Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 61

Давид хаан болсон нь

Давид хаан болсон нь

САУЛ дахиад л Давидыг барихыг оролдов. Тэгээд хамгийн шилдэг 3 000 цэргээ аваад, Давидыг хайхаар явлаа. Давид үүнийг мэдээд, Саулыг цэргүүдтэйгээ хаана буудалласныг тандуулахаар туршуул явуулав. Дараа нь хоёр цэргээсээ: «Хэн чинь надтай хамт Саулын буудалласан газар уруу явах вэ?» гэж асуусанд,

«Би явъя» гэж Абишаи хариулав. Абишаи бол Давидын эгч Зеруиагийн хүү юм. Саулыг цэргүүдтэйгээ унтаж байх хооронд Давид Абишаи хоёр тэдний буудалласан газар сэмхэн гэтэж ороод, Саулын толгойн яг хажууд байсан жад дашмаг хоёрыг нь авчээ. Бүгд бөх гэгч нь унтсан учир хэн ч тэднийг харсангүй, сонссонгүй.

Давид Абишаи хоёрыг хараач. Тэд буцан явж, уулын орой дээр гараад аюулгүй болсон байна. Давид Израилийн цэргийн жанжин уруу хашгиран: «Абнер аа, та яагаад эзэн хааныгаа хамгаалсангүй вэ? Хааны жад дашмаг хоёр хаана байгааг хар!» гэлээ.

Саул сэрээд, Давидыг дуугаар нь таньж: «Давид аа, чи юү?» гэж асуув. Тээр доор байгаа Саул Абнер хоёрыг харж байна уу?

«Тийм ээ, эзэн хаантан минь» гэж Давид хариулаад: «Юунд та намайг барихыг оролдоно вэ? Би ямар муу юм хийсэн бэ? Энд таны жад байна, хаан минь. Хүн явуулж, үүнийгээ авна уу» гэв.

«Миний буруу байж. Би тэнэг юм хийлээ» гэж Саул буруугаа хүлээжээ. Ингээд тэд салж, Давид замаараа явж, Саул гэртээ харив. Харин Давид дотроо: «Нэг л өдөр Саул намайг алах байх. Филистчүүдийн нутаг уруу зугтахаас өөр арга алга» гэж боджээ. Тэгээд бодсоноороо болов. Давид филистчүүдийг мэхэлж, өөрийгөө тэдний талд орсон гэж итгүүлж чадлаа.

Хэсэг хугацааны дараа филистчүүд Израиль уруу дайлаар мордов. Тулалдаанд Саул Ионатан хоёр алагджээ. Үүнд нь Давид ихэд харамсан гашуудаж: «Ионатан ах минь, би таны төлөө их гашуудаж байна. Та минь наддаа хэчнээн эрхэм байв даа!» гэсэн үгтэй дуу зохиожээ.

Үүний дараа Давид Израилийн Хеброн хот уруу буцав. Тэнд, Саулын хүү Иш-бошетыг хаанаар сонгосон хүмүүс болон Давидыг хаан болгох хүсэлтэй хүмүүсийн хооронд дайн болж байжээ. Эцэст нь Давидын хүмүүс ялав. Давид 30 настайдаа хаан болов. Тэр Хебронд сууж, долоон жил, зургаан сар хаанчилжээ. Амнон Абсалом Адониа гээд зарим хөвгүүн нь тэнд төржээ.

Цаг хугацаа өнгөрсөөр, Давид цэргүүдийнхээ хамт үзэсгэлэнт Иерусалим хотыг эзлэн авахаар хөдөллөө. Давидын эгч Зеруиагийн бас нэг хүү Иоаб энэ дайнд манлайлав. Тэгэхлээр нь Давид Иоабыг шагнаж, цэргийн жанжнаа болгожээ. Давид Иерусалим хотод сууж хаанчлах боллоо.

1 Самуел 26:1–25; 27:1–7; 31:1–6; 2 Самуел 1:26; 3:1–21; 5:1–10; Шастирын дээд 11:1–9.