Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 57

Бурхан Давидыг сонгосон нь

Бурхан Давидыг сонгосон нь

ЭНД юу болсныг харж байна уу? Энэ хүү хургыг баавгайнаас аварчээ. Баавгай ирж, хургыг авч яваад идэх гэж байжээ. Харин хүү араас нь очиж, хургыг баавгайн савраас аварсан байна. Баавгайг босоход хүү түүнийг барьж аваад цохитол, үхчихжээ! Бас нэгэн удаа нэг хонийг арслангаас аварчээ. Зоригтой хүү байгаа биз? Түүнийг хэн гэдгийг чи мэдэх үү?

Давид гэдэг. Тэр Бетлехем хотод суудаг байв. Өвөө нь Рут Боаз хоёрын хүү Обед. Чи тэднийг санаж байгаа биз дээ? Давидын аавыг Иесси гэдэг. Давид аавынхаа хонийг хариулдаг байв. Ехова Саулыг хаанаар сонгосноос хойш 10 жилийн дараа Давид төржээ.

Нэгэн өдөр Ехова Самуелд: «Тусгай тос аваад, Бетлехемд байдаг Иессийн гэрт оч. Би түүний хөвгүүдийн нэгийг хаанаар сонгосон» гэж хэлжээ. Самуел Иессийн том хүү Елиабыг хараад, дотроо: «Энэ үнэхээр Еховагийн сонгосон хүн мөн байна» гэж бодов. Гэтэл Ехова: «Елиабын нурууны өндөр, царайны сайхныг битгий хар. Би түүнийг хаанаар сонгоогүй» гэлээ.

Тэгэхлээр нь Иесси, Абинадаб хүүгээ дуудаж, Самуелд авчрав. Гэтэл Самуел: «Ехова түүнийг ч бас сонгоогүй» гэв. Дараа нь Иесси, хүү Шаммагаа авчрав. «Үгүй ээ, Ехова түүнийг ч мөн сонгосонгүй» гэж Самуел хэллээ. Иесси Самуелд долоон хүүгээ авчирсан боловч Ехова хэнийг нь ч сонгосонгүй. «Хөвгүүд чинь бүгдээрээ энэ үү?» гэж Самуел асуув.

«Хамгийн бага нь бас байгаа. Гэхдээ тэр хонио хариулж яваа» гэж Иесси өгүүлэв. Нэг хөөрхөн хүүг Самуел дээр авчирсан нь Давид байлаа. «Энэ бол тэр хүн. Толгой дээр нь тос асга» гэж Ехова хэлэв. Самуел ч тийнхүү хийв. Давид Израилийн хаан ширээнд суух цаг арай болоогүй байна.

1 Самуел 17:34, 35; 16:1–13.