёр хүний дамнуургаар авчирсан жимсийг хараач. Ямар том усан үзмийн хонгорцог вэ! Бас инжир, анар жимсийг хар даа. Энэ сайхан жимснүүдийг хаанаас авчирсан юм бол? Канаан нутгаас авчиржээ. Канаан бол Абрахам Исаак Иаков нарын амьдарч байсан нутаг шүү дээ. Гэхдээ тэнд өлсгөлөн болсон учир Иаков гэр орныхноо аваад Египет уруу нүүсэн билээ. Тэгвэл одоо, 216 жил орчмын дараа Мосе израильчуудыг удирдан, буцаад Канаан уруу явж байна. Тэд цөлийн Кадеш гэдэг нутагт хүрч ирэв.

Канаанд муу хүмүүс амьдардаг байжээ. Тийм учраас Мосе 12 туршуул илгээн: «Тэнд хэдэн хүн амьдардаг, хүмүүс нь аль хир хүч чадалтай юм, газарт нь ургамал ногоо сайн ургадаг уу, үгүй юү гэдгийг мэдэж ир. Ирэхдээ ямар нэгэн жимс заавал авчир» хэмээн тушаажээ.

Туршуулууд Кадешт буцаж ирээд, Мосед: «Үнэхээр сайхан нутаг байна» гэж хэлээд, үүнийгээ баталж хэдэн жимс үзүүлэв. Гэвч 10 туршуул: «Тэндхийн хүмүүс нь аварга том, бас их хүчтэй юм. Хэрэв бид газар нутгийг нь эзэлж авахыг оролдвол амиа алдана» гэж хэлжээ.

Үүнийг сонсоод израильчууд айдаст автав. Тэгээд тэд: «Египетэд ч юм уу, эсвэл энэ цөлд үхсэн нь дээр байж. Хэрэв бид тэдэнтэй тулалдвал амиа алдаж, харин эхнэр хүүхдүүд маань олзлогдоно. Тэгэхлээр Мосегийн оронд шинэ удирдагч сонгон, Египет уруу буцацгаая» хэмээн шуугилджээ.

Гэтэл хоёр туршуул Еховад найдан, ард олныг тайвшруулахыг оролдож байв. Тэр хоёрыг Иошуа, Калеб гэдэг ажээ. Тэд: «Бүү айгтун. Ехова бидэнтэй хамт байгаа болохоор бид тэр газрыг амархан эзэлнэ» гэж хэлжээ. Гэвч ард олон тэдний үгэнд орсонгүй. Тэр ч байтугай, Иошуа Калеб хоёрыг алахыг хүсжээ.

Үүнээс болоод Ехова ихэд уурлан, Мосед: «20 болон түүнээс дээш насны нэг ч хүн Канаан нутагт орохгүй. Тэд Египетэд ч, цөлд ч миний үйлдсэн олон гайхамшгийг үзсэн хирнээ одоо болтол надад итгэхгүй байна. Иймд тэд, сүүлчийн хүн нь үхэж дуустал 40 жилийн турш цөлөөр тэнүүчлэх болно. Зөвхөн Иошуа Калеб хоёр Канаан нутагт орно» гэжээ.