Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 63

Мэргэн хаан Соломон

Мэргэн хаан Соломон

СОЛОМОН цэл залуудаа хаан болжээ. Тэр Еховад хайртай, бас эцэг Давидынхаа өгсөн сайн зөвлөгөөг дагадаг байв. Ехова Соломоныг таалсан тул нэгэн шөнө зүүдэнд нь: «Соломон оо, чи надаас юу авмаар байна?» гэж асуужээ.

Тэгэхэд нь Соломон: «Ехова Бурхан минь, би их залуу, яаж захирахаа мэдэхгүй байна. Тийм болохоор, таны ард түмнийг зөв захирах мэргэн ухаан өгөөч» гэж хариулав.

Соломоны хүсэл Еховад таалагджээ. Тиймд: «Чи надаас урт нас юм уу эд баялаг биш, мэргэн ухаан гуйсан учраас би чамд хэнд ч байгаагүй мэргэн ухаан өгье. Бас чиний гуйгаагүй эд баялаг, алдар нэрийг өгье» гэж айлджээ.

Түүнээс хойш удсангүй, бэрх асуудалтай тулгарсан хоёр эмэгтэй Соломон дээр ирэв. Тэдний нэг нь: «Энэ бид хоёр нэг гэрт суудаг юм. Намайг хүү төрүүлснээс хойш гурван өдрийн дараа энэ эмэгтэй бас хүү төрүүлсэн билээ. Тэгтэл нэг шөнө түүний хүүхэд нас барсан юм. Тэгээд тэр намайг унтаж байх хооронд хүүг минь аваад, оронд нь үхсэн хүүхдээ миний өвөрт хийчихсэн байв. Би сэрээд үхсэн хүүхдийг хараад, хүүхдээ биш гэдгийг мэдсэн» гэж ярив.

Тэгтэл нөгөө эмэгтэй: «Үгүй ээ! Амьд хүүхэд минийх, үхсэн нь чинийх!» гэлээ. Эхний эмэгтэй хариуд нь: «Үгүй! Үхсэн хүүхэд чинийх, амьд нь минийх!» гэв. Тэр хоёр тийнхүү маргалдсаар байлаа. Соломон яасан бол?

Сэлэм авчруулаад: «Амьд хүүхдийг хоёр хэсэг хувааж, хоёр эмэгтэйд тал талаар нь өг» хэмээн тушаажээ.

Тэгтэл төрсөн ээж нь: «Битгий!» гэж хашгираад: «Хүүхдийг битгий алаач. Түүнд өг дөө!» гэлээ. Харин нөгөө эмэгтэй: «Хүүг бидний хэнд ч өгөх хэрэггүй. Алив, хоёр хэсэг хуваагаач» гэж хэлэв.

Эцэст нь Соломон: «Хүүхдийг бүү ал! Эхний эмэгтэйд өг. Тэр төрсөн эх нь мөн байна» гэжээ. Учир нь төрсөн ээж нь хүүдээ хачин их хайртай болохоор хүүгээ амьд үлдээхийн тулд нөгөө эмэгтэйд өгөхөд бэлэн байгааг Соломон хараад мэдсэн ажээ. Соломон энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг хүмүүс сонсоод, тийм мэргэн хаантайдаа баярлажээ.

Соломоныг хаанчилж байх үед Бурхан ард түмнээ ивээж, газар шороонд нь улаан буудай, арвай, усан үзэм, инжир гээд олон янзын жимс ногоо арвин ихээр ургуулж өгчээ. Израильчууд сайхан хувцас өмсөж, сайн байшинд суудаг байв. Хүн бүр гачигдах юмгүй элбэг хангалуун байлаа.

Хаадын дээд 3:3–28; 4:29–34.