Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 76

Иерусалим сүйрсэн нь

Иерусалим сүйрсэн нь

НЕБУХАДНЕЗАР хаан хамгийн эрдэм мэдлэгтэй израильчуудыг Вавилонд авчирснаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Харин одоо юу болж байгааг хар даа! Иерусалим шатаж байна. Амьд үлдсэн израильчууд Вавилонд олзлогджээ.

Хүмүүс муу замаа өөрчлөхгүй бол юу болохыг Еховагийн зөнчид сануулж байсан шүү дээ. Гэвч израильчууд зөнчдийн үгэнд ороогүй. Еховаг шүтэхийн оронд хуурамч бурхдыг шүтсээр байсан юм. Тиймээс тэд шийтгүүлэх ёстой. Бид зөнч Езекиелийн номоос израильчуудын хийж байсан муу үйлийн тухай мэддэг билээ.

Езекиел гэж хэн болохыг чи мэдэх үү? Иерусалимыг бүрмөсөн сүйрэхээс 10 гаруй жилийн өмнө Небухаднезар хааны аваачсан залуусын нэг юм. Даниел ба түүний гурван найз Шадрах Мешах Абед-него нарыг ч мөн тэр үед Вавилонд аваачсан билээ.

Езекиелийг Вавилонд байхад Ехова түүнд Иерусалимын сүмд болж байгаа муу явдлыг үзүүлжээ. Ехова үүнийг гайхамшгаар хийв. Езекиел өөрөө Вавилонд байгаа мөртлөө сүмд болж байгаа бүх үйл явдлыг Еховагийн тусламжтайгаар харж байлаа. Езекиелийн харсан зүйл жигшмээр байв!

«Сүмд хүмүүсийн үйлдэж байгаа жигшүүрт хэргийг харагтун. Ханан дээр могой болон бусад амьтан сийлсэн байгааг хар. Тэдгээрт мөргөж байгаа израильчуудыг хар!» гэж Ехова Езекиелд хэлэв. Езекиел тэр бүгдийг хараад, юу болж байгааг бичиж авлаа.

«Израилийн удирдагчид нууцаар юу хийж байгааг харж байна уу?» гэж Ехова Езекиелээс асуув. Тийм ээ, тэр үүнийг ч бас харж байлаа. Тэнд далан удирдагч байсан бөгөөд бүгд хуурамч бурхдад мөргөж байв. Тэд: «Ехова биднийг хардаггүй. Тэр энэ нутгийг орхисон» гэж хэлж байлаа.

Дараа нь Ехова сүмийн хойд хаалганы дэргэд байгаа хэдэн эмэгтэйг Езекиелд үзүүлэв. Тэд Таммуз гэдэг хуурамч бурханд мөргөөд сууж байна гэнэ. Еховагийн сүмийн үүдэнд байгаа 25 орчим хүнийг Езекиел харлаа. Тэд зүүн зүг мэхийн, наранд мөргөж байв!

«Энэ хүмүүс намайг огтхон ч хүндлэхгүй байна. Тэд муу юмаа бүр миний сүмд ирээд хийж байна!» гэж Ехова хэлэв. Тэгээд: «Тэд миний уур хилэнгийн хүчийг амсах болно. Сүйрэх үед нь би тэднийг өрөвдөхгүй» гэж амлав.

Ехова Езекиелд эдгээр зүйлийг үзүүлснээс хойш 3 жил ч болоогүй байтал израильчууд Небухаднезар хааны эсрэг бослого гаргажээ. Небухаднезар тэдэнтэй байлдахаар явлаа. Жил хагасын дараа вавилончууд Иерусалимын хэрмийг нурааж, хотыг үнсэн товрог болтол нь галдан шатаав. Израильчуудын ихэнх нь алагдах буюу Вавилонд олзлогджээ.

Ехова израильчуудыг ийм аймшигтай сүйрэлд өртөхийг яагаад зөвшөөрсөн юм бол? Яагаад гэвэл, тэд Еховад дуулгаваргүй байж, хуулийг нь сахин биелүүлээгүй шүү дээ. Бурхны хэлснийг үргэлж хийх хэчнээн чухал болох нь эндээс харагдаж байна.

Эхэндээ Израилийн нутагт цөөхөн хүн үлджээ. Небухаднезар хаан тэднийг харгалзуулахаар Гедалиа гэгч израиль хүнийг томилсон аж. Гэтэл зарим израильчууд Гедалиаг алчихжээ. Үүнээс болоод вавилончууд ирж, өөрсдийг нь хүйс тэмтэрнэ гэхээс ард олон айж байлаа. Тийм болохоор тэд Иеремиаг хүчээр аваад, Египет уруу зугтжээ.

Израилийн нутагт нэг ч хүн үлдсэнгүй. Тэнд 70 жилийн турш ганц ч хүн аж төрсөнгүй, ханхай хоосон байлаа. Гэвч Ехова ард түмнээ 70 жилийн дараа нутагт нь буцааж авчирна гэж амласан. Энэ хооронд, Вавилоны нутагт очсон Бурхны ард түмэнд юу тохиолдож байгаа бол? Мэдэцгээе.

Хаадын дэд 25:1–26; Иеремиа 29:10; Езекиел 1:1–3; 8:1–18.