Skip to content

Гарчиг руу орох

ӨГҮҮЛЛЭГ 56

Саул бол Израилийн анхны хаан

Саул бол Израилийн анхны хаан

САМУЕЛ энэ хүний толгой дээр тос асгаж байгааг хараач. Тэр үед хаанаар сонгосон хүнийг ингэдэг байжээ. Ехова Самуелд Саулын толгой дээр тос асга гэж хэлжээ. Энэ бол анхилуун үнэртэй тусгай тос юм.

Саул өөрийгөө хаан болоход тохирохгүй гэж бодсон тул: «Би Израилийн хамгийн бага Бениамины овгийнх. Та намайг яагаад хаан бол гэж хэлээд байна вэ?» гэж Самуелд хэлэв. Түүнийг айхтар мундаг хүн болох гэж эрмэлзээгүйд нь Ехова дуртай байлаа. Тийм ч учраас Саулыг хаанаар сонгосон юм.

Үнэндээ, Саул ядуу дорой, өчүүхэн хүн биш байлаа. Баян айлаас гаралтай, тун ч царайлаг, өндөр хүн байв. Израилийн аль ч хүнээс тохой өндөр байжээ! Бас их хурдан гүйдэг, маш хүчтэй хүн байлаа. Ехова Саулыг хаанаар сонгосонд ард олон хөөрөн баярлацгаав. Тэд бүгдээрээ: «Хаантан мөнх насалтугай!» гэж хашгиралдаж эхэлжээ.

Израилийн дайснууд урьдын адил хүчтэй хэвээрээ байв. Тэд израильчуудад их гай тарьсаар байлаа. Саулыг хаан болсны дараахан аммончууд израильчууд уруу довтлов. Гэвч Саул их цэрэг цуглуулж, аммончуудыг ялсан. Ард олон Саулыг хаан болон захирч байгаад, баяртай байлаа.

Он жил өнгөрч, израильчууд Саулын удирдлагаар олон дайснаа даржээ. Саул эрэлхэг зоригт Ионатан гэдэг хүүтэй байв. Ионатан ч бас Израилийг дайнд ялахад нь тусалдаг байлаа. Филистчүүд израильчуудын хамгийн заналт дайсан хэвээр байв. Нэгэн удаа Филистийн олон мянган цэрэг израильчуудтай байлдахаар иржээ.

Өөрийг нь ирж, Еховад тахил өргөтөл нь хүлээж байхыг Самуел Саулд захисан байжээ. Гэсэн ч Самуел ирэхгүй удаад байв. Тэгэхлээр нь Саул филистчүүдийг дайн эхлүүлнэ гэж айгаад, өөрөө түрүүлж тахил өргөжээ. Эцэст нь Самуел ирж, дуулгаваргүй байсныг нь Саулд хэлээд: «Ехова өөр хүнийг Израилийн хаан болгоно» гэжээ.

Хожим нь Саул дахиад л үг дуулсангүй. Тиймд Самуел түүнд: «Еховад хамгийн сайн хониор тахил өргөснөөс дуулгавартай байсан нь хавьгүй дээр. Чи Еховад дуулгаваргүй байсан учраас Ехова чамайг Израилийн хаанаар үлдээхгүй» гэлээ.

Энэ явдал бидэнд их сургамжтай юм. Еховад үргэлж дуулгавартай байх нь хэчнээн чухал болохыг эндээс харж болно. Бас хүн Саул шиг сайн байснаа муу болж өөрчлөгдөж болдог нь харагдаж байна. Бид хэзээ ч муу хүн болохыг хүсэхгүй, тийм биз дээ?

1 Самуел 9—11-р бүлэг; 13:5–14; 14:47–52; 15:1–35; 2 Самуел 1:23.